Хайх зүйлээ бичнэ үү

12 мин

UB.LIFE-ийн түүхүүд: Цар тахал надад ингэж мэдрэгдсэн №1


Хөл хорио, цар тахал, PCR, "эрсдэлтэй", "эерэг" гэх үгс... Энэ бүхний ард ямар мэдрэмж нуугдаж байна вэ? Хэт их ачаалал дунд халуурч буйгаа ч анзаараагүй цагдаа, албан үүргээ гүйцэтгэж яваад халдвар авсан эмч, хөл хорионы үеэр мөрөөдлөөрөө босгосон кофе шопоо хаах болсон залуу, эрчимт эмчилгээний тасагт "Ямар ч байсан эхийнх нь амийг л аврах юм шүү" гэх үг дуулан ухаангүй шахам хэвтсэн эх... Тэдний туулж, мэдэрч, сэтгэлдээ хадгалж буй үгсийг UB.LIFE-ийн түүхүүдээр дамжуулан танд хүргэж байна. 


“Би ид хөл хорионы үеэр жирэмсэн байсан. Анхны үрээ тээж байсан болохоор гадуур гаралгүй, найз нөхөдтэйгөө ч уулзалгүй явсаар төрсөн. Нөхөр маань залуухан цагдаа. Өглөө гараад л шөнө дунд, заримдаа үүрээр шахуу гэртээ ирдэг. Хөл хорионы үеэр бүгд гэр гэртээ байсан ч нөхөр маань огт амраагүй, чин сэтгэлээсээ ажлаа хийсээр байсан. Шөнө дунд өвдөөд төрөх эмнэлэг явах үед ч нөхөр маань ажилтай байж таарсан болохоор ганцаараа явсан. Одоо охин маань хоёр сар хүрч байна. Заримдаа үнэхээр ингэж цаг наргүй ажиллуулдагт нь төр засагтаа гомдож, жирэмсэн, төрсний дараах баяртай мөчүүдэд хамт байж чадаагүйдээ харамсдаг. Төрөөд нэг сар хүрээгүй байхдаа нөхрөөсөө ковидын халдвар авч бие нэлээдгүй муудаж эрчимт эмчилгээнд орсон. “Аз” болж охиноос илрээгүй. Нөхөртэйгөө хоёулаа “эерэг” гарчихсан болохоор аргагүйн эрхэнд охиноо нагацындаа үлдээж, хоёулаа тусдаа тусгаарлагдсан. Нөхөр маань 2 тун вакцин хийлгэсэн, би жирэмсэн гээд огт хийлгээгүй. Энэ хугацаанд төрсний дараах сэтгэл хямрал ковидтой давхцаад үнэхээр их ганцаардаж, айж, охиндоо халдаах вий, ингэж яваад муудаад охиноо өнчрүүлэх вий гээд л элдвийн зүйл бодогдсон. Эмнэлгийн нөхцөл байдал маш хүнд, өдөр бүр 10, 10 хүн нас барж байхад наадам тэмдэглэнэ, баярлана гэдэг мэдээг хараад маш их гутарч байна. Баярлах хүн байгаа гэж үү? Гудамжинд гараад асуухад л хэн нэгний ойрын хүн өвдсөн, хэн нэгний хайртай хүн нь нас барсан байх вий… 

- Шинэ ээж, 26 настай


  

"Би 2019 онд АШУҮИС-ийг био-анагаах судлаач мэргэжлээр төгссөн. Одоогоор хувийн эмнэлэгт молекул биологич хийж PCR шинжилгээ авч байгаа. Цар тахал гарснаас хойш ажлын ачаалал маш их нэмэгдсэн. Хүмүүс шинжилгээ өгөөд л хариугаа хүлээгээд авчихдаг. Гэтэл энэ хооронд 5-6 үе дамжлагатай маш нарийн төвөгтэй процесс өрнөдөг. Өдөрт дунджаар 200-300, заримдаа 800 хүртэлх сорьцыг ганцаараа шинжлэх болно. Заримдаа ажил дээрээ хонох тохиолдол ч гардаг. Тэгэж явсаар саяхан коронавирусийн халдвар авсан. Ер нь бол ажил дээрээс л авсан байх. Нэг л өдөр хоолой өвдөөд эхлэхээр нь лабораторийн хүйтэн плита доороос хайрснаас боллоо гэтэл улам хүндрээд түргэвчилсэн шинжилгээ өгтөл эерэг гарсан. Халдвар авсан эхний хэд хоног толинд харах тоолонд миний дотор коронавирус байгаа гэж бодохоор их сонин санагддаг байсан шүү. Гэхдээ астра зенека вакцин аль эрт хийлгэчихсэн байсан учраас хөнгөн туссан. Заримдаа шөнө ажлаа тараад явахаар үеийн залуучууд энд тэнд бөөгнөрчихсөн инээлдээд зогсож байдаг. Нэг хэсэг нь энэ өвчнийг дарах гэж хичээгээд, нөгөө хэсэг нь иймэрхүү байдалтай байгааг харахаар их хэцүү санагдана. Дандаа төр засгаас, бусдаас буруу хайхаар өөрсөд рүүгээ нэг өнгийж хараасай гэж бодном."

- Б. Г 23 настай


"Анх 2019 онд инди, жазз, рок гээд ер нь төрөл бүрийн хөгжим сонирхдог хүмүүст зориулсан орон зайг үүсгэе гээд хоёр найз хамтран энэ газрыг нээсэн. Цар тахал гарахаас өмнө “movie night” зэрэг сонирхолтой үйл ажиллагаа их зохиодог байлаа. Одоо бол үйлчлүүлэгчдийн тоо огцом буурсан. Заалаар үйлчлэх боломжгүй болсноос хойш манайх хүргэлт хийж эхэлсэн, одоо ч хийсээр байгаа. Завгүй эсвэл гэрээсээ гарах сонирхолгүй хүмүүст амар байдаг шиг санагдсан. Цар тахлын үед манайх маш их алдагдал хүлээсэн дээ, одоо ч улам л хэцүү болж байна. Өмнөх хөл хориогоор ажиллаагүй хэрнээ түрээсийн төлбөрөө төлсөөр л байсан. Төр засаг аж ахуй нэгжүүдэд ээлтэй шийдвэр нэгийг ч гаргаагүй. Одоо үйлчилгээний байгууллагуудтай хийж байгаа хариуцлагын гэрээ нь ч тэр маш хатуу нөхцөлтэй. Тэртээ тэргүй наадам, сонгуулиа хийж байж халдвар хамгааллын дэглэмээ мөрдөөд ажиллаж байгаа газруудаа яагаад хорьж хавчаад, дээрэлхээд байгааг ойлгохгүй байна. Хэлэх үг ч олдохгүй юм даа."

- "Black Ocean" кофе шопын үүсгэн байгуулагч


“QR кодоор хүргэлт хийнэ гэж эхэлсэн цагаас л үйл ажиллагаанд хүндрэл тулгарч эхэлсэн. Манайх олон улсаас импортоор бараа оруулж ирдэг. Каргоны үнэ 3 дахин нэмэгдлээ гэж байгаа ч үнэндээ бол 4,5 дахин нэмэгдсэн. Бараанууд 4,5 хоноод ирдэг байсан бол одоо доод тал нь 1 сар болж байна. Доод тал нь шүү. Үүнээс удах, сураггүй алга болох ч тохиолдол бий. Бид нар сүүлийн 6 сар гаруй хугацаанд хэрэглэгчдийн захиалсан бараануудын нэмэгдлийг өөрсдөө төлөөд, хасах алдагдалтай ажилласан. Ачаа, агуулахын түрээс, каргоны нэмэгдэл, алдагдал гээд үнэндээ л #тэвчээртасарлаа. Хилээр зөвхөн дарга нар, хахууль өгөгчдийн л бараа орж ирээд бусад нь тас чиг болдог нь үнэндээ л хэцүү байна. Манайхтай хамтарч ажилладаг 2,3 каргоны газар хүртэл үүдээ барьсан. Манайх алдагдалтай ажиллаж чадахгүй болсон тул хэсэгтээ завсарлага авч, үйл ажиллагаагаа зогсоогоод байна. Энэ хэвээрээ байвал ахин нээхгүй л болов уу”

- “OG Store” онлайн дэлгүүрийн үүсгэн байгуулагч Чингүүн


“Би Хан-Уул дүүргийн цагдаагийн ажилтан. 5 хоногийн өмнө гадаа айхтар халдаг өдөр эргүүлд зогсож байтал бие гэнэт л сульдаад газар хэвтээд өгмөөр санагдаж амьсгал давчдаж эхэлсэн юм. Сүүлдээ бүр тэсгэл алдаж ажлаасаа чөлөө авсан. Маргааш нь PCR өгтөл эерэг гаржээ. Би хэдий Астра Зенека хийлгэсэн хэдий ч халдвар авснаа бодохоор ойрд ажлын ачаалал хэд дахин нэмэгдсэнтэй холбоотой болов уу. Уг нь миний бие хэр баргийн өвчинд мэдрэг биш дархлаа сайтай хүн л дээ. Гэтэл ингээд халдвар авснаа бодоход энэ муу вирус жоохон ядрахыг андахгүй ингээд чиний ээлж гэсэн аятай хүрээд ирдэг юм байжээ. Эхний 2, 3 өдөр халуурч биеийн байдал хүндэрсэн. Өрхийн эмч гэрт ирж үзээд эм бичиж өгөөд явсан юм. Бие өвдөөд ирэхээр яг үнэндээ би айж байлаа. Тэгээд эмнэлэг рүү аваад яваач гэсэн хэдий ч эмнэлэгт жирэмсэн эх, хүнд өвчтэй хүмүүс их байгаа болохоор намайг гэртээ байхыг зөвлөсөн. Харин гэртээ байх үедээ охин, нөхөр хоёртоо халдвар өгсөн бололтой. Өөрийгөө мэдсэн дариудаа тусгаарласан хэдий ч охин маань өнөөдрөөс халуураад эхэллээ. Хөнгөн өнгөрөөсэй л гэж залбирч байна. Бага насны хүүхэд учраас вакцин хийлгэх ээлж нь болоогүй байсан юм.”

- Б.А, 44 настай


“Манайх 2 жилийн турш үйл ажиллагаагаа явуулж байна. Нээгээд удалгүй тогтвортой суралцагчидтай болж “давгүй” ажиллаж байсан. Харин ковидын үед танхимын сургалтыг хорьсны улмаас үйл ажиллагаа тасарч, түрээсээ төлөх гэх мэт асуудлууд гарч ирсэн. Засгийн газраас тодорхой хугацааны өмнө шийдвэрээ хэлэлгүй, цагийг нь тулгаж хөл хорио тогтоож байсны улмаас сургалтаа эхлээд хэдхэн хонож байтал ахиад л хаах ёстой болчихож байсан. Үнэхээр хэдэн сараар хөл хорио тогтоохыг мэдсэн бол бид нэг мөсөн хаагаад тухайн үед зарцуулсан хөрөнгөөрөө дараа нь ахин ажиллаж болох л байсан. Ганц хоёр өдөр ажилласан ч тухайн сарынхаа бүтэн түрээсийг төлөх шаардлагатай тул ямар ч ашиггүй, алдагдалтай ажилласан гэхэд болно. Гэхдээ манайх цар тахлын хүнд хэцүү янз бүрийн орчин нөхцөлд байгаа хүмүүсийн дархлааг дэмжих зорилгоор групп нээж, үнэ төлбөргүй йогийн хичээл байршуулж байгаа. Хэн ч өвдөж мэдэх тул та ч бас нэгдэж, хичээллээрэй гэж уриалъя. Цаашид манай йогийн төв 10 хүртлэх хүнтэйгээр, зайгаа бариад сургалтаа орох бүрэн боломжтой атал ийнхүү хориглож байгаа нь үнэндээ хэцүү байна. #Тэвчээртасарлаа”

-  Idok Yoga studio” төвийн үүсгэн байгуулагч Идэрболд


“Би одоо долоон сартай жирэмсэн. Жирэмсэн болохоор Ковидын эсрэг вакцинд хамрагдаагүй. Зургаадугаар сарын эхээр нэгдүгээр хавьтагч болоод түргэвчилсэн тест өгөхөд эхлээд сөрөг гарсан. Нууц үедээ л байсан байх. Маргаашаас нь бие сулбайж, халуурч, хоолой сөөж эхэлсэн. PCR өгөхийн тулд өрхийн эмнэлэгтэй холбогдож, ойрын хавьтал гэдгээр бүртгүүлээд маргааш нь шинжилгээ өгч, хариу гартал дахиад 30 цаг лав хүлээсэн. Энэ хооронд гурван өдөр халуун 38-аас буугаагүй. “Эерэг” гэсэн мэссеж ирэхэд өрхийн эмнэлэгтээ бүртгүүлээд жирэмсэн болохоор хэвтэж эмчлүүлэх шаардлагатай гээд эмнэлгийн хүлээлгэнд оруулсан. Ингээд маргааш шөнө нь 1 цаг өнгөрч байхад тандалтын баг ирж аваад Монголын Үндэсний их сургуульд шинээр нээгдсэн, шинж тэмдэггүй, хөнгөн туссан ээжүүдийг хүлээж авдаг эмнэлэгт авааччихлаа. Машинд суусан ээжүүдийг харахад нэлээн хөнгөн шингэн харагдаж байв. Тэр үед хэд хоног халуураад багахан ханиалгаж эхэлсэн үе. Хүлээж авсан эмч нь “Хүнд хүн хүлээж авахгүй гэж байхад” гээд нэлээд уцаарлангуй овог нэр бүртгэж аваад өвчин намдаагч эм өгч хонуулахад шөнөжин усан хулгана болтлоо хөлөрч, арай гэж өглөөтэй золголоо. Өглөө нь 11 цаг хүртэл ямар ч эмч харагдаагүй. /Олон давхар эмнэлэг болохоор удсан байх/ Арай гэж эмч нар ирлээ, оочирлож зогсоод витамин д, ц, арбидолыг гурван хоног уухаар л өгөв. Бас ЭХО-д харлаа. Тэнд цээж чагнах, даралт үзэх, дусал тариа хийх ямар ч үйлчилгээ байхгүй. Тийм үзлэг хийдэггүй газар болж таарлаа. Энэ хугацаанд миний бие улам муудаж, амьсгал хүндэрч, гүйлгэж, сульдаж өөр эмнэлэг рүү явах хэрэгтэй гэдгээ маш сайн ойлгож байлаа. Ингээд  эмчдээ хэлээд Яармагийн эмнэлэг рүү шилжмээр байна гэдгээ хэлсэн ч тийш зөөвөрлөх албаны унаа олдоогүй тул тэр өдөр дахиад нөгөө газраа хонож, парацетамолоор халуунаа дарах гэж оролдож хонолоо. Маргааш өглөө нь зөөвөрлөх унаа ирнэ гэсэн ч бас л байхгүй байсан тул гэрийнхэндээ хэлж, хувийн унаагаар эмнэлгээс шилжсэн. Бүхэл бүтэн хоёр хоног тэр эмнэлэгт хугацаа алдаж, бие ямар ч тэнхэлгүй болж Яармагийн эмнэлэгт ирсэн. Ингээд эмнэлэгт сахиуртай хэвтэж, дусал тарианд орж, халуунаа дарж авсан ч хоёр уушги битүү хатгаа болоод амьсгалын дутагдалд ороод сэхээний тасаг руу шилжсэн. Шинж тэмдэг илэрснээс хойш 7 хоноход биеийн байдал маш хүнд болсон гэсэн үг л дээ. Амьсгалын аппаратанд орж, гадуур зарагддаг ховор дусал хийлгэж, үхэл сэхэлтэй тэмцэлдэн байж бие маань арай гэж сайжирсан. Одоо бодоход өөрийгөө азтайд л тооцож сууна. Сүүлд сонсох нь ээ, эмч нар “Ямар ч байсан эхийнх нь амийг л аврах гэж үзнэ шүү” гэсэн юм билээ. Азаар эх, ураг хоёул эсэн мэнд байна. Сэхээний тасагт арваад хонохдоо залуу, хөгшин гэлтгүй олон хүн хорвоог орхиж байгааг хараад Ковид ямар аймаар өвчин гэдгийг бие, сэтгэлээрээ мэдэрсэн. Дөнгөж төрсөн эх, жирэмсэн ээж, суурь өвчтэй хөгшчүүл гээд дархлаа султай, өвчинд хурдан “дарлуулах” хүмүүс цар тахлын аймшигтай нөлөөллийг яав ч даахааргүй юм байна гэдгийг ойлгосон. Аймшигт өвчинтэй хамт тэмцэлдсэн эмч, эмнэлгийн ажилтнууд, үргэлж хажууд харж, сахиж, сайн асарсан чамдаа, гэр бүлийнхэндээ, сэтгэлийн дэм өгсөн хамт олон, найз нөхдөдөө чин сэтгэлээсээ баярласнаа илэрхийлье. Эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудаа хараад хайрлах, бахархах, өрөвдөх сэтгэл төрсөн шүү. Үхэл, сэхэлтэй өдөр бүр тэмцэлдэн байгаа тэднийг төр засгаас сайн дэмжээсэй л гэж хүсэж байна. Гэр бүлийнхнээ, ойр дотны хүмүүсээ хайрлан хамгаалж, болж өгвөл олон нийтийн газраар явахгүй байж, цар тахлаас хайртай бүхнээ хамгаалаарай. Эрүүл байх нь бүхнээс илүү жаргал юм даа. Ойр дотны хэн нэгнээ энэ аймшигт өвчнөөр алдсан хэнд бүхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Дэлхий дахинаа сайн цаг удахгүй ирэх болтугай.

Э.Намуун, 31 настай


"Би элэгний хорт хавдартайн дээр астматай юм л даа. Өөрийгөө халдвар авбал авралгүй гэж бодож байлаа. Гэтэл нэг л өдөр цээж бачуураад байхаар нь астма маань л эхэлж байна даа гэж бодон хэдийн хийлгэж заншсан тариагаа хийлгэж аваад өвдөлтөө намдаав. Харин шөнө унтаж байхад нуруу чилж өвдөөд байгаагаа гайхаж 2, 3 хонож байтал шингэн нус гоожиж ханиадны шинж тэмдэг илрэхээр нь тэр дороо PCR өгсөн. Хариу эерэг гаржээ. Намайг эрсдэл өндөртэй гээд шууд л эмнэлэгт хэвтүүлсэн. Харин охины шинжилгээний хариу сөрөг гарав. Бага охин маань саяхан амаржсан. Зээ хүү, охин бид 3 хамт амьдардаг юм. Охины хариу сөрөг хэдий ч халуурч, гүйлгэж бас бөөлжиж байлаа. Нэг ёсондоо охины бие миний биеийн байдлаас ч муу байсан юм. Ингээд 2 дахь удаагаа давтан шинжилгээ өгтөл охины хариу эерэг гарч эмээ, охин, зээ хүү 3 ХӨСҮТ-д хэвтсэн юм. Хүү маань дөнгөж төрсөн нярай, хөхүүл учраас бид хоёртой хэвтэхээс өөр гарцгүй. Эмнэлэгт байх хугацаанд хүүгээс шинжилгээ авч сөрөг гарсаар байлаа. Харин эмнэлгээс гарах дөхөөд иртэл хүү маань ярдаглаад нэг л тухгүй байгааг бид анзаараад дахин шинжилгээ өгтөл эерэг болжээ. Ингээд бид хүүгээ харж хэвтэх шаардлагатай болсон тул хугацаа маань сунаж 21 хоног ХӨСҮТ-д хэвтсэн юм. Одоо бид гурвуулаа эдгэрсэн. Шинэ гарсан гэх мутацлагдсан вирусыг л авчихгүй бол уг нь одоо дархлаа тогтсон байгаа гэж эмч хэлсэн. Үхлээс айж байсан хэдий ч хэдийн нүүр тулаад ард нь гарсан болохоор одоо эмээ нь айхгүй байна.

- А.Р 65 настай

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2023.11.21
Ub.life-ийн түүхүүд | Аз жаргал авчирсан анхны хадгаламжийн түүхүүд
2
2023.07.10
Ub.life-ийн түүхүүд | Наадмын нээлтийг “чимж” буй хүүхэд залуус
3
2023.06.30
UB.LIFE-ийн түүхүүд: Эрчүүд, хөвгүүд сэтгэлийн үгээ дайсан нь
санал болгох
1
7 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
9
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.06.30 64.119.27.173

tiim hetsuu baidald unaa baihgui geed heev neg haychihdag ymar boh zurhtei ym be, bur arai ch dee

0 Хариулах