Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Казахстаны үймээний талаар мэдвэл зохих 4 ЧУХАЛ зүйл


Нэг хүнд ногдох ДНБ нь 27,000 ам.долларт хүрсэн, 19 сая хүн амтай Казахстан улс нь Төв Азийн хамгийн чинээлэг орнуудын нэг билээ. Гэвч шинэ он гарахтай зэрэгцэн тус улсад тогтворгүй байдал үүсээд байна. Үймээний улмаас Казахстаны ерөнхийлөгч орон даяар онц байдал зарлаж, ОХУ тэргүүтэй Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллагаас цэргийн тусламж хүсээд байгаа юм. 

Олныг хамарсан үймээн улс даяар онц байдал зарлаж, засгийн газраа огцруулахад хүргэв

Засгийн газар шингэрүүлсэн хийн түлшний үнийг хоёр дахин нэмэгдүүлж, литр тутам 22 цент болгосныг эсэргүүцэн иргэд өнгөрсөн ням гарагаас жагсаж эхэлсэн юм. Газрын тосоор баялаг Жанаозен хотод тайван эхэлсэн жагсаал мягмар гараг гэхэд Казахстаныг бүхэлд нь хамарч, эрх баригчдын эсрэг олон нийтийг хамарсан үймээн самуунд хүргээд байна. Босогчид Казахстаны хэд хэдэн хотод засгийн газрын байрыг галдан шатаажээ. 

Нөхцөл байдал хурцадсантай холбогдуулан Казахстаны Ерөнхийлөгч Кассым-Жомарт Токаев мягмар гарагт хэсэгчлэн зарласан онц байдлыг өчигдөр орон даяар болгож өргөжүүлжээ. Улмаар лхагва гарагийн өглөө засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулж, шинэ парламентын сонгууль явуулах боломжтой хэмээн мэдэгджээ. Гэвч мэдэгдэлд сэтгэл хангалуун бус байгаа жагсагчид Казахстаны гол нисэх онгоцны буудлыг хяналтандаа авчээ.

Эсэргүүцэл өргөжихийн хэрээр жагсагчдын тавьж буй шаардлага улс төрийн үйл явцыг ардчилахад чиглэж байна гэжээ. Тухайлбал, Казахстаны бүс нутгийн удирдагчдыг ерөнхийлөгчийн томилгоогоор бус шууд сонгуулиар сонгодог байхыг шаардаж байгаа юм.

Ардчиллын ухралт, авилга, тэгш бус байдлаас үүдэлтэй иргэдийн бухимдал

Хийн түлшний үнийн өсөлт нь үймээн самууныг өдөөсөн ч олон жил бугшсан нийгэм, улс төрийн асуудал, тэгш бус байдлаас үүдэлтэй иргэдийн уур бухимдал гол шалтгаан болсон гэж ажиглагчид үзэж байна. Түүнчлэн цар тахлын үеэр улам хурцадсан төр дэх авилга, орлогын тэгш бус байдал, эдийн засгийн хүндрэл зэрэг нь эсэргүүцлийн жагсаалыг улам өдөөж байна гэжээ. 

Жагсагчдын дунд өмнөх удирдагч Нурсултан Назарбаевыг буруутгах хүмүүс цөөнгүй байгаа аж. Казахстан 1991 онд тусгаар тогтнолоо олж авснаасаа хойш Назарбаев улсаа 30 жил тасралтгүй удирдаж, 2019 онд албан тушаалаасаа буусан билээ. Түүнийг буусны дараа нийслэл Астана хотыг Назарбаевын нэрэмжит Нур-Султан хот болгож нэрийг нь өөрчилжээ. Ерөнхийлөгч Токаев бол 1991 оноос хойш Казахстаныг удирдаж буй хоёр дахь хүн юм. Назарбаев засгийн эрхийг Токаевт шилжүүлсэн ч өнөөдрийг хүртэл Казахстаныг хөшигний цаанаас удирдаж байна гэж олон нийт шүүмжилдэг. 

Актау хотод болсон эсэргүүцлийн жагсаалд оролцсон хүний эрхийн төлөө тэмцэгч Мухтар Умбетов "Үймээн самуун нь эдийн засгийн хүндрэл, цар тахлаас үүдэлтэй байж болох ч Казахстанд ардчилсан үйл явц үгүй болсон нь энэ бүхний үндсэн шалтгаан юм. Казахстаны засгийн газар иргэдийн улс төрд оролцох хууль ёсны бүх арга замыг үгүй хийсэн" гэж ярьжээ.

Ерөнхийлөгч Токаев жагсагчдыг гадаадад бэлтгэгдсэн террористууд хэмээж, гаднаас цэргийн тусламж хүсэв

Ерөнхийлөгч Токаев жагсагчдыг гадаадад бэлтгэгдсэн террористууд хэмээн мэдэгдэж, Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллага (ХАБГБ)-аас цэргийн тусламж хүссэн тухай мэдэгдэл лхагва гарагт гарчээ. ХАБГБ ерөнхийлөгчийн хүсэлтийг хүлээн авч, нөхцөл байдлыг тогтворжуулахын тулд "энхийг сахиулагч"-даа илгээхээр болсон тухай Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян мэдэгдээд байна. Гэвч хэр олон цэрэг, хэдий хугацаанд Казахстанд байрлахыг тодорхой дурдаагүй байна. 

Дашрамд дурдахад, Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллага (ХАБГБ)-ыг Зөвлөлт Холбоот Улс задарсны дараа буюу 1992 онд ОХУ, Армени, Казахстан, Киргизистан, Тажикистан, Узбекистан улсууд хамтран байгуулж байжээ. Хоёр жилийн дараа Азербайжан, Беларусь, Гүрж улсууд нэгдсэн байна. 1999 онд Азербайжан, Гүрж, Узбекистан гишүүнчлэлээ цуцалснаар бусад зургаан улс үлджээ. 

Кремлиэс дэмжлэг авдаг улсуудад сүүлийн жилүүдэд ардчиллын төлөөх эсэргүүцэл, тэмцэл нэмэгдсээр байна. Тухайлбал, 2014 онд Украинд, 2020 онд Беларусьт өрнөсөн үйл явдал нь авторитар дэглэмийг эсэргүүцсэн сүүлийн үеийн жишээ юм. 

Москва дахь Төв Азийн шинжээч Аркадий Дубнов Казахстаны засгийн газрыг "Оросын засгийн газрын багасгасан хуулбар" гэж тодорхойлоод, энэ удаагийн жагсаал нь Кремльд анхааруулах дохио болж байна гэж ярьжээ. Мөн тэрбээр "Сөрөг хүчинтэйгээ хэлэлцээ хийж, тэдний шаардлагыг хүлээж авдаг ийм жишгийг Кремль лав хүсэхгүй байгаа нь ойлгомжтой" гэсэн байна. 

Нөхцөл байдал ямар байна вэ?

Орон нутгийн хэвлэлийн мэдээлснээр цагдаа, үндэсний хамгаалалтын албаны 12 албан хаагч амь үрэгдэж, 300 гаруй офицер шархадсан гэжээ. Хэр олон энгийн иргэд амь үрэгдэж, шархадсан нь тодорхойгүй байна. Мөн Казахстаны Дотоод хэргийн яам 200 гаруй хүнийг баривчилсан гэж мэдэгджээ.

Сүүлд авсан мэдээллээр, Казахстаны Аюулгүй байдлын хүчнийхэн Алматы хотод эмх журам тогтоох ажиллагааны үеэр засгийн газрын эсрэг бослого гаргасан олон арван хүнийг устгасан гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: The New York Times, BBC, CNN 

Хамгийн их уншилттай
1
2022.05.09
"Яг түүн шиг-2022" шоуны оролцогчид яг үнэндээ юутай адил байв?
2
2022.05.03
Met Gala 2022: Ким Кардашиан Мэрилин Монрогийн даашинзаар гангарахын тулд 21 хоногт 7 к...
3
2022.05.10
Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай Ким Кеон Хигийн тухай 9 баримт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Ганцаардсан хүмүүс рүү сайхан амрахыг хүссэн мессеж бичиж орлого олдог эмэгтэй
2
2022.05.13
Испани улс эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн үеэр амралт олгодог болно
3
2022.05.12
Цар тахлаас 2 жилийн дараа Хойд Солонгост коронавирусийн АНХНЫ тохиолдол бүртгэгдлээ
санал болгох
1
4 цагийн өмнө
Энэ 7 хоногийн хөгжилтэй постууд: Ташуур, халуун ус, Хаан банк, Жонни Депп
2
8 цагийн өмнө
Өнөөдрөөс эхэлж буй НОМЫН БАЯРААР номууд хэрхэн хямдрах вэ?
3
9 цагийн өмнө
Хүн бүр иддэгээсээ 20 хувь бага үхрийн мах идэхийг уриалжээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
4
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.