Монгол Улсын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид энэ сарын 9-24-нд Япон улсын Маэбаши хотын Икуэй их сургуульд хамтарсан бэлтгэлд оролцсон. Японы “Чөлөөт бөх” сэтгүүлийн газраас Б.Мөнх-Эрдэнэтэй уулзан ярилцжээ.
Wrestling Spirits

Монголын шигшээ багийн бэлтгэлд оролцож байгаа Б.Мөнх-Эрдэнэ бол өнгөрсөн жилийн Азийн АШТ-ий хүрэл медальт тамирчин. Энэ жил нэгдүгээр сард болсон Ярыгин Цом тэмцээнд Хойд Солонгосын дэлхийн аварга Хан Чён Соныг цэвэр ялж түрүүлсэн, Монголын ирээдүй болсон залуу. Энэ бэлтгэлийн үеэр гэмтэл авч, бүрэн бэлтгэлд хамрагдаж чадаагүй ч 2026 онд гялалзах тамирчдын нэг гэж бид онцолж байна. Түүнтэй ярилцсанаа хүргэж байна.
-Ярыгин Цомын тэмцээнд Хойд Солонгосын дэлхийн аваргыг цэвэр ялж, шуугиулсан.
-Үнэхээр чадалтай, сайн тамирчин. Өмнө нь таарч барилдаад ялагдаж байсан юм. Тийм болохоор хариугаа авахаар дэвжээнд гарсан. Өрсөлдөгчийн барилдаанд оролгүй, өөрийнхөөрөө барилдаж, ялсан.

-Маш их том итгэл болсон байх даа?
- Тэгсэн шүү. Урьд өмнө өөртөө итгэх итгэл дутагдаад байдаг байсан. Тэр тэмцээнд Оросын бас нэгэн хүчирхэг тамирчныг ялж, итгэл минь улам нэмэгдсэн. Цаашдаа шинэ шинэ амжилт гаргахын төлөө хичээнэ.

-Энэ удаагийн бэлтгэл дээр Хигүчи Рэйтэй барилдаж байсан. Сэтгэгдэл?
-Үнэхээр хүчтэй тамирчин. Маш хурдтай болохоор огт гүйцэхгүй байсан.
-Хигүчиг ялахгүй бол дэлхийд түрүүлэхгүй шүү дээ.
-Бэлтгэл дээр ялагдсан ч жинхэнэ тэмцээн дээр ялна гэж зорих нь их чухал гэж боддог. Бэлтгэл, тэмцээн хоёр өөр. Тэмцээн дээр ялах гэж л дайрна.

-Дөрөвдүгээр сард Кыргызстанд болох Азийн АШТ-ий зорилго?
-Өнгөрсөн жил хүрэл медальтай буцсан болохоор энэ жил алтан медаль зорилго минь.
-Аравдугаар сард болох ДАШТ-д ч таны зорилго мэдээж алтан медаль уу?
-Дэлхийн аваргыг ялсан болохоор дэлхийн аварга болох зорилготой.

- Казүхито Сакай дасгалжуулагчийн талаар?
-Хатуу талдаа ч надад дутагдаж байгаа зүйлс, хөлийн хөдөлгөөн, хариу үйлдэл зэрэг жижигхэн, нарийн ширийн зүйлийг ч нарийвчлан заадаг. Барилдааны бэлтгэл дээр хөлөндөө яасан ч хүргэж болохгүй гэж хэлдэг. Чухал, хэрэгтэй олон зүйл заасан. Дэлхийн аварга болж, ачийг нь хариулах зорилготой.
