БНСУ-ын Соёлын яамнаас ард түмний дунд маргаан үүсгээд байгаа “Perfect Crown” буюу “XXI зууны ханхүүгийн гэргий” драмыг шалгаж эхэллээ. MBC телевизийн тус драмд түүхэн үнэнийг гуйвуулсан хэмээн иргэд хаахыг шаардан, гарын үсэг цуглуулж эхэлсэн. Гарын үсгийн тоо 4 хоногийн дотор 50 мянгад хүрсэн тул Парламент заавал шалгах шаардлага гарсан юм. Хэрэв алдаа гаргасан нь тогтоогдвол тус драмыг бүтээхэд улсаас олгосон санхүүжилтийг буцаан авах болно.
“Perfect Crown” нь Солонгосын креатив контент агентлагийн (KOCCA) 2025 онд улсаас дэмжих төслийн ялагчаар тодорсноосоо хойш олны анхаарлын төвд ороод байсан юм. Өнгөрсөн тавдугаар сарын 21-нд иргэд гомдол гаргаж эхэлсэн тул Соёлын яамнаас тус төсөл яаж тендерт ялсныг мөрдөж эхэлсэн билээ. Шалгалтын эцсийн дүн наймдугаар сард гарна.
Гомдол гарах гол асуудал нь драмын 11 дүгээр ангитай холбоотой. Энэ ангид Хятадын соёл, уламжлалыг солонгос уламжлал мэт танилцуулсан хэсэг гарчээ. Жишээ нь, Хаан ширээнд залах ёслолын үеэр есөн бусин утастай титэм ашигласан нь үнэндээ доод хэргэмийн хүмүүс хэрэглэдэг зүйл байсан гэнэ. Харин Солонгосын хаад ноёд 12 утастай титэм хэрэглэдэг байсан ажээ.

Мөн ордны албатууд уухайлахдаа колони орны уриа хэрэглэсэн, хаад ноёдын хувцсыг буруу хийсэн, Хятадын цайны ёслолыг тэр чигээр нь хуулсан гэх мэт алдаа гарсан байна. Энэ нь хятад зохиолоос хуулсан, БНСУ-ын нэр хүндийг дэлхий дахинд гутааж, төөрөгдөлд оруулсан гэх шүүмжлэлд өртөөд байсан юм.

Энэ бүх шүүмжлэлийн дүнд гол дүрийн жүжигчин Пён У Сок, АйЮ нар ард түмнээсээ хүлцэл өчөөд байгаа.
Эсэргүүцэгч иргэдээс киног яаралтай хаахаас гадна гадаад, дотоод гарч байгаа бүх бичлэгүүдийг нь устгах шаардлага тавьж байна.
2021 онд “Joseon Exorcist” аймшгийн кино мөн түүхэн үнэнийг гуйвуулсан хэргээр хоёр бүлгийн дараа хааж байлаа.
