Ойрх Дорнодод үргэлжилж байгаа дайн, хямрал шинэ шатанд гарах дөхлөө. Ормузын хоолой, Улаан тэнгис, харин одоо Каспийн тэнгис үү? Украин улс хоёр дахь фронт нээв үү гэх зэрэг олон асуулт сүүлийн хэдэн өдөр дэлхийн хэвлэл мэдээллээр хөвөрлөө.
Өнгөрсөн Бямба гарагт Украины арми Каспийн тэнгист Ираны хөлөг онгоцыг буудаж, нэг далайчин алагдаж, нэг нь хүнд шархадлаа. Ираны Засгийн газар Украины Элчин сайдыг дуудан, “Худалдааны хөлөг онгоцонд халдсан нь олон улсын гэмт хэрэг. НҮБ-ын хууль тогтоомжийг зөрчсөн явдал” гэж эсэргүүцэл илэрхийлжээ.
Харин Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский “Бид ОХУ, Ирантай холбоотой зэр зэвсэг зөөж яваа хөлгүүдэд алсын тусгалтай пуужингаар амжилттай цохилт өгч байгаа. Оросууд Иранд хиймэл дагуулын мэдээлэл дамжуулж байна. Оросын мэдээлэл, Ираны цохилт хоёр цаг хугацааны хувьд таараад байгаа” гэж мэдэгдлээ.
Каспийн тэнгис бол Ираны хувьд хамгийн аюулгүй далайн замын нэг. Харьцангуй хаалттай энэ тэнгис ОХУ, Азербайжан, Казахстан, Туркменистан гэсэн Ирантай түнш, эсвэл төвийг сахисан орнуудтай.
Харин энэ замаар Орос, Ираны хооронд дрон, пуужин, зэр зэвсгийн солилцоо, наймаа явагдаж байгаа гэж Украины тал үзэж байгаа юм.
Ираны тал Украинд хариу цохилт өгөх магадлал бага ч тэд Украин улс Ираны дрон, пуужингийн галын зайд байгаа шүү гэдгийг анхааруулсан. Энэ бүс нутагт шинэ фронт үүсэх болгонд дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж, нефть, шатахууны үнийн өсөлтийг дагуулж байгаа билээ. 2026 оны дайн дажнууд урьд өмнөх шиг бүс нутагтаа болоод өнгөрөхгүй, даяарчлагдсан дэлхийн эдийн засгийг сүйрүүлж болно гэдгийг харуулсаар байна.
