Сөүлийн гудамж-Чин ван Ханддоржийн өргөө
Өглөөний 10.00 цаг
"Ихэнх хүн эл газрыг хурим найр, хүлээн авалт болдог гэдгээр нь мэддэг. Энэ хавьд амьдарч, ажилладаггүй л бол эл газрын үүдээр алхан орох хүн цөөн байдаг шиг санагддаг" хэмээн зөөгч бүсгүй надтай хуучиллаа.
Энгийн үед ганц нэгээрээ өглөөний цай уухаар эндхийг зорин ирэх хүн ховор аж. Ихэнхдээ албан байгууллага, найз нөхдийн захиалга хүлээн авдаг хэмээн зөөгч хэллээ. Тиймээс тэдний хувьд би гэнэтийн зочин байсан хэрэг. "Өглөөний цай уухыг хүсвэл та ойролцоогоор 30 минут хүлээх нь. Зүгээр үү" хэмээн үйлчлэгч санууллаа.
Миний хувьд хэр удаан хүлээх нь тийм ч чухал биш харин эндхийн гойд сонин өглөөний зоогийг хурдан амтлах юмсан гэхээс тэсэж ядаж суулаа. Зөөгч захиалгаа авч явснаас 20 минутын дараа миний ширээн дээр модон тагштай шаргал сүүтэй цай, тогооноосоо дөнгөж гарсан халуун боорцог, нойтон өрөм ирэв. Өрмөө өөрсдөө хийдэг эсэхийг нь асуувал "үгүй" гэнэ. Боорцгоо хэт амттай болгох гэж хичээгээгүй нь таалагдлаа. Бага зэргийн хөөлгөгч, тос, чихэр орсон яг л гэрийн боорцог. Тиймээс энгийн монгол айлд зочилж буй мэт мэдрэмж төрүүлнэ. Энэ бүгд нийлээд 5000 төгрөг.
Чин ван Ханддоржийн өргөө хоёр хэсгээс бүрдэх том гэр юм. Нэг гэр нь гэхэд л 100 хүн хүлээн авах хүчин чадалтай. Гэрийн хана, тавилга, тооно сэлт гаднын зочдод сонирхолтой санагддаг нь илт. Өдөр бүр 10.00.-00.00 цагийн хооронд ажиллах бөгөөд өглөө, өдөр, оройн хоолны тогтсон цэстэй. Өдрийн хоол нь гэхэд өдөр бүр өөр сонголттой. Жишээ нь өнөөдрийнх цуйван, шөл, цайны иж бүрдэл байв. Иж бүрдлийн үнэ 7800 төгрөг. Хоолны цэс, иж бүрдлээ монгол ахуй, зоогийн газрын орчинтойгоо хослуулж чадсан нь эндхийн хамгийн том онцлог байлаа.
Гэхдээ эндхийн өглөөний цайны тухай л ярьж байгаа шүү дээ, бид. Энэ бол гарцаагүй Улаанбаатар хотын хамгийн шилдэг өглөөний цайны сонголт.