UBLife Logo
Спорт

Цуврал #1 | CS2-ын тамирчдын үндсэн 5 байрлал

Ub.life
Ub.life
Цуврал #1 | CS2-ын тамирчдын үндсэн 5 байрлал

Сүүлийн үед монголчууд Counter-Strike тоглоомыг шимтэн үзэх болсон. Дүрмийг нь сайн ойлгохгүй ч гэсэн Монголынхоо багийг дэмжихийн тулд үзэх хүмүүс цөөнгүй. Тиймээс сонирхогч та бүхэндээ энэхүү тоглоомын дүрэм, өрсөлдөгчөө хэрхэн буулгаж авдгийг тайлбарлахаар бэлтгэлээ. CS2 бол зөвхөн өрсөлдөгчөө онилж, буудаад л болчихдог зүйл биш юм. Бусад багийн спортын адил таван тоглогч болон дасгалжуулагч нь тус бүрийн оноогдсон үүрэг, байрлалтай байдаг. Тухайн байрлал дээр үүргээ хэрхэн гүйцэтгэхээс хамаарч тоглолтод үзүүлэх нөлөөлөл маш чухал. Тэдний үүргийн зохицол нь тактик, тактик нь цаашлаад ялалтыг авчирдаг.

Товчхондоо, тус бүр таван хүнтэй хоёр баг нь террорист болон counter-terrorist буюу тусгай ажиллагааны баг болж хоорондоо өрсөлдөх болно. Тоглолтод нийт таван байрлал байдаг ба зарим тоглогч нь талаа (CT болон Т) солиход өөрчлөгддөг эсвэл хоёроос дээш үүрэг гүйцэтгэдэг байрлалууд бий.

Тухайн байрлалуудыг The MongolZ багийн тоглогчдоор жагсаавал :

1. In the Game Leader (IGL) - bLitz

2. AWPer/Sniper - 910

3. Entry Fragger/ Rifler - cobrazera

4. Support - Techno4k

5. Anchor / Lurker - Mzihno

CS2 –т байрлалын тодорхой гарын авлага гэх зүйл байдаггүй боловч тоглогчдын ихэвчлэн ашигладаг нэршлээр бичлээ.

1.      In the Game Leader (IGL)

Vitality багийн ахлагч apEX

Багийн ахлагч, тоглоомын жанжин гэж хэлж болно. Стратеги төлөвлөгөөг шийддэг, раунд эхлэхээс дуусах хүртэл багийн бусад гишүүдээ удирдах бүрэн боломжтой байрлал юм. Харин мэргэжлийн тоглогч дээр бол ганцхан тоглолтод гэлтгүй бусад үед ч багийн сэтгэлзүйг өргөх, шүүмжлэх болон урам зориг өгөх гэх мэтчилэн үүргээ биелүүлдэг. Тэд маш их эрсдэлийг үүрч шийдвэр гаргадаг нь тоглогч болгоны хийж чадахаар зүйл биш гэдгийг илтгэдэг. Хэрвээ чадварлаг байж чадвал аналист болон бусад тоглогчоос ирэх сайшаал тасардаггүйг  “Монголз багийг хожиход төвөгтэй байлгадаг зүйл бол шатар тоглодог IGL нь” гэж 2024 оны шилдэг тоглогч Донк ярилцлага дээрээ ярьснаар илэрхийдэгдэж байна.

Тэд мап-ийн хаана ч гарч тоглож болдог ба ихэвлэн support, rifler-ийн үүргийг давхар биелүүлдэг.

Нэр хүндтэй тоглогчдоор жишээлбэл:

  • Finn “karrigan” Andersen- FaZe

  • Dan "apEX" Madesclaire- Vitality

  • Gabriel “FalleN” Toledo- FURIA

  • Garidmagnai “bLitz” Baymbsuren- MongolZ

2.      AWPer/Sniper

The Mongolz багийн AWPer - 910

Энэ бол багийн хамгийн өндөр “damage”-тай зэвсгийг барьдаг хүн. Аль болох холын зайнаас нэг сумаар эсрэг багийн тоглогчийг унагаах, бусад тоглогчийг нь барьсан өнцгөөсөө нэвтрүүлэхгүй байлгах зорилготой. Ур чадвартай, хурдан хариу үйлдэлтэй тоглогчид маш үнэ цэнтэй. Учир нь тавхан сумаар бүх өрсөлдөгчөө арчих боломжийг атгаж байдаг нь тоглоомыг маш амархан харагдуулдаг. Тийм ч болохоор highlight бичлэг болгонд орж хүн болгон биширдэг байх.

Тэд AWP –аа авахаасаа өмнө ямар ч буугаар тоглож, ямар ч байрлалын үүргийг гүйцэтгэж болдог. Хамгийн гол хариуцлага нь бол маш үнэтэй зэвсэг авдаг учраас хадгалах, алдахгүй байх гэсэн чухал үүрэгтэй. Энэ байрлал дээр од тоглогчоо тойруулж босгосон олон баг байдаг.

Нэр хүндтэй тоглогчдоор жишээлбэл:

  • Ilya “m0NESY” Osipov - Falcons

  • Dmitriy “sh1ro” Sokolov -Spirit

  • Usukhbayar “910” Banzragch -MongolZ

  • Mathieu "ZywOo" Herbaut- Vitality

3.      Entry Fragger/ Rifler

Spirit багийн Entry Fragger/ Rifler - donk

Хамгийн өндөр үнэтэй тоглогчид энэ байрлалд тоглодог. Хамгийн их нөлөө үзүүлдэг, багаа “чирдэг”, маш сайн механик ур чадвартай хүн байдаг. Раундын стратегийг IGL сонгодог бол тоглолтын хувь заяаг rifler-ийн ур чадвар шийддэг. Аль ч талд байсан байрлалаа сольдоггүйгээрээ онцлогтой. Энэ хүний унагаасан эсрэг талын тоглогч болгон дээр суурилж, тоглолтын статреги боловсруулдаг. Орчин үеийн CS-д шинэ төрлийн hybrid байрлал гарч ирээд байгаа нь AWPer/Rifler гэдэг зүйл. Давхар үүрэг гүйцэтгэх нь ховор бөгөөд үндсэн үүрэг болох хамгаалалтыг сэтлэх, гардан тулаанд ялах нь л гол хариуцлага байдаг.

AWPer –тайгаа адил онцлох тоглолтоороо бичлэгэнд их үзэгддэг бөгөөд ихэвчлэн clutch эсвэл дайсны олон хүнээ унагааж байгаагаар гардаг.

Нэр хүндтэй тоглогчдоор жишээлбэл:

  • Danil “donk” Kryshkovets - Spirit

  • Jonathan “EliGE” Jablonowski - FaZe

  • Mareks “YEKINDAR” Gaļinskis - FURIA

  • Azbayar "Senzu" Munkhbold - The MongolZ

4.      Support

The Mongolz багийн Support/Rifler "Techno4k"

Олон үүрэг гүйцэтгэдэг, багийнхаа бүх гишүүнд туслах үүрэгтэй. Хүсвэл ямар ч байрлал дээр тоглож болдогоороо онцлог. Гэхдээ гол үүрэг нь бомб сайт руу чиглэсэн “хог” хэрэгслээр орох, харах, хамгаалах юм. Санхүүгийн алдагдалтай үед бусдадаа зэвсэг өгөх зарим багт с4-ийн аюулгүй байдлыг хангах бас бомб салгах хэрэгслийг байнга худалдаж авах үүрэгтэй. Support бол CS2-ын Швейцар хутга гэж зүйрлэж болно.

Тэд бусдад тусладаг учраас өөрөө муу “damage”-тэй буу зэвсэг авдаг. Өрсөлдөгчтэйгөө тэр болгон нүүр тулж, байлддаггүй учраас бусдаасаа бага нөлөө үзүүлж буй мэт эсвэл тэр болгон олны хараанд өртдөггүй. Гэхдээ тэд багийн хамгийн чухал багана тулгуур байдаг учраас стратегиа хэрэгжүүлж, rifler тухтай байлдаж, AWPer санхүүдээ санаа зоволгүй, тайван тоглох боломж бүрддэг.

Нэр хүндтэй тоглогчдоор жишээлбэл:

  • Nicholas “nicx” Lee

  • Rasmus “sjuush” Beck

  • Sodbayar “Techno4K” Munkhbold - MongolZ

5.       Anchor / Lurker

Vitality багийн Lurker/Rifler "ropz"

Ихэнх аналитик газрууд тусад нь салгаж бичдэг. Гэхдээ Anchor бол CT талд, Lurker нь Террор талд хэрэгждэг гэж ойлгож болно. Ер нь бол азаа үздэг, тэвчээр шаарддаг байрлалууд юм. Бие биеийхээ эсрэг тулах нь олонтаа бөгөөд хоёулаа л багийн чухал хэсэг бас эсрэг багийнхаа шүдний өвчин байдаг. Anchor –уудийг IGL нь дуудахгүй л бол өөрийн байрлах бомб сайтийг хэзээ ч орхихгүй манаж хамгаалдаг үүрэгтэй. Anchor –ууд rifler–аас дутахгүй ур чадвартай, байршлын өндөр мэдрэмжтэй бөгөөд хариу үйлдэл үзүүлэх хурд сайн учраас цөөн тохиолдолд AWP барьж хамгаалдаг. Харин Lurker–үүд бол “Lone Wolf” гэсэн үг. Хамаг л үймээнийг тарьж бусниулан эсрэг багаа төөрөгдүүлж эсвэл маш чимээгүй гэтэж мэдээлэл цуглуулдаг. Багийнхнаасаа өөр хэсэгт байршлаа эзэлдэг бөгөөд гол зорилго нь хамгаалалт суларсан тал руу дайрч шинэ вариантыг үүсгэдэг. Rifler–ууд энэ байрлал дээр тоглодог ба ур чадвараас гадна айлынхаа үйлдүүдийг таамаглаж хариу үйлдлээ IGL–ээсээ гадуур тооцоолдгоороо онцлогтой.

Anchor нэг л сайтад анхаарлаа хандуулдаг учраас нөгөө сайтад эсрэг баг нь амжилттай нэвтрэхэд ганцаараа үлдэх эсвэл олон тоглогчтой ганцаараа нүүр тулах эрсдэлтэй байдаг бол Lurker бүхэл бүтэн баг шиг бие даасан байдал нь стресс үүсгэдэг бөгөөд үүнээс шалтгаалсан буруу шийдвэр гаргах сул талтай.

Нэр хүндтэй тоглогчдоор жишээлбэл:

  • William “mezii” Merriman - Vitality

  • Robin “ropz” Kool - Vitality

  • Nemanja “huNter-” Kovač - G2

  • Ayush "mzinho" Batbold -The Mongolz

Байрлал болгонд өөр өөрсдийн гялалзах мөч байдаг. Гагцхүү багийн нэгдмэл байдал, хувь тоглогчийн хариуцлага болон багийн сайн стратеги л хожилд хөтөлдөг.

Бэлтгэсэн: Б.Эрдэнэням

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.