UBLife Logo
Дэлхий

Хэрэв дэлхий даяар тог тасарвал юу болох вэ?

Хэрэв дэлхий даяар тог тасарвал юу болох вэ?

Та өглөө бослоо, гар утас чинь цэнэглэгдээгүй байна. Цэнэгтэй ч холбогдох боломжгүй. Тог тасарсан бололтой, гэрэл ассангүй. Халуун ус байхгүй, та өглөөний цайгаа ууж чадсангүй. Ойрхон дэлгүүр ороод цайгаа ууя гэтэл хаалттай байна. Манай дүүрэг тэр чигээрээ тоггүй болсон бололтой. Хэзээ ирэх юм бол? Тог тасарсаар дадал болсон орны иргэдийн толгойд айдас төрөхгүй.  

Ингээд дэлхий даяараа тоггүй болбол юу болохыг төсөөлөөд үзье. Цахилгаан тасарснаас дэлхий сөнөж байгаа талаар ном, кино бараг байхгүй. Ихэнхдээ цөмийн дайн, халдварт өвчин, байгалийн гамшиг дурдсан байдаг. Дэлхий тэр чигээрээ тоггүй болох хоёр боломжит шалтгаан бий. Үүнд, цахилгаан хангамжийн сүлжээ тэр чигээрээ зэрэг бүрэн устах. Мөн маш хүчтэй цахилгаан соронзон доголдол үүсэх. Магадлал бага ч төсөөлье.

Нэг л биш байгааг эхлээд жолооч нар анзаарна. Гэрлэн дохио ажиллахгүй, цахилгаан галт тэрэг шугамд гарах боломжгүй болжээ. Машины түгжрэл үүсэж, түргэн тусламж, гал команд явах боломжгүй. Угаасаа тэднийг дуудах арга ч байхгүй. Нийтийн тээврийг удирдах, зохицуулах тал дээр асуудал үүснэ.

Эмнэлэгт чухал төхөөрөмжүүд жагсаалаас гарч, эмнэлэг тэр чигээрээ харанхуйд автана. Эхлээд сэхээн амьдруулах тасаг, эрчимт эмчилгээний тасгийн өвчтөнүүд амиа алдаж эхэлнэ. Тэдний амьдралыг тогтоож байсан аппаратурууд цахилгаан генератораар удаан ажиллаж чадахгүй.

Нисэх буудалд тог тасралттай учирсан хүмүүс тун хүнд байдалд орно. Онгоц цахилгаан генераторын тусламжтайгаар бууж чадах ч дахин нисэх боломжгүй. Олон мянган хүн гэрээсээ хол нисэх буудалд хорионд орно. Нисэх компаниуд, диспетчер албаныхан цахилгаангүй бол онгоцны хөдөлгөөнийг удирдаж чадахгүй билээ. Шатахуун дууссан онгоцнууд хаана ч хамаагүй бууж, осол гарна.

Удалгүй хүмүүс цэвэрлэх байгууламж зогссоныг мэдэрнэ. Цахилгаангүйн улмаас цэвэр ус зогсоно. Хоол ундаа яах болж байна? Хийн зуух, плитк ч удахгүй ажлаас гарна. Ямар ч дэлгүүр, ресторанд касс ажиллахгүй, банкны картыг унших аргагүй.

Гэрлээс гадна холбоо, дулаан, явах боломжоо хүн төрөлхтөн алджээ. Радио, телевиз, интернэт ажиллахгүй тул харилцах аргагүй. Харилцаа холбооны төв сүлжээ ажиллахгүй тул том мотор гаргаж ирээд ч ашиггүй. Гар утсаа цэнэглэлээ гээд хиймэл дагуул, сүлжээ хөдлөхгүй байхад ямар ч хэрэггүй эд болон хувирна.

Хот тэр чигээрээ харанхуй болсны улмаас аюулгүй байдал алдагдана. Гэмт хэрэгтнүүдийн гудамжинд гарах цаг. Жирийн иргэд ч хоол хүнс, эм авах гэж хаалтай эмийн сан, дэлгүүрийг тонох болно.

Хүн төрөлхтөн нар, салхины хүчээр эрчим хүч гаргах гэж оролдов ч ихэнх улсад хөгжөөгүй тул цаг их алдана. Хамгийн аймшигтай нь цөмийн цахилгаан станц. Цөмийн станцын реакторыг байнга хөргөж байх шаардлагатай. Цахилгаангүй бол хөргөх аргагүй, ингээд цөмийн дэлбэрэлт.

Хэдэн сар цэвэр усны нөөц, хий, шатахууны үлдэгдэлтэй амь зууж болох ч дараа нь яах ч арга байхгүй. Тиймээс аль болох хотоос гарч, хөдөө уул, ой модонд очихыг бодно. Хөдөө мод түлж, малтай амьдарч байсан хүмүүст тог тасарсан нь нөлөөлөхгүй ч удалгүй тэдний гэрт хэдэн зуун хотын иргэн хүрээд ирэх нь тодорхой. 8,27 тэрбум хүнийг хооллох нөөц үлдэх болов уу, дэлхийд?

Ийм явдал тохиолдохгүй байх техник, технологийн гарцыг хүн төрөлхтөн хайсаар байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна