Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Уран гулгалтын тойм | Гранпри цувралын эхэнд олимпын найдварууд бүдэрлээ


"Бээжин-2022" өвлийн олимпын өмнөх томоохон сорилго, уран гулгалтын гранпри цуврал "Skate America"-гаар эхэллээ. Дэлхийн шилдэг тамирчид оролцдог цуврал зургаан тэмцээний эхний гранприд дэлхийн гурван удаагийн аварга, рекорд эзэмшигч Нэйтэн Чен (АНУ), олимпын мөнгөн медальт Шома Уно (Япон), Е.Трасова, В.Морозов (ОХУ), дэлхийн аваргын хүрэл медальт Винсент Жоу (АНУ), Александра Трусова (ОХУ), А.Бойкова, Д.Козловский (ОХУ) тэргүүтэй алдарт тамирчид оролцлоо. 

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл 

1. А.Трусова (ОХУ) - 232,37

2. Д.Усачёва (ОХУ) - 217,31

3. Ён Ю (БНСУ) - 216,97

"Орос пуужин" хочит А.Трусова энэ тэмцээний аваргаар зовлонгүй тодорлоо. Нээрэн үнэхээр тэр өөрийгөө зовоогоогүй юм. Учир нь, чөлөөт үзүүлбэртээ дөрвөлсөн эргэлтийг таван удаа гүйцэтгэж Гиннесийн номонд нэрээ мөнхөлсөн А.Трусова хөлийн бэртлийн улмаас тав биш ердөө нэг л удаа дөрвөлсөн эргэлт хийсэн. Богино үзүүлбэртээ гурвалсан аксель үсрэх гэж бүтэн жил бүдэрч унаж байснаа энэ удаа хоёр болгож хөнгөлөв. Гэсэн ч хоёрт орсон тамирчнаас 15 онооны зөрүүтэй ялж байгаа нь ямархуу "пуужин"-гийн тухай ярьж байгаа маань тодорхой болох болов уу. "Cruella" киноны аян дээр чөлөөлт үзүүлбэрээ үзүүлсэн нь түүний дайчин, тэрслүү характертай яв цав нийцэж, сонгосон даашинз нь ч киноны дүртэй чухам дүйсэн нь уран гулгалтын фенүүдийн гол яриа болж байна. 

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд түүнтэй өрсөлдөх тамирчин бараг байгаагүй гэж хэлж болно. Харин А.Трусова нэг, хоёр бүдэрвэл өмнүүр нь орчих боломжтой Ён Ю, Каори Сакамото (Япон), Сатоко Мияхара (Япон), Дариа Усачёва нар байсан хэдий ч "харамсалтай" нь А.Трусова үсрэлтүүдээ хөнгөлж, зовлонгоо багасгаснаар тэдэнд боломж олгоогүй юм. Дараагийн гранпри тэмцээнээс өмнө "пуужин" маань түргэхэн бэртлээ эдгээж,  дөрвөлсөн эргэлтийг таван удаа гүйцэтгэдэг формдоо орж дуулиан тариасай хэмээн хүсэх байна. 

Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл 

1. Винсент Жоу (АНУ) -295,56

2. Шома Уно (Япон) - 270,68

3. Нэйтэн Чен (АНУ) - 269,37 

Уран гулгалтын фенүүд ойрын үед үзээгүйгээ үзэв. Дэлхийн гурван удаагийн аварга, дэлхийн хоёр ч рекорд эзэмшигч алдарт Нэйтэн Чен нутагтаа болсон тэмцээнд маш тааруу гулгаж, ердөө хүрэл медаль авлаа. Уран гулгалт гэхээр олон хүний санаанд нэр нь буудаг Японы домогт тамирчин Юзүрү Ханюд гурван жил өөд нар үзүүлээгүй Нэйтэн Чен хүрэл медаль хүртэнэ гэдэг "маш муу" хэрэг. Богино үзүүлбэртээ алдаа гаргаж, 82,89 оноо авсан нь 2018 оны олимпоос хойших хамгийн муу үзүүлэлт нь. Чөлөөт үзүүлбэртээ 200 онооны босго давж чадаагүй нь ч мөн адил. Дөрвөлсөн эргэлтийг таван удаа гүйцэтгэсэн ч хоёр дээр нь унаж, нэгд нь арахийн тогтож үлдсэн. Харин түүний хажуугаар нутаг нэгт Винсент Жоу салхи татуулан сүнгэнэж, карьерийнхаа оргил амжилтыг үзүүлэн алтан медаль хүртсэн. 

Эрэгтэй уран гулгалтад өдгөө Нэйтэн Чен (АНУ), Юзүрү Ханю (Япон) гэсэн хоёр супер тамирчин бий. Олон жил энэ хоёрын сүрэнд дарагдаж яваа Винсент Жоу (АНУ), Шома Уно (Япон) гэсэн хоёр нутаг нэгтэн нь бас байдаг. Нөгөө хоёрынхоо сүүдрээс гардаггүй боловч энд бид олимпын мөнгө, дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт тамирчдын тухай ярьж байна шүү дээ. Энэ жил форм тун сайтай байгаа Винсент Жоу нутагтаа болсон тэмцээнд Нэйтэнийг давж дүүлэхийг харах таатай байлаа. Шома Уно хэд хэдэн алдаа гаргасан ч гүйцэтгэл сайн байж, мөнгөн медаль хүртлээ. Ю.Ханюг энэ олимпоор л дарж авна хэмээн олон хүний таамагт байсан Нэйтэн Чен маш том анхаарлын тэмдэг зүүсээр тэмцээнийг өндөрлүүллээ. 

Спортын хосын төрөл 

1. Е.Тарасова, В.Морозов (ОХУ) - 222,50 

2. Р.Миура, Р.Кихара (Япон) - 208,20

3. А.Бойкова, Д.Козловский (ОХУ) - 205,53

Тэмцээн эхлэхээс өмнө Оросын хоёр топ хосын хэн нь алт, хэн нь мөнгө авах вэ гэдэг л сонирхолтой байсан. Олимпын мөнгө, дэлхийн гурван удаагийн медальт Е.Тарасова, В.Морозов нар алдарт Этеригийн шавь болцгоож, үсрэлтүүд нь эрс сайжирч байгаа. Ирэх олимпоор алтан медаль хүртэнэ гэсэн итгэл найдвар дүүрэн бий. Харин дэлхийн аваргын хүрэл медальт, залуу хос А.Бойкова, Д.Козловский богино үзүүлбэрээр дэлхийн рекордыг эзэмшиж байгаагийн хувьд алтан медаль бас л өөрсдийнх нь "болох ёстой" гэж буй. Гэтэл аль аль нь үзүүлбэртээ алдаа гаргаж, нэг хос нь бүр хүрэл медаль дээр буув. Тэдний дундуур амьдрал тааварлашгүй зүйлсээр дүүрэн гэдгийг баталж, Р.Миура, Р.Кихара (Япон) нар мөнгөн медаль хүртсэн юм. Ийм формтой байвал Оросын хосуудын алтан медалийн мөрөөдлийг Хятадын К.Ханг, С.Вэйжинг ядах юмгүй дарчихна. 

Бүжгийн хосын төрөл 

1. М.Хаббелл, З.Донохью (АНУ) -209,54

2. М.Чок, Э.Бэйтс (АНУ) -208,23

3. Л.Бодри, Н.Сёренсен (Канад) - 190,13 

Энэ төрөлд харин болох ёстой юм сая нэг болдгоороо боллоо. Олимп, дэлхийн медаль Америкийн хоёр хос тун ойрхон зөрүүгээр медалийн өнгөө эргүүлэв. Францын алдарт хос Г.Пападакис, Г.Сизерон, ОХУ-ын Н.Кацалапов, В.Синицина нарын араас дэлхийд гурав, дөрөвт эрэмбэлэгдэж буй эдгээр тамирчид олимпын жил сонирхолтой өрсөлдөөн үзүүлэх нь тодорхой. 

Харин хоёр үзүүлбэрийн нийлбэр дүнгээр тэдний хэн нь ч 210 гэсэн онооны босго даваагүй нь сонирхол татаж байна. ОХУ, Францын тамирчидтай эн зэргэцэхийн тулд 220 давуулах хэрэг гарна. Хэрхэхийг дараагийн тэмцээнүүд батлах биз ээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.02.23
Шибатаяма ояката: Хакүхог дэвжээ удирдах чадваргүй гэж үзсэн
2
2024.02.25
Бүсгүйчүүдэд үзэн ядагддаг 9 төрлийн залуу
3
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
холбоотой мэдээ
1
31 минутын өмнө
Почеттино: Бид шинэ "Челси"-г байгуулж байгаа гэдгийг хүмүүс ойлгох ёстой
2
1 цагийн өмнө
Какүрюү аваргын анхны шавь нар
3
1 цагийн өмнө
"Реал Мадрид" клуб шүүгч Хуан Мартинес Мунуерагийн эсрэг гомдол гаргалаа
санал болгох
1
1 цагийн өмнө
Нохойтой харьцах нь хүнийг тайвшруулж, төвлөрөхөд тусалдаг болохыг тогтоожээ
2
1 цагийн өмнө
Playlist: Оройн цагаар сонсоход тэс ондоо мэдрэмж төрүүлэх 12 дуу
3
21 цагийн өмнө
Саналын хайрцаг руу будаг асгаж, шатаахыг завдсан иргэдэд эрүүгийн хэрэг үүсгэжээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
1
0
0
0