Эрэгтэй хүний бүжгийн хөдөлгөөн нь зүгээр нэг ур чадвар бус, биологийн дохио байж болзошгүйг судлаачид онцолж байна. Их Британийн Northumbria University-ийн эрдэмтэд “Male dance moves that catch a woman's eye” буюу “Эмэгтэйчүүдийн харцыг булаадаг эрэгтэй бүжгийн хөдөлгөөнүүд“ нэртэй судалгаагаар эмэгтэйчүүдийн “сайн бүжиглэдэг” хэмээн үнэлсэн эрчүүдийн хөдөлгөөний онцлогийг шинжилжээ.
Судалгааг хэрхэн хийв?
Судлаачид нийт 19 эрэгтэйг энгийн хэмнэлтэй хөгжимд бүжиглүүлж, хөдөлгөөнийг Vicon 3D motion-capture системээр бүртгэжээ. Бүжигчдийн биеийн хэлбэр, царайг нуусан 15 секундын аватар бичлэгүүд бэлтгэсний үндсэн дээр нийт 39 эмэгтэйгээр бүжгийн чанарыг үнэлүүлсэн байна. Ингэснээр гадаад төрхөөс үл хамааран зөвхөн хөдөлгөөний чанарыг дүгнэх боломж бүрдсэн юм.
Ямар хөдөлгөөнүүд хамгийн их таалагдсан бэ?
Эхний шатны шинжилгээгээр 11 хөдөлгөөн эерэг хандлага авжээ. Харин нарийвчилсан шинжилгээгээр дараах гурван гол үзүүлэлт хамгийн чухал нөлөөтэй болох нь тогтоогджээ:
Хүзүү, мөр, их биеийн хөдөлгөөний хэлбэлзэл ба далайц
– Илүү уян, чөлөөтэй, өргөн хөдөлгөөн
Их биеийн хяналттай эрчимтэй хөдөлгөөн
– Тогтвортой атлаа динамик байдал
Баруун өвдөгний хурдтай хөдөлгөөн
– Хөлний идэвхтэй, ритмтэй ажил
Өөрөөр хэлбэл, зөвхөн “савчих” бус, биеийн дээд хэсгийн уян хатан байдал болон хэмнэлтэй өвдөгний хөдөлгөөн эмэгтэйчүүдийн үнэлгээнд чухал нөлөө үзүүлжээ.
Харин ямар хөдөлгөөн муу бүжигчин гэх бодлыг төрүүлснийг энэ бичлэгээс харж болно.
Судлаачдын үзэж буйгаар ийм хөдөлгөөнүүд нь биеийн хүч чадал, эрүүл мэнд, сэргэлэн, эрч хүчтэй байдал зэрэг чанарын дохио байж болохыг үгүйсгэхгүй. Амьтны ертөнцөд эр хүйстэй төрөл зүйлүүд бүжиглэх, өнгө үзэмжээ харуулах замаар хосоо татдагтай адил хүний нийгэмд ч хөдөлгөөн тодорхой дохио дамжуулж болзошгүй гэж тайлбарлажээ.
Сайн бүжиг гэдэг нь заавал нарийн техник биш. Харин биеийн уян хатан, чөлөөтэй хөдөлгөөн, хэмнэлтэй, эрчтэй хөлний ажиллагаа, динамик, өөртөө итгэлтэй биеийн хэлэмж зэрэг нь эмэгтэйчүүдийн нүдэнд илүү тааламжтай харагддаг болохыг уг судалгаа харууллаа.
