UBLife Logo
Спорт

"Милан-Кортина 2025" наадамд гялалзах Монголын 3 тамирчин

"Милан-Кортина 2025" наадамд гялалзах Монголын 3 тамирчин

"Милан-Кортина 2025" өвлийн олимпын наадам эхлэхэд 9 хоног үлдлээ. Дэлхийн 92 орны 2900 тамирчин 8 спортын 16 төрөлд, 116 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөхөд бэлэн болжээ. Цэнгэлийн манлай олимпын наадамд Монгол Улсыг төлөөлөн гүйлтийн цанын төрөлд Б.Ачбадрах /эрэгтэй/, Э.Ариунтунгалаг /эмэгтэй/, уулын цанын төрлөөр анх удаа А.Ариунбат /эрэгтэй/ нар оролцох эрхээ хангаад байгаа билээ.

Сүүлийн 5 өвлийн олимпод манай улсаас хоёр тамирчин оролцож байсан бол энэ удаад 3 тамирчин өрсөлдөх боллоо. Мөн анх удаа уулын цана гэсэн хүнд төрлөөр олимпын наадамд оролцох гэж байгаа нь түүхэн амжилт юм. Манай шигшээ баг энэ сарын 14-нөөс эхлэн Европ тивийг зорин, Дэлхийн цомын тэмцээнүүдэд орж, олимпын тэмцээн болох газарт нь байрлан, уур амьсгал, цагийн зөрүүнд дасах бэлтгэлээ хийж байна.

Алтанзулын Ариунбат

Үндэсний шигшээ баг, Хилийн 0208 дугаар тусгай салбар Хилчин спорт хорооны тамирчин. 2005 оны 12 дугаар сарын 7-нд төрсөн. Өнгөрсөн 2025 онд Өвлийн олимпын эрхийн болзол биелүүлсэн амжилтаар  “Бөртэ Чоно-2025" наадмын шилдэг тамирчинд нэр дэвшиж байлаа. Тэрээр АНЭУ-ын  Дубай хотын дотор байгууламж дахь цанын баазад зохион байгуулагдсан 4 гараатай олон улсын тэмцээнд 108.18 онооны дунджаар олимпын эрхээ авсан. Цанын удамт гэр бүлд өсөж торнин, таван настайгаасаа цанаар гулгасан залуу.

Монголын уулын цанын холбоо 2022 онд байгуулагдаж, хоёр тамирчинтай гараагаа эхлүүлж байсан бол ийнхүү 3 жилийн дотор олимпод оролцох хэмжээнд хүртлээ ахиц гаргаж чадсан байна. А.Ариунбатын хувьд сүүлийн таван жилд мэргэжлийн түвшинд Өмнөд Солонгосын мэргэжилтэн Чан Ин Суб, шигшээ багийн дасгалжуулагч С.Тэмүүлэнгийн удирдлага дор бэлтгэлээ базаажээ. А.Ариунбат 2022 онд гэрийнхэнтэйгээ “Бээжин-2022” өвлийн олимпыг зурагтаар үзэж суухдаа “Би 2026 онд эрх аваад тэдэнтэй яагаад өрсөлдөж болохгүй гэж” бодож байсан гэдэг. Ингээд 2023 онд уулын цанын гараагаа АНУ-д болсон тэмцээнээр эхэлж байжээ. Ажиллах чадвар сайн, хурд тэсрэлттэй уралддаг. Олимпын наадмын уулын цанын слалом төрөлд өрсөлдөнө.

“Милан-Кортина-2026” өвлийн олимпын зорилгоо тэр олимпын хоёр гарааны замаа амжилттай дуусгах гэж тодорхойллоо.

Батмөнхийн Ачбадрах

Хилчин спорт хорооны тамирчин, Олон улсын хэмжээний мастер, “Пёнчан-2018”, “Бээжин-2022” олимпын наадамд эрхээ аван оролцсон. 1994 оны 12 дугаар сарын 21-нд төрсөн. 2024 оны хоёрдугаар сард болсон ДАШТ-д А зэрэглэлийн тамирчнаар уралдаж 2026 оны олимпын эрхээ биелүүлсэн. Мөн л цанын гэр бүлээс угшилтай. Гүйлтийн цанын “В” зэрэглэлийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн анхны монгол тамирчин. Пёнчаны олимпод 94 дүгээр байрт орж байсан бол Бээжингийн олимпод эрэгтэйчүүдийн 15 км зайг 43:29.9 минутад туулж, 99 тамирчнаас 34-ийг нь ардаа орхин, 65-р байр эзэлсэн амжилттай. Хоёр удаа Олимпын наадамд Монголын багийн тугч хийсэн. Түүний “Бээжин-2022” өвлийн олимпын наадмын нээлтийн ёслолд өмссөн монгол үндэсний хувцас өдгөө Швейцарын Лозанн хот дахь ОУОХ-ны музейд хадгалагдаж байгаа билээ.

2025 онд БНСУ-ын нээлттэй тэмцээнд 15 км, 10 км хоёр зайд уралдаж, түрүүлсэн. ДАШТ-д зургаан удаа оролцсон. Өнгөрсөн 12 дугаар сард “Милан-Кортина 2026” олимпын эрх авсан, дугуйт цанын Азийн цомын хүрэл медаль хүртсэн амжилтаар “Бөртэ Чоно-2025" наадмын шилдэг тамирчинд нэр дэвшсэн. 2014 онд анх шигшээ багт орсон түүний хувьд 2018 онд анх олимпод орохдоо “Улсын минь нэр гарна. Би сайн оролцохгүй бол болохгүй” гэх бодлоор өөртөө дарамт өгөөд амжилт тааруу байсан бол одоо гурав дахь олимподоо оролцох гэж байгаа хашир туршлагатай тамирчин. Өвлийн гурван олимпод оролцох анхны монгол тамирчин. “Милан Кортина 2026” олимпын түүний зорилго “Монголын рекорд болон хувийн рекорд амжилтаа шинэчлэх”.

Энхбаярын Ариунтунгалаг

Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ, Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн Соёл, спортын төвийн дарга, ОУХМ, дэслэгч цолтой. Олимпод уралцах офицер бүсгүй 1997 оны нэгдүгээр сарын 15-нд төрсөн. Багаасаа ээжийг дагаж, 5 настайдаа анх цанаар гулгасан. Ээж нь армийн цэргийн аварга шалгаруулах цэрэгжилтийн спортын нормын гурван төрөлт тэмцээнд оролцдог байсан тамирчин хүн. Э.Ариунтунгалаг багаасаа цэргийн амьдралд дассан тул түүнд бусад тамирчдаас олон давуу тал бий. Маш тэсвэр, хатуужилтай, хэр баргийн зүйлийг даваад гарах чадалтай. Биеийн хөгжил тэргүүн зэрэг, хувь хүний чадамж нь маш өндөр. 2018 онд олимпод уралдах байсан Э.Ариунтунгалаг хувийн шалтгаанаар явж чадаагүй бөгөөд 2022 онд Пёнчаны олимп болсон зам дээр уралдаж, маш том сэргэлт авсан гэдэг. 2018 оны харууслаа тэр дахиж давтахыг огт хүсэхгүй байна.

Олимпын зам дээр цэргийн эрдмээ ашиглаж, уралдах давуу талтай. Биатлоны төрлөөр мөн хичээллэдэг. 2026 оны олимпын зорилгоо тэр нэгэн ярилцлагадаа “Бэлтгэлээ чадлынхаа хэрээр сайн базааж байна. Амжилтаа бага багаар ахиулсаар олимподоо хамгийн сайнаараа оролцохын төлөө хичээх болно. Анхны олимподоо өрсөлдөнө. Энэ хүртэл хичээсэн шалтгаан бол гэр бүл, үр хүүхдүүд минь. Ээж маань өвлийн олимпын цаначин байсан шүү гэдэг бахархлаар хүүхдүүдээ хөглөж, амьдрахыг хүсэж байгаа” гэж тодорхойлсон юм. Ариука Норвег улсад 2025 онд болсон гүйлтийн цанын ДАШТ-ий А ангилалд уралдан, олимпын эрхийн болзлоо биелүүлжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна