Гэрлэлт бол бодит амьдралын эхлэл гэлцдэг. Кино урлаг энэхүү бодит байдлыг гоёчилж ч чадна, мөн огт нуухгүйгээр харуулж ч чаддагаараа гайхалтай билээ. Зарим кино бидэнд хайр ямар байж болохыг харуулдаг бол, зарим нь хайр хэрхэн эвдэрч, ямар шалгууртай нүүр тулж болдгийг ил тод харуулдаг. Хэн нэгэнтэй амьдралаа холбохоосоо өмнө эдгээр кинонуудыг үзэх нь романтик уур амьсгалаас гадна хамтын амьдралын үнэ цэнийг ойлгоход тусална.
1. Gone Girl (2014)

Энэ кино гэрлэлтийн харанхуй талыг хамгийн хүйтэн, аймшигтай байдлаар харуулна. Гаднаа төгс мэт харагдах харилцаа дотроо ямар их худал хуурмаг, сэтгэлзүйн дайн агуулж байдгийг үзүүлдэг. Gone Girl нь “бид бие биенээ үнэхээр мэддэг үү?” гэсэн асуултыг шууд тавьдаг кино.
2. Marriage Story (2019)

Заримдаа зүгээр л ойлголцол үгүй болсноос бүх зүйл эхэлдэг. Marriage Story бол салалт ямар эмзэг, ямар бодит, ямар хүндрэлтэй үйл явц вэ гэдгийг харуулсан кино.
3. Blue Valentine (2010)

Эхлэл ба төгсгөлийг зэрэгцүүлэн харуулдаг энэ кино хайр хэрхэн аажмаар үгүй болж болдгийг харуулна. Хамгийн чимээгүй, хамгийн гунигтай салалтууд хэрхэн бий болдгийг мэдрүүлэх учраас гэрлэлтэд сэтгэл хөдлөлөөс гадна харилцааны тал дээр ямар их арчилгаа шаарддаг вэ гэдгийг сануулна.
4. Revolutionary Road (2008)

Мөрөөдөл, бодит байдал хоёр зөрчилдвөл гэрлэлт тэсдэг үү? Энэ кино “гэр бүлтэй болно” гэдэг нь хүний амьдралын хүсэл, зорилгыг орлох ёсгүй гэдгийг хатуу сануулдаг. Хайр байлаа ч амьдралын чиг баримжаа нийлэхгүй бол юу болдгийг харуулна.
5. Scenes from a Marriage (1973 / 2021)

Энэхүү бүтээл бол гэрлэлтийн сэтгэлзүйн анатоми. Ямар ч гоё чамин зүйлгүйгээр, зөвхөн хоёр хүний яриа, зөрчил, ойртолтоор дамжуулан харилцаа хэрхэн өөрчлөгддөгийг харуулна. Үзсэний дараа та харилцааны үнэнч байдал гэдэг нь зөвхөн урвахгүй байснаар л болчихдог зүйл биш гэдгийг ойлгоно.
6. Before Midnight (2013)

Гурвалсан цувралын төгсгөл болох энэ кино бодит амьдрал дээрх урт хугацааны харилцааг яг л толь шиг тусгана. Хайр байсаар атал ядралт, урам хугарал, дутуу сонсох байдал хэрхэн хуримтлагддагийг харуулна. Гэрлэлт бол романтик яриа биш, өдөр тутмын яриа гэдгийг ойлгуулдаг.
7. The Story of Us (1999)

Энгийн мэт харагдах хэрнээ гэр бүлийн амьдралын маш бодит асуудлуудыг хөндсөн кино. Том асуудал биш, харин хуримтлагдсан жижиг зүйлс харилцааг хэрхэн эвддэгийг харуулна. “Бид яагаад ийм болчихов?” гэсэн асуултын хариуг өгдөг.
8. Her (2013)

Энэ кино зөвхөн технологийн тухай биш, харин ганцаардлын тухай. Хайртай хүнтэйгээ хамт байж байгаа мөртлөө ганцаарддаг мэдрэмж гэрлэлтийн үед ч тохиолдож болдгийг сануулна. Сэтгэл хөдлөлийн холбоо гэдэг зүйл ямар чухал вэ гэдгийг ойлгоход тусална.
9. A Separation (2011)

Иран кино боловч бүх соёлд хамаарах асуултыг тавьдаг. Гэр бүл, ёс суртахуун, үнэн, худал, үүрэг хариуцлага зөрчилдвөл ямар шийдвэр гаргах вэ? Гэрлэлт бол хоёр хүний асуудал биш, нийгэмтэй огтлолцдог харилцаа гэдгийг харуулна.
10. Kramer vs. Kramer (1979)

Эцэг эх, хань ижил байх гэдэг хоёр өөр үүрэг гэдгийг энэ кино тод харуулна. Хайртай байсан ч үүрэг хариуцлагаа хуваалцаж чадахгүй бол юу болдгийг харуулдаг. Гэр бүл гэдэг бол зөвхөн сэтгэл хөдлөл биш, хариуцлагын маш том бүтэц билээ.
11. Closer (2004)

Дөрвөн хүний хооронд өрнөх харилцааг харуулсан тус бүтээлд салалт гэдэг нэг л агшинд болдог үйл явдал биш, удаан хугацаанд хуримтлагдаж, аажмаар болдог зүйл гэдгийг хурц тодоор харуулсан. Энэ кинонд “Бид яагаад салдаг вэ?” гэхээс илүү “Бид яагаад нэгнээ ингэж өвтгөдөг вэ?” гэсэн асуултыг тавьдаг.
