UBLife Logo
Дэлхий

Яагаад өвөр монголчууд хятад хүүхдүүдийг үрчлэн авсан бэ?

Яагаад өвөр монголчууд хятад хүүхдүүдийг үрчлэн авсан бэ?

Хятад улсын түүхэнд олон хатуу, ширүүн үйл явдал болж байсан ч хамгийн олон эмгэнэлт явдал ХХ зуунд болж байжээ. Үүнээс хамгийн гашуудалтай нь “Их Үсрэлт”-ийн он жилүүд байлаа. Коммунист намын 1958 онд эхлүүлсэн энэ бодлого Хөх мөрний үер, хойд аймгуудын ган, гачигтай яг давхцаж, 15 сая хүн өлсгөлөнгөөр амиа алдсан билээ. Аав ээжээ алдсан хэдэн зуун мянган өнчин хүүхэд тэр үед Хятадын хот, тосгон, суурингуудаар дүүрсэн гэдэг. Сургууль, асрах газар, эмнэлгээс тэдний төлөө хэчнээн хичээлээ ч эдийн засгийн хямралаас болоод идэх хоол ч өгч чадахгүй байв.

Энэ хүнд хэцүү цагт Бүх Хятадын эмэгтэйчүүдийн холбооны дарга Кан Кэцин Өвөр Монголын тэргүүн Улаанхүүд хандан, өлсгөлөн хүүхдүүдэд зориулан, сүү өгөхийг хүссэн байна. Улаанхүү газар дээр нь байдалтай танилцахаар ирээд ихэд гайхсан гэдэг. Асар том хотын асрах газрууд өлсгөлөн, өнчин хүүхдүүдээр дүүрч, зарим нь нөмрөх хувцасгүй, нүцгэн. Ийм зүйл харсан монгол эр сүү, хоол өгөөд харихыг төвдсөнгүй. Улаанхүү өнчин хүүхдүүдийг Өвөр Монголд аваачиж, малчдад үрчлүүлэх санал гаргалаа. Өнчин хүүхдүүд орох орон, оочих аягатай болохоос гадна гэр бүлтэй болох тул тун мэргэн санаа байв. Мэргэнээс гадна биелүүлэхэд тийм хэцүү байсангүй. Монголчууд эрт дээр үеэс хүүхэд үрчлэх ёс, заншилтай ард түмэн. Ямар ч айлын хүүхдийг гэртээ хонуулна, ад үзэхгүй, адилхан хооллоно.

Улаанхүү

Улаанхүү “Хүүхдүүдийг малчин айлд үрчлүүлэх нь дээр. Монголчууд хүүхдэд дуртай, хайртай. Харин сүүлийн үед манайд хүүхдийн тоо цөөрч байна. Тэгэхээр бид өнчин хүүхдүүдэд төдийгүй тэднийг хүлээж авах малчдыг ч аз жаргалтай болгож байгаа юм. Нэг сумаар хоёр туулай агнах гэж үг бий” гэж хэлжээ.  

Кан Кэцин баяртайгаар хүлээн авч, Хятад даяар хүүхэд үрчлүүлэх ажилд бэлтгэлээ. Шинээр хүүхдийн асрах газар байгуулж, багшаар нь монголчуудыг тавив. Учир нь хүүхдүүд хэл сураад, дараа нь Өвөр Монголд очоод дасаж, зохицох нь хурдан болно гэж тооцоолжээ. 1959 оноос эхлэн Аньхой, Цзянсу, Цжэцзян муж, Шанхай хотоос 3000 өнчин хүүхдийг Өвөр Монголд илгээсэн байна.

Тэдний нэг Хуан Чжиган дараа нь “1400 км кам туулж байж, шинэ гэр бүлтэй болсон. Зарим хүүхэд нэргүй, ханцуйн дээрх тоотой л очиж байлаа” гэж дурсаж байв.

Засгийн газраас энэ ажиллагааг хатуу хянаж байлаа. Нэг гэр бүл нэг л хүүхэд үрчилж авна. Залуу гэр бүл, настай ахмадууд ч хүүхэд авахаар алс холоос ирж байв. Дээр дурдсан Хуан Чжиган 1961 онд өөр таван хүүхдийн хамт Хөвөөт шар хошууны сургуульд элссэн байна. Бүгд 4-5 настай нэг үеийнхэн, анд найзууд тул салах хүсэлгүй. Тэднийг өргөж авахаар хүмүүс ирэхэд тэд зугтаад нуугддаг байжээ. Сургуулийн дэргэдэх эмнэлгийн монгол сувилагч эмэгтэй тэднийг арчилж, хамгаалдаг байв. Өвөл болж, халаалтгүй сургуульд байж болохгүй болох үед тэр монгол сувилагч зургаан хүүхдийг хамтад нь үрчилж авах хүсэлт гаргасан байна. Нөхөр нь тогтмол орлоготой айл тул түүнд зөвшөөрчээ.

Сувилагч эмэгтэй өөрөө хүүхэдгүй, зургаан өргөмөл хүүхдээ тэр 1991 онд нас барах хүртлээ өсгөн, хүмүүжүүлсэн. Нэг хүү нь цэрэгт амиа алдсан ч үлдсэн хэд нь бүгд дээд боловролтой болжээ. Хүүхдүүддээ сайхан монгол нэр өгч, хэзээ ч загнаж зодож байсангүй.

Одоо тэр 3000 хүүхдийн хувь заяаг олж тогтоох боломжгүй ч ихэнх нь сайн сайхан амьдарсан гэсэн мэдээлэл байдаг. БНХАУ-д Өвөр Монголд өргүүлсэн хүүхдүүдийг “Үндэстний хүүхдүүд” гэж нэрлдэдэг байв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...