Мэргэжлийн сүмо бөхийн ёкозүна Хоошёорюү энэ сарын 8-нд эхлэх Кюүшюү башёод барилдах шийдвэр гаргалаа. Тэрээр хоёр башё дараалан голоос нь гарч, өнгөрсөн Намрын тэмцээнд бүтэн барилдаагүй. Ёкозүна болсноосоо хойш 10 тэмцээн өнгөрөхөд нэг ч түрүүлээгүй, тэмцээний голоос гардаг гэх зэргээр шүүмжлүүлж байгаа ч Ёкозүнагийн зөвлөл түүнийг 11 сард заавал барилдах шаардлагагүй, гэмтлээ бүрэн эдгээгээд барилдах хэрэгтэй гэж зөвлөж байсан. Энэ нь түүний багш Тацүнами оякатагийн хэлсэн ёсоор дараагийн барилдах тэмцээнд амжилт гаргахгүй бол зодог тайлна гэсэн үг байлаа.
Хоошёорюү долоон сарын сүүлээр өвдгөндөө хагалгаа хийлгэсэн. Намрын тойргийн барилдаанд оролцож, гаднын дэвжээнд очиж, бэлтгэл хийсэн. Харин хэр формтой байгаа нь тодорхой бус. Тэрээр өглөөний бэлтгэлийн дараа сэтгүүлчдэд “Багштайгаа ярилцаад барилдахаар шийдлээ. Бэлтгэл сайн байгаа. Их догдолж байна” гэж хэлсэн. Ямар ч байсан монгол ёкозүна тун зоригтой шийдвэр гаргалаа.
