UBLife Logo
Спорт

Чөлөөт бөх: ДАШТ, олимпын алинд нь түрүүлэх хэцүү вэ?

Чөлөөт бөх: ДАШТ, олимпын алинд нь түрүүлэх хэцүү вэ?

Өнөөдөр Албанид чөлөөт бөхийн чансааны тэмцээн эхэллээ. Уламжлал ёсоор дэлхийн хүчтэнүүд зодоглоно. Энэхүү тэмцээнд зориулаад чөлөөт бөхийн түүхэнд төрсөн олимпын аваргууд дундаас хэд нь дэлхийн аварга болж чадаагүй вэ гэдгийг эргэн санацгаая.

Зарим бөхийн хорхойтон ДАШТ-ийг Олимпын наадмаас илүү хэцүү тэмцээн тул бөхчүүдийн жинхэнэ чадлыг харуулдаг гэж үздэг. Тэд олимпын наадам бол зар сурталчилгаагаар илүү нэр хүндтэй болсноос биш өрсөлдөөн нь ДАШТ-ээс хавьгүй бага гэж тайлбарладаг билээ. Санал нийлэх зүйл мэдээж байгаа. ДАШТ-д нэг жинд 30, 40 бөх барилддаг бол олимпод 16 бөх оролцоно. 2015 онд Садулаев дэлхийн аварга болоход жинд нь 43 өрсөлдөгч байлаа. 2011 онд Барроуз түрүүлэхэд 45 бөх жинд нь барилдаж байв. 2018 оны Сидаков ч мөн 45 өрсөлдөгчтэй байсан. ДАШТ-ий өрсөлдөөн илүү хүнд гэдэг маргаангүй. Дээр нь хэлэхэд олимпын наадам 4 жилд нэг удаа явагддаг тул аз, ёндоо бас хэрэг болдог билээ. Хэн нэгэн бөх гурван жил ид үедээ байж, Бесик Кудухов шиг дэлхийд 3 жил эзэгнэснээ олимпын жил ямар нэг зүйл нь зөрөөд, болохоо болих үе гардаг. Дэлхийн таван удаагийн аварга Али Алиев ч олимпод түрүүлж үзээгүй. Тэгэхээр олимпын аварга болж чадаагүй дэлхийн аваргууд нь дэлхийн аварга болж чадаагүй олимпын аваргуудаас илүү чанартай гэсэн үг үү? Тэгвэл тоолоод үзье.

Эхлээд ДАШТ-д оролцож үзээгүй олимпын аваргууд: Хасан Гемичи, Сехачи Ишии, Билл Смит, Давид Цимакуридзе, Икэда Мицүо, Терренс Маккэнн, Шелби Уилсон, Дуглас Блюбау, Ёшикацү Ёшида, Ёжиро Үэтакэ, Лу Банах, Кендал Кросс, Ширвани Мурадов, Жамал Отарсултанов, Гейбл Стивсон, Разамбек Жамалов, Магомед Рамазанов. Энэ 17 бөх ДАШТ-д оролцож байсангүй.

Дараа нь ДАШТ-д оролцсон ч түрүүлж чадаагүй олимпын аваргууд: Нийт 38 бөх байгаагаас дурдахад  Вадим Богиев (2, 4, 7-р байр), Намиг Абдуллаев (3 мөнгө, нэг хүрэл, 5, 8, 15, 28-р байр), Мурад Умаханов (4, 5-р байр), Брендон Слэй (5-р байр), Генри Сехудо (31-р байр), Тогрул Асгаров (2, 5-р байр), Котаро Кийока (2, 9-р байр).

Ингээд дэлхийн аварга болж чадаагүй олимпын аварга бөх 55 байгаа юм байна гэдгийг харлаа. 1952-2024 оны хооронд нийт 157 олимпын аварга төрсөн гэхээр 35 хувь нь олимпын аварга гэдгээ баталж чадаагүй байгаа юм. Тэгвэл 1951-2025 онд 475 дэлхийн аварга төрсний 30 хувь нь олимпын аварга болж чадсан байна.

Тэгэхээр дэлхийн хошой, 3 удаагийн аварга бөхчүүд нь олон жил тогтвортой сайн барилдаж, илүү өрсөлдөөн дунд цолоо хамгаалж байснаараа олимпын аваргаас илүү гэж үзлээ ч ямар ч бөхөөс дэлхийн 3 удаагийн аварга болох уу, олимпын аварга болох уу гэвэл олимпыг л сонгох нь гарцаагүй.

ДАШТ өрсөлдөөн илүү гээд олимпын дээр гарах уу гэвэл үгүй. Олимпын аварга бөх хамгийн шилдэг үү гэвэл бас л үгүй гэж хариулна. Бүх юм хоёр талтай.

Төгсгөлд нь нэгэн сонирхолтой баримт хэлэхэд аваргууд нь бүгд дэлхийн аварга байсан цорын ганц олимпын наадам бол 2016 оны Риогийн олимп. Энэ наадмын чөлөөт бөхийн аваргууд бол Хинчегашвили, Рамонов, Яздани, Садулаев, Снайдер, Акгюль. Тэд бүгд ДАШТ-д түрүүлж байсан билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...