UBLife Logo
Спорт

Венесуэл, МАДУРО, спорт...

Венесуэл, МАДУРО, спорт...

Шинэ 2026 он гарсаар дэлхийг хамгийн их дэлдийлгэсэн үйл явдал бол яах аргагүй Боливарын Бүгд Найрамдах Венесуэл Улсын ерөнхийлөгч Николас Мадурог эхнэрийнх нь хамт АНУ цэргийн тусгай ажиллагаа явуулан баривчлан, эх орноос нь "хулгайлан" авч явсан хэрэг. Энэ талаар мэдээлээгүй хэвлэл мэдээллийн хэрэгсэл, дүн шинжилгээ хийж, үзэл бодлоо илэрхийлээгүй улс төр судлаач, тоймч бараг нэг ч үлдээгүй байх. Тиймээс энэ үйл явдлын талаар дахин дурьдах гэсэнгүй, тэгээд ч би ямар  улс төр, олон улсын харилцаа судлаач биш .

Харин өөртөө "холбоотой" (спорт) зарим нэг зүйлийг дурьдсу.

Венесуэл бол спортын багагүй түүхтэй улс.  1948 оноос Зуны олимпын наадамд, 1998 оноос Өвлийн олимпын наадамд тамирчдаа оролцуулж ирсэн. Венесуэлийн тамирчид Олимпын наадмаас 3 алт, 7 мөнгө, 9 хүрэл, нийтдээ 19 медаль хүртжээ.

Анхны олимпын аварга нь "Мехико-1968" олимпын наадмын боксын 48 кг-ийн жинд алтан медаль хүртсэн Франциско Родригес. Сонирхогчийн боксоор 266 тулаан хийхдээ ердөө 4 удаа л ялагдсан мундаг боксер байжээ.

Ер нь Венесуэлийн ширэн бээлийтнууд дэлхийд муугүй үздэг. Олимпын 19 медалийн зургааг нь буюу хамгийн олон медаль авсан спорт нь бокс. Мөн хөнгөн атлетик , хүндийг өргөлт тус бүр гурав, дугуй, тэквондо тус бүр хоёр медаль авч байсан топ төрлүүд нь.

"Лондон-2012" олимпын туялзуур сэлэмний төрөлд (эр) Рубен Лимардо түрүүлж, 44 жилийн дараа Венесуэлд олимпын хоёр дахь алтан медалийг авчирсан. Лимардо бол дэлхийн АШТ-ээс олон медаль хүртэж байсан алдартай "сэлэмчин".

Харин Венесуэлийн олимпын 3 дахь аварга төрөхийг "Токио-2020" олимпын үеэр яг дэргэдээс нь харж байсан маань тод санагдаж байна. 2021 оны наймдугаар сарын нэгэнд Токиогийн олимпын цэнгэлдэхэд Венесуэлийн алдарт тамирчин Юлимар Рохас эмэгтэйчүүдийн гурвын харайлтаар 15.67 м харайж, Олимпийн болон Дэлхийн рекордыг шинэчилж, Олимпын аварга болж байсан билээ. Мөн Юлимарыг 2022 онд гурав дахиа дэлхийн аварга болоход мөн л хажууд нь байх хувь тохиолдсон юм.

Ер нь Рохас бол Венесуэлийн бүх цаг үеийн хамгийн алдартай, домог болсон тамирчин билээ. Олимпын алт, мөнгөн медальтай, Дэлхийн дөрвөн удаагийн аварга, гурвын харайлтын Дэлхийн рекордыг (15.74 м) эзэмшиж буй бүсгүй шүү дээ. Маш хүнд гэмтэл (ахиллын шөрмөс) аваагүй бол Олимпын хошой аварга болж, Дэлхийд тав дахиа түрүүлэх байсан гэдэгт огтхон ч эргэлздэггүй, миний хувьд.

Өвлийн олимпод венесуэлчууд 1998 оноос оролцсон бөгөөд чарга, уулын цанын төрөлд тамирчид нь өрсөлдөж байв. Удахгүй эхлэх "Милан-Кортина 2026" Өвлийн олимпод ч Венесуэл оролцох юм байна.

Венесуэлд багийн спорт, ялангуяа "бөмбөгтэй" спортын төрлүүд маш өргөн дэлгэрсэн.

Хамгийн алдартай нь бэйсбол. Венесуэлийн Бэйсболын мэргэжлийн лиг нь бүүр 1945 оноос эхэлсэн түүхтэй бөгөөд шигшээ баг нь Дэлхийн цомд гурвантаа түрүүлж байв. Мөн АНУ-ын Major League Basebal -д гэхэд л Венесуэлийн 90 гаруй бэйсболч легионер тоглож буй.

Бэйсболоос гадна хөлбөмбөг, сагсан бөмбөг, волейбол өргөн дэлгэрсэн.

Хөлбөмбөгийн шигшээ нь ФИФА-ийн 2026 оны нэгдүгээр сарын шинэчилсэн чансаагаар дэлхийд 50 дугаарт эрэмбэлэгдэж (2019 онд 25-т бичигдэж байв) байгаа. "Копа Америка-2011" -д хагас шигшээд үлдэж байсан удаатай.

За одоо Николас Мадуро ерөнхийлөгчийн спорттой холбоотой зүйлийг дэлгэе. Тэрбээр хөлбөмбөгийн хорхойтон. Домогт Диего Марадонатай тун сайн анд нөхрийн харилцаатай байсан Мадуро Испанийн "Барселона" багийн фэн, Мессиг шүтэн бишрэгч юм.

"Барса"-ийн логотой бэлтгэлийн хувцсаар нэг бус удаа гангарч байсан. Бэлтгэлийн хувцаст ер нь дуртай нөхөр шиг байгаа юм. Сая Америк руу хулгайлагдаад  онгоцонд явахдаа  "Nike Tech Fleece" загварын саарал өнгийн бэлтгэлийн хувцастай байсан зураг дэлхий даяар цацагдсан.

Тэртээ 12 жилийн өмнө худалдаанд гарч байсан энэ загвар тэр дороо л моодонд эргээд орох нь тэр. Бүүр "Maduro fit" гэсэн нэршилтэй болж, онлайн худалдаанд 500-1000$ (уг нь 140$) хүрч, хоёрхон хоногийн дотор нь энэ загварын тухай 5000 удаа жиргээнд дурьдагдсан гэнэ.

За ингээд өөрийн "мэддэг" Венесуэл, Мадуро, бас спортын тухай хамгийн товчоор өгүүлэхэд ийм болой.

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.