АНУ-ын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн шигшээ баг, "Вашингтон спирит" клубын довтлогч , 23 настай Тринити Родман багтайгаа 2028 оныг дуустал гэрээгээ сунгаж, шинэ гэрээ ёсоор жилийн цалин нь 2.000,000 ам. доллар байхаар болжээ. Мөн дээр нь урамшуулал нэмэгдэх юм.
Ингэснээр Тринити Родман нь дэлхийн хамгийн өндөр цалинтай эмэгтэй хөлбөмбөгчинд тооцогдох боллоо.
Өмнө нь жилийн 1,1 сая долларын цалинтай, дэлхийн аварга Испаний шигшээ болон "Барселона" клубын хагас хамгаалагч, 2023, 2024, 2025 оны "Алтан бөмбөг"-ийн эзэн Айтана Бонмати дэлхийн хамгийн өндөр цалинтай эмэгтэй хөлбөмбөгчинд тооцогдож байсан билээ.
Тринити Родман 2022 оноос АНУ-ын шигшээ багт тоглож эхэлсэн бөгөөд нийт 48 тоглолтод оролцож 12 гоол оруулаад байгаа бөгөөд "Парис-2024" олимпын аварга юм.

Түүний төрсөн эцэг нь НБА-ийн таван удаагийн аварга, 90-ээд онд бужигнуулж явсан, самбарын "хаан" гэгдэж байсан та бидний сайн мэдэх мэргэжлийн сагсан бөмбөгч Деннис Родман ажээ. Гэхдээ Тринити ээжтэйгээ өссөн бөгөөд цуут эцгийнхээ талаар "Магадгүй түүний цус надад байдаг байж болно. Гэхдээ тэр миний аав биш" хэмээн хэлсэн удаатай.
Тринити эцэгтэйгээ адилхан үсээ хурц тод өнгөөр будах дуртай бөгөөд Adidas, Red Bull, Oakley зэрэг брэндтэй хамтран ажилладаг.
Тринити Родман АНУ-ын мэргэжлийн теннисчин Бен Шелтонтой үерхдэг ажээ.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин
