Авто, мото спортын ертөнцөд дэлхийд хамгийн алдартай нь болох "Формула-1" уралдааны 2026 оны дэлхийн аваргын нэр тодорхой боллоо. Хэдийгээр энэ жилийн ДАШТ өндөрлөхөд дөрвөн гараа буюу гран-при дутуу байгаа боловч 20 настай Италийн тамирчин, "Мерседес" багийн нисэгч Андреа Кими Антонелли 380 оноотой болсноор үлдсэн дөрвөн тойргийн үр дүн ямраар ч эргэсэн Антонелли дэлхийн аварга цолыг хүртэх болов.
Түүний ард бичигдэж буй "Ред булл"-ийн нисэгч Макс Ферстаппен 261, "Феррари"-ийн нисэгч Льюис Хэмилтон 259 оноотой байгаа болохоор хэн нэг нь үлдсэн дөрвөн гараанд дөрвүүлэнд нь түрүүлж 100 оноо ( "Формула-1" уралдааны гараанд түрүүлэхэд 25 оноо, 2-р байр 18 оноо, 3-р байр 15 оноо, тэгээд 12, 10, 8, 6, 4,2, 1 гэсэн оноогоор эхний 10 байрыг "барьдаг") авсан ч Антонеллиг гүйцэхээргүй боллоо.

Антонелли "Формула-1" авто уралдааны түүхэн дэх хамгийн залуу (20 нас, 2 сар, 7 өдөр) аварга болж буй нь бас бараг "Мөнхийн рекорд" болох байх аа. Өмнөх рекордыг эзэмшиж байсан Себастьян Феттелийн амжилтыг даруй 3 насаар "залуужуулсан" төдийгүй, энэхүү өндөр босготой уралдаанд 18-19 залуучууд тодорч дэлхийн аварга болох бараг боломжгүй билээ.
Тиймээс ч Антонелли ховор рекорд тогтоож, хосгүй түүхийг бичлээ.
Антонелли хамгийн залуудаа байрлал тогтоох уралдаанд түрүүлсэн, гран прид түрүүлсэн, уралдааныг хошуучлагч, хамгийн хурдан тойрог гэх мэт маш олон рекордыг шинэчлэн дэлхийн аварга болж байна.

"Формула-1" уралдаанд шинэ супер од төрлөө гэхэд хэтрүүлэг болохгүй болов уу?!
Антонелли бүүр хүүхэд байхаасаа "Формула-1" -ийн домогт нисэгч Бразилийн Айртон Сеннаг шүтэн биширдэг байсан болохоор уралдааны машиндаа "12" дугаарыг буюу Айртон Сеннагийн дугаарыг авчээ. Уралдааны замд ч Антонелли эргэлт дээр эрс шийдэмгий, хурдтай ордог, тоормосоо хамгийн сүүлчийн хоромд гишгэдэг ч бусад нисэгчидтэй харьцуулбал тоормосоос хөлөө хамгийн түрүүнд сулладаг, нойтон болон тааж, тооцоолоогүй нөхцөл байдалд гарамгай уралддаг гээд олон талаар Айртон Сеннатай төстэй уралддаг. Техникт бус төрөлхийн авьяасандаа эрддэг нисэгчийн зан л даа.
Антонелли Айртон Сенна шиг аугаа нисэгч болох уу гэдгийг цаг хугацаа харуулах бөгөөд асар их хурдны ертөнцөд асар их хурдтайгаар тодорч байна даа.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин
