Кино бүр л үзэгчдэд олон төрлийн мэдрэмжийг үлдээдэг. Зарим нь сэрээд удаагүй зүүд шиг бүдэг бадаг, эсвэл хүнд өдрийн дараах нэг аяга халуун цай шиг тайвшруулсан мэдрэмж өгнө. Харин зарим кино бидний өдөр тутамд мэдэрдэг энгийн сэтгэл хөдлөлийг ч огт өөр, үл таних ертөнц шигээр дүрслэн харуулдаг. Тийм бүтээлүүд л ганцаардал, төөрөгдөл, дурсамж зэрэг мэдрэмжийг хүртэл үзэсгэлэнтэй, утга учиртай байж болдгийг сануулдаг.
Ямар нэгэн дүрэм, хэв маягт баригдалгүй бүтээгдсэн 6 киног танилцуулж байна. Эдгээр бүтээлүүдийг бүрэн үзэж дуусгасан хэн бүхэнд зураг авах, зурах, эсвэл ямар нэгэн шинэ зүйл бүтээх хүсэл төрөх нь гарцаагүй.
1. Dreams (1990)
IMDB үнэлгээ: 7.7
Найруулагч: Акира Куросава
Тус кино нь цогц нэг үйл явдал дээр төвлөрдөггүй. Найруулагчийн өөрийн зүүд болон дурсамжаас сэдэвлэсэн 8 хэсэг үйл явдлаас бүрддэг. Хүүхэд нас, байгаль дэлхий, дайн, үхэл, урлаг, хүн төрөлхтний ирээдүй зэрэг 8 сэдвийг дүрсэлдэг.
Киноны кадр бүр яг л уран зураг шиг харагддаг. Байгаль, өнгө, гэрэл гээд л бүх зүйлийг маш төгс шийдэж өгсөн. Удаан өрнөлтэй, зарим үйл явдал нь ойлгомжгүй мэт санагдаж магадгүй ч нүдийг баясгах гайхалтай зураглалтай кино.
2. The Science of Sleep (2006)
IMDB үнэлгээ: 7.2
Найруулагч: Мишель Гондри
The Science of Sleep (2006) буюу "Зүүдний шинжлэх ухаан" нь Францын найруулагч Мишель Гондрийн сюрреалист, романтик , драма төрлийн кино юм. Кинонд бодит байдал болон зүүдний ертөнцийн зааг хэрхэн бүдгэрч болохыг харуулна.
Товч агуулга: Стефан бол төсөөлөх чадвар тун сайтай залуу. Бодит амьдрал дээр өөрийгөө илэрхийлэхдээ тааруухан. Харин зүүдэндээ, төсөөлөлдөө гайхамшигтай хязгааргүй ертөнцийг бүтээж чадах нэгэн. Нэгэн өдөр хөршийн бүсгүйтэйгээ танилцсанаар тэрээр зүүд бодит ертөнцийг ялгахад хүндрэл үүсэж эхэлдэг.
Киноны зүүдний хэсэгт "stop motion" элементүүдийг багтааж өгсөн байдаг. Цаас, даавуу, картон цаас зэрэг бодит материалыг ашиглан анимейшн бүтээсэн нь зүүдний ертөнцийг харуулах төгс шийдэл болжээ.
3. Three Colors Trilogy (1993-1994)
IMDB үнэлгээ: 7.8
Найруулагч: Кшиштоф Кеслёвски
Тус цуврал нь Францын төрийн далбааны цэнхэр, цагаан, улаан өнгөнөөс санаа авч Францын хувьсгалын гол үнэт зүйлс болох эрх чөлөө, тэгш байдал, ахан дүүсийн холбоо гэсэн сэдвүүдийг гурван өөр түүхээр дамжуулан харуулахыг зорьжээ.
Цуврал “Three Colors: Blue”, “Three Colors: White“, “Three Colors: Red“ гэх гурван киноноос бүрддэг. Кино бүрд гурван өөр дүрийн түүхийг, гурван өөр өнгөөр дамжуулан өгүүлнэ.
Three Colors Trilogy нь томоохон үйл явдал гэхээс илүүтэйгээр хүний амьдралд өдөр тутамд тулгарч болох жижиг сонголтууд бидний хувь заяанд хэрхэн нөлөөлж болдог талаар харуулна. Өнгийг чимэглэл биш түүхийн нэг хэсэг болгон ашигладгаараа тун онцгой.
4. Being John Malkovich (1999)
IMDB үнэлгээ: 7.7
Найруулагч: Спайк Жонз
Тус кино нь хэрвээ та өөр хүний тархи руу 15 минутын турш орж чаддаг бол яах вэ гэх сонирхолтой санааг дэвшүүлсэн. Хүүхэлдэйн жүжигчин Крэйг гэх залуу ажил хайж нэгэн хачирхалтай оффист ирдэг. Оффист нэгэн нууцлаг хаалга байх ба хаалгаар ортол Жон Малкович гэх хүний нүдээр ертөнцийг харж, мэдэрч эхэлдэг. Гэвч удалгүй замын хажуугийн хаалт руу шидэгдэн өөрийн биедээ орно. Энэ нь Крэйгийн чадвар биш байлаа. Хүмүүс ч энэ боломжийг алдалгүй олон янзаар бизнес хийж эхэлдэг.
“Being John Malkovich” нь хэрвээ гэх асуултыг туйлд нь хүргэдэг. Хүн өөрийн амьдралдаа сэтгэл хангалуун бус үедээ өөр хэн нэгний амьдралаар амьдрахыг хүсдэг үү? гэх асуултыг ч хөндөөд амждаг. Нэг л үзэхэд маш олон зүйл бодогдуулах кино.
5. Tekkonkinkreet (2006)
IMDB үнэлгээ: 7.5
Найруулагч: Майкл Ариас
“Tekkonkinkreet” бол ижил нэрт манганаас сэдэвлэн бүтээсэн, Японы анимейшний ертөнц дэх хамгийн өвөрмөц, уран сайхны шийдэлтэй бүтээлүүдийн нэг юм. Энэхүү анимэ нь авлига, гэмт хэрэг, эмх замбараагүй байдалд идэгдсэн “Treasure Town” хэмээх хотын амьдралыг өгүүлнэ. Хотын гудамжийг өөрсдийн гэр мэт хамгаалдаг Куро буюу Хар болон Широ буюу Цагаан гэх нэртэй хоёр хүү гэмт бүлэглэлүүдтэй тэмцэн амьдардаг. Гэвч хотод шинэ корпорац нэвтэрч, эрх мэдлийн тэнцвэр өөрчлөгдөхөд тэдний амьдрал төдийгүй нөхөрлөл, дотоод ертөнц нь ч сорилттой нүүр тулгарч эхэлдэг.
Куро ба Широ нь зөвхөн хоёр дүр биш, харин хүний дотор орших эсрэг тэсрэг мөн чанаруудын бэлгэдэл гэж олон хүн үздэг. Нэг нь хамгаалах, тэмцэх зөн совинг илэрхийлдэг бол нөгөө нь гэнэн цайлган, ариун сэтгэлийг төлөөлнө. Тиймээс уг бүтээл нь хотын тухай түүхээс илүүтэйгээр хүний сэтгэл зүй, дотоод тэмцлийн тухай өгүүлдэг. Мөн дүрслэлийн хувьд маш сонирхолтой. Хот амьд биет мэт л харагддаг. Муруй барилгууд, байнга хөдлөх камерын хөдөлгөөн гээд л тэр бүр харагдаад байдаггүй содон зураглалууд маш их.
6. Magnolia (1999)

IMDB үнэлгээ: 8
Найруулагч: Пол Томас Андерсон
“Magnolia” бол орчин үеийн Америкийн кино урлагийн хамгийн нөлөө бүхий, сэтгэл зүйн гүн агуулгатай драм бүтээлүүдийн нэг юм. Кино нь Лос Анжелес хотод амьдарч буй хэд хэдэн хүний амьдралын ердөө нэг өдрийн үйл явдлыг даган өгүүлдэг. Анх харахад хоорондоо огт холбоогүй мэт санагдах эдгээр дүрүүдийн хувь тавилан аажмаар огтлолцож, өнгөрсөн шарх, харамсал, ганцаардал, уучлал зэрэг хүний хамгийн эмзэг мэдрэмжүүдийг хөндсөн томоохон сэтгэл зүйн зураглал болон өрнөнө.
“Magnolia” нь зөвхөн олон хүний түүхийг нэг дор өгүүлэхээс гадна, хүний амьдрал дахь санамсаргүй мэт боловч зайлшгүй холбоотой мөчүүдийг гайхалтайгаар харуулдгаараа онцлог. Тиймээс энэхүү кино нь үзэгчдэд гүн бодрол төрүүлж, удаан хугацаанд мартагдахааргүй сэтгэгдэл үлдээдэг бүтээл юм.\
