Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Подкаст тойм | Сахиусан тэнгэрүүдийн нууцыг задалж буй Fallen Angel

Хөшигний ардах Victoria’s Secret-ийн бохир нууцууд


Алдарт Victoria’s Secret саяхнаас брэндийнхээ нүүр царайг шинэчилж, топ удирдлагуудтай нь холбоотой таагүй хэргүүд, ажлын орчны хүчирхийлэл, байгууллагын хортой соёл гээд брэндтэй холбогдсон муу нэрнээс салахаар хичээж байна. 

Төгс бие галбиртай сахиусан тэнгэрүүдийн концепцоос бүрмөсөн салж оронд нь эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэхэд анхаарлаа хандуулахаар шийдсэнийг сүүлийн үеийн алхмуудаас нь харж болно. Тухайлбал, хөлбөмбөгийн аварга Меган Рапино, транс модель Валентина Сампайо, цаначин Эйлин Гу, жүжигчин Приянка Чопра Жонас нарыг сонгон diverse нүүр царай бүрдүүлэхийг хичээж буй. Түүнчлэн эмэгтэйчүүдийн хорт хавдрын эсрэг санг үүсгэн, эмэгтэйчүүдийн дуу хоолойг хүргэх зорилготой VS Voices нэртэй подкастыг ч эхлүүлжээ. 

Тэгвэл энэ бүхэнтэй зэрэгцэн Victoria’s Secret-ийн хөшигний ардах өөр нэг амьдралыг дэлгэсэн Fallen Angel нэртэй шинэ баримтат подкаст цацагдлаа. Брэндийнхээ нэр хүндийг эргүүлэн авчрахаар хичээж буй тэдний хувьд бараг л аймшгийн түүхүүд гэсэн үг. 

Энэ подкаст 40 гаруй жилийн турш эмэгтэйчүүдийн гоо үзэсгэлэн, хүсэл тэмүүлэл, тачаангуй байдлын хэмжүүр болж ирсэн Victoria’s Secret брэндийн үүсэл гарлаас эхлээд компанийг 35 жилийн турш удирдсан Лес Векснер гэх эрхэм, түүнтэй олон жил нөхөрлөсөн Жеффри Эпштейнтэй холбоотой хэргүүд зэрэг брэндийн олон олон нууцыг хөнджээ. Түүнчлэн загвар өмсөгчдийг 30А хэмжээтэй хөхний даруулга таарахуйц туранхай байхыг шаарддаг, phentermine гэх жин хасахад тусалдаг эмийг хоолны дэглэмтэй хавсарч хэрэглэдэг, дааврын тарилга хийдэг гэхчлэн төгс гоо үзэсгэлэнг бүрдүүлэхийн тулд Victoria’s Secret сахиусан тэнгэрүүдээс ямар хатуу золиос шаарддаг байсныг эхнийг ангиудаас сонсож болно. 

Victoria’s Secret-ийн бохир нууцууд

Манай гарагийн хамгийн төгс царай, бие галбиртай загвар өмсөгчдийг шалгаруулж брэндийнхээ нүүр царай болгодгоороо алдартай тус брэнд 1995 оноос хойш жил бүр фэшн шоугаа хийж, хамгийн их ашиг орлоготой дотуур хувцасны брэнд гэдгээрээ гайхагдаж байв. Гэвч Victoria’s Secret-ийн хөшигний ардах нууцууд бага багаар илэрч, эцэст нь Me Too хөдөлгөөний нөлөөгөөр 2019 оны арванэгдүгээр сард фэшн шоугаа цуцлахад хүрсэн билээ. 

Брэндийн рейтинг, борлуулалт буурахын зэрэгцээ Victoria’s Secret-ийн толгой компани болох L Brands-ийн гүйцэтгэх захирал Лес Векснер, санхүүч Жеффри Эпштейн нарын олон жилийн нөхөрлөл, компанийн маркетингийг атгаж ирсэн Эдвард Разекийн ааш аяг, хортой соёл гээд олон хүчин зүйл брэндийн уналтад нөлөөлжээ. Лес Векснерийн олон тэрбумын хөрөнгийг зохицуулж ирсэн Жеффри Эпштейн 2019 оны долоодугаар сард хүн худалдаалах гэмт хэргээр баривчлагдаж, наймдугаар сард шоронд амиа егүүтгэсэн нь тухайн үед томоохон дуулиан болж байв. Үүгээр зогсохгүй тэрбээр насанд хүрээгүй хүүхдүүдийг хүчирхийлсэн, биеийг нь үнэлүүлсэн хэрэгт давхар буруутгагдаж байсан юм. 

Харин компанийн топ удирдлагуудын нэг Эдвард Разекийн ёс бус үйлдэл, ааш авирыг сүүлийн жилүүдэд ил, далд ярих болсон. Эд Разек бол Victoria’s Secret-ийн фэшн шоуг амжилтанд хүргэсэн,  загвар өмсөгчдийг сонгож "Сахиусан тэнгэр"-ийн далавчийг олгодог нөлөө бүхий нэгэн байсан. Гэвч нэр, нөлөө нь өсөхийн хэрээр Разек компанид өөрийн соёлыг тогтоож, хэн ч гар хүрэх, үг сөрөх боломжгүй болгосон тухай Victoria’s Secret-ийн хуучин ажилчид, загвар өмсөгчид хэвлэлд ярьсан байдаг. 

Эдвард Разек

Тухайлбал, өнгөрсөн жил Нью-Йорк Таймс Victoria’s Secret-ийн дотоод соёлыг илчилсэн ‘Angels’ in Hell: The Culture of Misogyny Inside Victoria’s Secret хэмээх нийтлэлийг гаргасан. Тус нийтлэлд брэндийн олон нийттэй харилцах албанд ажиллаж байсан Кейси Кроу Тэйлор хэмээх эмэгтэй "Хүчирхийллийг зүгээр л инээгээд, ердийн зүйл гэж хүлээн зөвшөөрөхөд хүргэсэн. Бараг л тархи угаалт гэсэн үг. Үүний талаар ямар нэгэн зүйл хийхийг, хэлэхийг оролдсон ч хэнийг ч бай зүгээр өнгөрүүлдэггүй, үргэлж шийтгэдэг" гэж ярьжээ. 

Энди Муйсе

Сонгон шалгаруулалтын үеэр загвар өмсөгчдийн утасны дугаарыг асуудаг, өвөр дээр нь суухыг шаарддаг, тусдаа оройн зоог барихыг хүссэн тухай гэрчүүдийн яриа тус нийтлэлд багтсан. Разекийн нөлөөнд автсан хохирогчдын нэг нь тухайн үед 19 настай байсан (2007 онд) загвар өмсөгч Энди Муйсе юм. Тэрбээр Victoria’s Secret-ийн сахиусан тэнгэр болсноос хоёр жилийн дараа Разекийн хараанд өртсөн аж. Разек түүнийг оройн зоогонд урихад салбарын нөлөө бүхий эрхэмтэй ажил хэргийн холбоо тогтоох боломж олдсонд Муйсе баярлаж байсан гэнэ. Гэвч байдал түүний төсөөлснөөс эсрэгээр өрнөж. Түүний машинд суун ресторан руу явах замд Разек бүсгүйг үнсэхийг оролдож, Муйсе эсэргүүцсэн ч зогссонгүй. Түүгээр ч үл барам дараагийн хэдэн сард Разек түүнд байр олж өгөх, хамт амьдрах санал хүртэл тавьсан байна. Залуухан загвар өмсөгч бүсгүй карьераа хамгаалахын тулд түүнд эелдгээр татгалзсаар байсан бөгөөд Victoria’s Secret 2008 оныхоо фэшн шоунаас Муйсег хассанаар энэ харилцаа өндөрлөжээ.

Энэ мэтчилэн компанийн удирдлагууд эрх мэдэл, нэр нөлөөгөөрөө далайлган эмэгтэйчүүдийг эрхшээлдээ оруулж хүссэнээ хийлгэдэг хортой соёл олон жил амь бөхтэй үргэлжилсэн нь хэдийн ил болоод буй. Харин  Fallen Angel подкаст Victoria’s Secret-ийн өөр ямар нууцыг дэлгэхийг сонсох л үлдлээ. 

Хамгийн их уншилттай
1
2021.11.02
Арваннэгдүгээр сарын чухал өдөр, ХАЙР ДУРЛАЛЫН зурхай
2
2021.11.01
Жокерын хувцастай этгээд Токиогийн метронд 17 хүнийг хутгалжээ
3
2021.11.05
Марк Цукерберг "Мета" гэх өөр компани байдгийг сая л мэджээ
холбоотой мэдээ
1
2021.09.27
The Media Show | Д.Нарантуяа - Редакцийн зурвас
2
2021.06.17
Фэйсбүүкт ирэх 7 хоногоос подкаст оруулах боломжтой болно
3
2021.05.03
Подкаст тойм | Вакцин эсэргүүцэгчдийн бодлыг юу өөрчилдөг вэ?
санал болгох
1
8 цагийн өмнө
"Урлагтай яриа" медиа төсөл урлагийн шүүмж судлалын агуулгаар баяжин үзэгчдэд хүрч байна
2
11 цагийн өмнө
BLACKPINK хамтлаг Youtube-ийн түүхэн дэх хамгийн олон дагагчтай уран бүтээлч боллоо
3
13 цагийн өмнө
"Arcane" Netflix-ийн хамгийн өндөр үнэлгээтэй, хамгийн их хүн үзсэн цуврал болжээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
2
0
2
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.