ОХУ-аас Украины эрчим хүчний объектуудад цохилт өгсний улсаас тус улс эрчим хүчний хомсдолд ороод байна. Нийслэл Киев хотод 710 мянган хэрэглэгч тог цахилгаан, халаалтгүй болсон талаар сүүлийн үед мэдээллэж байгаа. Энэ хүнд хэцүү үед АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хийсэн мэдэгдэл олны анхаарлыг татлаа. Трамп “Одоо яг өвлийн ид хүйтэн болж байна. Би хувийн шугамаар Ерөнхийлөгч Путиныг энэ хүйтний үеэр 7 хоногийн хугацаанд Киев болон Украины бусад хотыг буудахгүй байхыг хүссэн. Путин зөвшөөрсөн” гэж Цагаан Ордонд мэдэгдсэн билээ.
Одоогийн байдлаар ОХУ-ын Засгийн газраас энэ талаар мэдэгдэл хийгээгүй байна. Албан бус мэдээгээр Пүрэв гарагийн 07:00 цагаас эхлэн хоёрдугаар сарын 3 хүртэл Киев хот, Киев мужид цохилт өгч болохгүй, Украины эрчим хүчний объектод халдаж болохгүй гэсэн тушаал гарсан гэнэ.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Х сүлжээнд “Эрчим хүч бол амьдралын үндэс. Энэ хүйтэн үед анхаарал тавьсан АНУ-ын Ерөнхийлөгчид баярлалаа” гэж жиргэсэн байлаа.

Зарим хэвлэл энэ мэдээлэлд итгэхгүй “Өвлийн хүйтэнд эрчим хүчийг устгах нь Путины гарт байгаа тамга хөзөр. Энэ давуу талаа тэр алдахыг хүсэхгүй” гэж байгаа бол нэг хэсэг нь “Украины тал Оросын нефть боловсруулах үйлдвэрт халдахгүй, хариуд нь Орос эрчим хүчний станцыг буудахгүй гэж тохиролцсон бололтой” гэж дүгнэжээ.
Энэ амралтын өдрүүдэд Украинд -25 хэм хүйтэрнэ. Энэ сарын 29-ний байдлаар нийслэл Киевт 454 орон сууцны барилга халаалт, цахилгаангүй байна.
