НҮБ-ын Ерөнхий Ассамблей ОХУ Украинд халдсаны 4 жилийн ойгоор энэ сарын 24-нд “Украин дахь бат бэх энх тайван” нэртэй тогтоолыг хэлэлцлээ. Украин улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг дэмжсэн тус тогтоолыг дэмжих санал хураалтад нийт 107 орны төлөөлөгч оролцжээ.
Тогтоолын эсрэг ОХУ, Беларусь, Буркина-Фасо, Бурунда, Куба, БНАСАУ, Эритреи, Иран, Мали, Нигер, Никарагуа, Судан гэсэн 12 улс санал өглөө. Харин АНУ, Хятад, Энэтхэг тэргүүтэй 51 орон түдгэлзсэний дотор Монгол Улс байлаа.
Энэхүү тогтоолоор Украинд нэн даруй гал зогсоож, олзлогдсон цэргүүдийг солилцон, хууль бусаар барьцаалагдсан иргэдийг суллахыг уриалсан юм. Украины ГХЯ-ны сайд Андрей Сибига “Ийм чухал үед улс орнууд ямар бодлого баримталж байгаагаа тодорхой илэрхийлэх ёстой. Украины хувьд өнөөдөр жирийн нэг санал хураалт биш найз нөхөдтэй, ганцаараа бус гэдгээ мэдэрсэн өдөр байлаа. Бид цаашдаа ч тэмцэнэ” гэж хэлжээ.

АНУ-ын НҮБ дахь төлөөлөгч Тэмми Брюс “АНУ гал нэн даруй зогсоохыг дэмжиж байгаа ч газар нутгийн бүрэн бүтэн байдал гэдэг дээр тусдаа санал асуулга явуулахыг хүссэн. Учир нь одоо энхийн хэлэлцээр явагдаж байгаа үед энэ тогтоол саад учруулах эрсдэлтэй. Гэвч зөвшөөрөөгүй тул бид түдгэлзсэн санал өглөө” гэж сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
