“Лос Анжелес-2028” олимпын наадмын эрхийн оноо олгох албан ёсны тэмцээнүүд “Улаанбаатар Их дуулга”-гаар эхэлж байна.
Зургаадугаар сарын 19-21-ний өдрүүдээр Улаанбаатар хотын Степпе Аренад болох энэхүү тэмцээнд таван тивийн төлөөлөл 58 улсын 454 тамирчин, 14 жинд хүч сорих юм. Эдгээр бөхчүүдийн дотор 5 олимпын аварга, 24 дэлхийн аварга тамирчин багтаад байна. Мөн олимп, дэлхийн медальтай 62 тамирчин оролцохоор нэрсээ бүртгүүлжээ.
Жин тус бүрийн дэлхийн чансааг тэргүүлж буй 6 тамирчин, түүнчлэн жингийнхээ дэлхийн чансааны эхний арван байрт эрэмблэгдэж байгаа 84 бөх барилдах болно.
Жүдочдын хувьд, олимпын наадамд оролцох мөрөөдөлдөө хүрэх нь тийм ч амархан байдаггүй. Сайтар базаасан бэлтгэл сургуулилалт, урт хугацааны тогтвортой форм, өндөр түвшний дараалсан олон тэмцээнүүдэд амжилттай оролцсоны үр дүнд энэхүү мөрөөдлийн дэвжээндээ гарах эрхээ авдаг билээ.
Энэ нь олон улсын жүдо бөхийн ертөнцөд манай улс ямар өндөр байр суурь эзэлдэг, бас ямар чухал оролцогч тал болохыг бэлхнээ илтгэн харуулсан явдал юм. Монгол улс хүчирхэг жүдочдын эх орон төдийгүй дэлхийн томоохон тэмцээнийг стандартын дагуу өндөр түвшинд зохион байгуулж чадна гэдгээ өнгөрсөн хугацаанд удаа дараа нотлон харуулсан нь дээрх итгэлцлийг бэхжүүлсээр ирсэн.
Энэ удаагийн тэмцээнд Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг албан ёсны тэмцээнүүдэд нэг ч ялагдалгүй байгаа цорын ганц жүдоч болох Японы Харүка Кажү оролцох юм. Үүний сацуу “Токио-2020” олимпын наадмын аварга, дэлхийн аваргын 5 түрүүтэй Абэ Үта, олимп, дэлхийн хошой аварга Лукаш Крпалек, дэлхийн хошой аварга Инал Тасоев, Николоз Шеразадишвили, олимп, дэлхийн аварга Хидаят Хейдаров, Лаша Шавдатуашвили, Зелим Коцоев нарын тэргүүтэй энэ цаг үеийн шилдэг тамирчид хүч сорихоор зэхэж байна.
Сонирхуулахад, 2024 оны дэлхийн болон Азийн аварга, “Парис-2024” олимпын наадмын мөнгөн медальт Бавуудоржийн Баасанхүү 2 жил орчим завсарлаад ахин Олон улсын тэмцээнд оролцох гэж байгаа юм. Мөн 2024 оны дэлхийн аварга, олимпын наадмын мөнгөн медальт Хух Мими 2026 он гарснаар эхний тэмцээндээ барилдахаар хүрэлцэн иржээ.
Монголын жүдо бөхийн холбоо анхлан 2012-2016 онд Нийслэл хотноо ГранПри ангиллын тэмцээнийг амжилттайгаар хүлээн авч байв.
Харин 2022 оноос хойш бид жүдо бөхийн “бага дэлхийн аварга” гэгддэг Их дуулга ангиллын тэмцээний эрхийг авч, 2024 оноос бусад жилүүдэд тогтмол зохион байгуулсаар өдийг хүрээд байгаа юм.
Өнгөрсөн жилийн Улаанбаатар Их дуулга тэмцээнээс манай улсын баг, тамирчид 3 алт, 1 мөнгө, 7 хүрэл, нийт 11 медаль хүртсэн. Харин 2023 онд Монголын бөхчүүд 2 алт, 4 хүрэл, нийт 6 медаль, 2022 онд 2 алт, 4 мөнгө, 5 хүрэл, нийт 11 медальтайгаар оролцсон билээ.
