Хайх зүйлээ бичнэ үү

9 мин

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгчид юу ярив?


Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг болон цэвэр агаарын төлөө дуу хоолойгоо хүргэхийг хүсдэг маш олон хүмүүс байдаг. Тэдний төлөөлөл болсон гурван эрхэм Б.Мандуулын подкастад уригдаж уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой сэдвээр ярилцсаныг тоймлон хүргэе.

Монголын скаутын холбооны Гүйцэтгэх захирал А.Билгүүн: Нэг хүүхэд хандлагаа өөрчилвөл нэг гэр бүл, цаашлаад улс орон, дэлхий өөрчлөгдөнө

-Уур амьсгалын өөрчлөлт гэхээр танд юу хамгийн түрүүнд бодогддог вэ?

-Уур амьсгалын өөрчлөлт өргөн хүрээний ойлголт ч гэлээ амьдралд шууд тусч буй байгаль экологийн өөрчлөлтүүд болов уу. Жишээлбэл, орчны бохирдол, агаарын бохирдол, хөрсний бохирдол, дулаарал байна. Би тав, зургаан настай байсан үеэ маш сайн санадаг. Тухайн үед бүх зүйл цэвэрхэн байлаа. Богд уулын буга согоо бууж ирж ус уудаг байсан тухай хүмүүс ярьдаг шүү дээ. Би багадаа Яармаг, Сэлбийн гүүрний дор найзуудтайгаа амралтын өдрөөр сэлдэг байсан. Сэлж байгаад ам цангахаар Туулын уснаас уудаг байлаа. Өвөл гэрийнхээ гадаа тоглож байгаад халууцахаараа цас иддэг байсан. Энэ бол агаарын болон орчны бохирдол маш бага байсны жишээ. Сүүлийн 5-10 жилд Улаанбаатар болон аймгийн төвүүдэд төрж, өссөн хүүхдүүдээс “Чи гэрийнхээ гадаа цас идэж өссөн үү” гэхээр “Үгүй” л гэж хариулна байх. Энэ мэт уур амьсгалын өөрчлөлтийг бодитоор харж, мэдэрч буйн хувьд санаа зовнидог. 

Хүмүүс ямар нэгэн шийдвэр, санаачилга юм уу бүх нийтийн үйл хэргийг хүлээгээд байх шиг санагддаг. Угтаа юу ч хүлээлгүй, агаарын бохирдлыг бууруулахад хүн бүр нөлөөлөх ёстой. Нэг айл л дулаан алдалтаа багасгахад агаарын бохирдлын эсрэг маш том хувь нэмэр оруулж буй хэрэг юм.

-Таныг хөдөө орон нутгаар явж хүүхдүүдтэй уур амьсгалын өөрчлөлтийн талаар ярилцсан гэж сонссон. Энэ талаарх өсвөр насныхны ойлголт таны залуу байсан үеийнхтэй харьцуулахад хэр ялгаатай санагдав?

-Өөр. Би 11 настайдаа скаутын хөдөлгөөнд гишүүн болж, 17 настайдаа Монгол Улсаа бүтэн тойрч уур амьсгалын өөрчлөлтийн талаар танилцуулга хийж байлаа. Тэгэхэд хүмүүс энэ тухай ямар ч ойлголт, мэдээлэлгүй байсан. Архи, тамхины хор хөнөөл болон бэлгийн замын халдварт өвчин л тухайн үед нийгмийн чухал сэдэв байлаа. Архи, тамхи хүний ухамсартай холбоотой асуудал бол уур амьсгалын өөрчлөлт нь хүний оршихуйтай хамааралтай. Монгол орон маань өргөн уудам газар нутагтай. Аймгийнхаа газар зүйн байршлын онцлогоос шалтгаалаад уур амьсгалын өөрчлөлтийн талаар хүмүүсийн ойлголт харилцан адилгүй байдаг. Жишээлбэл, говийн хүүхдүүд “Говь угаасаа л усгүй, байнга шороогоор шуурдаг байсан” гэж боддог. Тиймээс уур амьсгалын өөрчлөлтийн талаарх ойлголтыг нэгтгэхийн тулд нэлээд ажил зохион байгуулж байсан. Сүүлийн жилүүдэд аймгуудаар очиход өвөлдөө хүүхдүүд шүүлтүүртэй маск зүүдэг болжээ. Орон нутагт байгаа хүүхэд, залуучуудын байгууллага мод их тарьж, түүнийгээ өөрсдөө арчилж хамгаалдаг болсон байна. Мөн байгаль экологио нөхөн сэргээхэд чиглэсэн үйл ажиллагаанаас гарч буй үр дүнг бусадтайгаа хуваалцдаг. Анги, танхимууд ч агаар шүүгчтэй болчихсон байна лээ.

-Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэн түрүүнд юу хийх нь чухал вэ?

-Хүмүүс ямар нэгэн шийдвэр, санаачилга юм уу бүх нийтийн үйл хэргийг хүлээгээд байх шиг санагддаг. Угтаа юу ч хүлээлгүй, агаарын бохирдлыг бууруулахад хүн бүр нөлөөлөх ёстой. Нэг айл л дулаан алдалтаа багасгахад агаарын бохирдлын эсрэг маш том хувь нэмэр оруулж буй хэрэг юм. Мөн хүүхэд, залуучуудыг аливаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцоход уриалах хэрэгтэй. Тэдний хэрэгжүүлэх үйл ажиллагаа ямар ч улстөржилт байхгүй. Хүүхдүүд аливаа эрх ашгаас ангид, чин сэтгэлээсээ тухайн үйл ажиллагаандаа оролцдог. Хүүхэд, залуучууд хүсэж буй зүйлээ л хийдэг. Хамгийн сайн эцэг эх хүүхдээ сонсдог, тэднээр дамжуулж дэлхийн чиг хандлагын мэдээллийг олж авдаг. Тиймээс нэг хүүхэд хандлагаа өөрчилвөл нэг гэр бүл өөрчлөгдөх боломжтой. Нэг гэр бүлээс улс орны өөрчлөлт эхлэнэ. Улс орон дэлхийг өөрчлөх хүчтэй. Тиймээс хүүхэд, залуучууд хамгийн том хүч юм. Тэд асуудлыг бодитоор дүгнэдэг учраас тэднийг сонсоосой гэж хүсэж байна.

НҮБ-ийн Хүүхдийн сангийн Уур амьсгалын өөрчлөлт, цэвэр агаар хөтөлбөрийн ахлагч С.Алтанцэцэг: Байгаль орчин бохирдож, доройтсоны улмаас хүүхдийн эрх зөрчигдөж байна


-Уур амьсгалын өөрчлөлт хүүхдэд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Сүүлийн 50-100 жилд Монгол Улсад цаг агаар 2.2-2.4 хэмээр дулаарсан. Энэ үзэгдэл хүмүүст сайхан мэт санагддаг. Жишээлбэл, би хүүхэд байхдаа гурван давхар өмдтэй, тухайн үед орос дэлгүүрээс авсан таван төгрөгний бээлий өмссөн хэрнээ л хурууны үзүүр даараад, гуя чинэрдэг байлаа. Тэгвэл өнөөдөр бид тийм хүйтнийг Улаанбаатарт мэдрэхгүй байна. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдсэн. Өнөөдөр дэлхийд нэг тэрбум гаруй хүүхэд байнгын агаарын бохирдолд өртөж байна. Хүүхдүүд урт хугацаагаар буюу насан туршдаа уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд өртөж, тэр хэмжээгээр хохирол амсаж байна. Тэр өртөлтөөс авсан өвчнийг насан туршдаа тээж явна. Сэтгэлзүйн эмзэг байдал үүсч, хөгжил нь хоцорно гэх мэт зөндөө сөрөг үр дагавар бий. Сүүлийн үед хүүхэд ба байгаль орчны асуудал олон улсад түгээмэл яригдаж буй. Учир нь байгаль орчин бохирдож, доройтсоны улмаас хүүхдийн амьдрах орчин нөхцөл ч муудаж, цаашлаад хүүхдийн эрх зөрчигдөж байна. 

Багш нь таван настай хүүхдэд гэртээ хариад гал гарахад хаагуур гүйж гарах ёстойг мэдээд ирээрэй гэдэг даалгаврыг өгсөн байсан. Хүүхэд гэртээ хариад “Ээж ээ, гал гарахад гардаг аваарын гарц хаана байна” гэж асуугаад л. Бас цахилгаанаас үүдэлтэй гал гарахад сода ч юм уу эсвэл давс цацаж унтраадаг гээд багшийнхаа заасныг туршиж үзэх гэж ээжээсээ гуйж байсан. Энэ мэт өөрийгөө хамгаалах чадваруудад хүүхдээ сургах хэрэгтэй

-Монгол Улсад байгаль орчны ямар асуудлууд тулгарч буйг тоо баримтаар танилцуулаач?

-Байгаль орчны сайд асан З.Батжаргал энэ сэдвээр чамбай судалгаа хийдэг. Түүний хүүхэд залуучуудад тавьсан илтгэлээс эш татья. 1971 онд Монгол орны нийт газар нутгийн 63 хувьд ямар нэгэн байдлаар цэвдэгтэй байсан. Харин сүүлийн 40 жилд цэвдэг нэмүү хурдтай хайлж байгаа. 2016 онд хийсэн үнэлгээгээр 29.3 хувь нь л цэвдэгтэй үлджээ. Мөн Монгол орны газар нутгийн 76.8 хувь нь дунд болон хүчтэй цөлжилтөнд өртсөн. Жилийн дундаж агаарын температур 2.4 градусаар дулаарсан. Мөн нүүрсхүчлийн хийн ялгарал асар хурдтайгаар нэмэгдэж буй зэргийг дурдаж болно.

-Бид уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрүүл мэндийн асуудлаас сэргийлэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ?

-Мэдээллийг тэнцвэртэй, хүртээмжтэй хүргэхийн төлөө тэмцэх ёстой. Мөн өөрийгөө эрсдэлээс хамгаалах чадварыг эзэмших чухал юм. Зарим байгалийн үзэгдэлд дасан зохицохоос өөр аргагүй. Багш нь таван настай хүүхдэд гэртээ хариад гал гарахад хаагуур гүйж гарах ёстойг мэдээд ирээрэй гэдэг даалгаврыг өгсөн байсан. Хүүхэд гэртээ хариад “Ээж ээ, гал гарахад гардаг аваарын гарц хаана байна” гэж асуугаад л. Бас цахилгаанаас үүдэлтэй гал гарахад сода ч юм уу эсвэл давс цацаж унтраадаг гээд багшийнхаа заасныг туршиж үзэх гэж ээжээсээ гуйж байсан. Энэ мэт өөрийгөө хамгаалах чадваруудад хүүхдээ сургах хэрэгтэй. Мөн хүүхэд, залуучуудын дуу хоолойг сонсох ёстой. Хүний буруу үйл ажиллагаанаас үүдэн байгаль дэлхий маань сүйджээ. Тиймээс хамтдаа энэ байдлыг хэрхэн өөрчлөх вэ гэдэгт анхаарах хэрэгтэй. Хүүхэд, залуучууд маань мэдлэг, мэдээлэл, эрх мэдэлтэй хүмүүсээс өөрчлөлтийг шаардах эрхтэй.

Говь-Алтай аймгийн 2-р сургуулийн 12А ангийн сурагч У.Ану-Үжин: Оролцох нь бидний эрх бас боломж


-Хоёулаа ирээдүйг төсөөлье л дөө. Чамайг Монгол Улсын Ерөнхийлөгч болчихсон байна гэж. Тэгвэл чи уур амьсгалын өөрчлөлтийн талаар ард иргэддээ юуг хэлэх вэ?

-Би Ерөнхийлөгч болох хүртлээ маш олон зүйлийг хийчихсэн байна. Биеэ засаад гэрээ зас. Гэрээ засаад төрөө зас гэдэг. Эхлээд хувь хүн өөрийнхөө дадлыг өөрчлөх хэрэгтэй. Өөрт ойрхон байгаа асуудлаасаа эхлээд шийдвэрлэвэл асуудлын хамгийн томоос нь эхэлж буй хэрэг юм. Дараа нь үйлдлээрээ хүрээлэн буй орчноо, цаашлаад улс орноо өөрчлөх нь чухал. Би Ерөнхийлөгч болоод үг хэлэх болвол, ард түмэнтэйгээ хамт төрөө засахыг хүсэж буйгаа хэлнэ. Би хүүхэдтэй ойрхон ерөнхийлөгч болно оо.

Хүүхдүүдийн үзэл бодлоо илэрхийлэх, дуу хоолойгоо хүргэх боломжийг нэмэгдүүлэх нь асуудлыг шийдвэрлэх гол түлхүүр болно. Оролцох нь бидний эрх бас боломж юм.

-Яагаад уур амьсгалын өөрчлөлтөд өсвөр насныхан санаа зовох ёстой юм бэ?

-Аливаа зүйл хувьсан өөрчлөгддөг. Ирээдүйн Монгол Улс, ирээдүйн дэлхийн эзэд нь хүүхдүүд юм. Тиймээс бид дуу хоолойгоо уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгтгэж, нийгэмд хүчтэй хүргэж чадвал хүссэн ирээдүйгээ бүтээж чадна. Ялангуяа хүүхдүүд том болоод өөрсдийн хүүхдүүддээ энэ талаар зааж сургах учраас уур амьсгалын өөрчлөлтийг сонирхож, судлах нь маш чухал юм. 

-Тэгвэл уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг өсвөр насныхны оролцоо юу байж болох вэ?

-Хамгийн том оролцоо бол өөрөө энэ талаар мэдлэг, ойлголттой болж түүнийгээ бусдад дамжуулан энэ асуудлыг аль болох өргөн цар хүрээг хамрахад нөлөөлөх юм. Цаашлаад жижиг ч хамаагүй үйлдэл хийж, дуу хоолойгоо тууштай хүргэх аваас үр дүнд хүрч чадах болов уу. Хүмүүс уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудалд хайхрамжгүй хандсан хэвээр байх юм бол хажуудаа байгаа эрсдэлээс салж чадахгүй, асуудлыг улам төвөгтэй болгоно. Мөн төр засагтаа хандаж хүсэхэд, хүүхдүүдийн үзэл бодлоо илэрхийлэх, дуу хоолойгоо хүргэх боломжийг нэмэгдүүлэх нь асуудлыг шийдвэрлэх гол түлхүүр болно. Оролцох нь бидний эрх бас боломж юм.

Холбоотой мэдээлэл: “Хүүхэд залуус уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдлыг бууруулахад нөлөөлөх нь” төслийн хүрээнд хийсэн ТАВАН ажил

Эх сурвалж: People In Need

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.02.26
Хойч үе маань хэзээ ч харахгүй байж магадгүй аюулд ороод буй 10 амьтан
2
2024.02.23
НАСА-тай хамт нарны дүрсийг судлах уу?
3
2024.02.15
National Geographic: Дэлхийн дулаарал бидний амьдралд
санал болгох
1
9 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.