UBLife Logo
Ok to be different

Хүүхдээ бусдыг хүндэлдэг, нинжин сэтгэлтэй болгож өсгөхөд туслах ТАВАН АРГА

Ub.life
Ub.life
Хүүхдээ бусдыг хүндэлдэг, нинжин сэтгэлтэй болгож өсгөхөд туслах ТАВАН АРГА

Их Британийн Элчин Сайдын яам, Ub.life сайт хамтран “OK TO BE DIFFERENT” аяныг өрнүүлж байна. Аяны хүрээнд бид хүн бүхэн өөр хоорондоо ялгаатай бөгөөд энэ нь жам ёсны зүйл гэдгийг таниулж, олон нийтэд мэдлэг, мэдээлэл өгөх зорилготой мэдээ, нийтлэлүүдийг цувралаар хүргэж байна.Ялгаатай байдлаа нандигнаж, сурталчилж, өөр бүхнийг эгнээндээ нэгтгэн, хаалганы гадна хэнийг ч үлдээдэггүй ээлтэй нийгмийг бүтээхэд та, бидний ойлголцол, дэмжлэг чухал билээ.

Бид бүгд ээж аав болсон цагаасаа хүүхдэдээ хамгийн сайхныг хүсдэг билээ. Өөрийнхөө эдэлж хэрэглэж чадаагүйг эдлүүлж, хамгийн сайн боловсрол олгож, хайр халамжаар дутаахгүй байхыг хичээдэг. Энэ бүхний цаана бяцхан үрсээ бусдыг өрөвдөж энэрэх сэтгэлтэй, хүмүүст хүндэтгэлтэй ханддаг, сайн хүн болж төлөвшөөсэй гэх чин хүсэл бий. Хэрэв та хүүхдийнхээ энэ эрхэм чанарыг яг одооноос хөгжүүлэхийг хүсэж байвал дараах аргуудыг туршиж үзээрэй. 

Хүүхдээ шинэ хүмүүс, шинэ орчинтой тогтмол танилцуул

Хүмүүс харагдах байдал, амьдарч буй орчин нөхцөл, хэл, соёл, хүсэл сонирхлоороо үргэлж ялгаатай байдаг ч энэ нь хэвийн зүйл гэдгийг хүүхдэдээ аль болох эртнээс таниулахыг хичээгээрэй. Үзэж буй хүүхэлдэйн кино, унших дуртай ном, дуу хөгжмөөр нь дамжуулан эдгээрийг тайлбарлаж болохоос гадна хамгийн чухал нь хүүхдэдээ өөрийн биеэр танилцаж, мэдрэх боломжийг олго. Жишээ нь, танай хүүхдийн суралцдаг сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдаггүй бол ийм хүүхдүүдийг хараад тэд эхэндээ багахан эвгүйцэж магадгүй. Гаднаасаа өөр харагдаж мэдэх ч адилхан хүүхэд гэдгийг ойлгоход хугацаа шаардагдах учраас тэвчээртэй байж, мэдэхийг хүссэн асуултад нь аль болох энгийн, ойлгомжтой хариулт өгөх нь зүйтэй. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй хэрхэн нөхөрсөг, дулаан харилцахыг зааж өгөөрэй. Жишээ нь, өдөр тутам ашигладаг түгээмэл үгсийг дохионы хэлээр яаж илэрхийлдгийг хамтдаа сурсан ч болно. 

Бусдыг ойлгох, энэрэх чадварт сурга

Хүүхдээ нинжин сэтгэлтэй нэгэн болгож өсгөхийг хүсэж байвал нэн тэргүүнд өөрөө үлгэрлэ. Настай хүнд зам гарахад нь туслах, хогоо хогийн саванд хаях, гудамжинд хаягдсан тэжээвэр амьтдад туслах гээд таны тэр бүр анзаардаггүй "бяцхан сайн үйлс" хүүхдэд тань ямар их нөлөөлдгийг мэдэх үү? Хэрэв хүүхэд эерэг, сөрөг аливаа сэтгэл хөдлөлийг хүчтэй мэдэрч байвал мэдрэмжийнх нь талаар ярилц. Бусад хүмүүс ч гэсэн үүнийг мэдэрдэг гэдгийг ойлгуулаарай. Бусдын оронд өөрийгөө тавих чадварыг тоглоомыг аргаар ч зааж болно. Жишээлбэл, хүүхдээсээ өдөр бүр ямар мэдрэмж (баяртай, гунигтай, айдастай, догдолсон) төрж байгааг нь асууж, ингэж бодоход юу нөлөөлснийг ярилцаарай. 

Уур, айдас, гуниг, жихүүдэс, баяр хөөр гээд хүнд төрөхөөс заяасан мэдрэмжүүдээ ойлгож, захирч, хэрэгтэй үед илэрхийлж сурах тухай Inside Out гэх хөөрхөн хүүхэлдэйн киног хамтдаа үзсэн ч болно шүү дээ. 

Өөрийнхөө хэвшмэл ойлголтыг хүлээн зөвшөөр, өөрчил 

Бид чухам аль нь үнэн, зөв, аль нь худал, буруу гэдгийг ялгахад бэрх их мэдээллийн урсгал дунд амьдарч байна. Магадгүй томчууд өөрсдөө ч мэдэлгүй хүний эрхийн мэдрэмжгүй, ялгаварлан гадуурхсан хандлага, үйлдэл гаргадаг байж мэднэ. Тиймээс хүүхдээ хүмүүжүүлэхээс урьтаж өөртөө тусал. Нийгэмд байдаг олон талт, ялгаатай бүлгүүдийн талаар мэдлэгээ тэлж, нэг талыг барьсан, өрөөсгөл ойлголттой байвал түүнийгээ хүлээн зөвшөөрч, өөрчлөхийг хичээгээрэй. Та ЭНД дарж Харвардын эрдэмтдийн боловсруулсан тестийг бөглөснөөр аль нэг сэдвийн хүрээнд өрөөсгөл ойлголттой явдаг эсэхээ мэдэж болно. 

Асуултад нь хариулах бэлтгэлтэй бай 

Хорвоотой дөнгөж танилцаж буй бяцхан хүмүүс "Яагаад" гэдэг асуултаар томчуудыг булдаг. Өөрөөсөө өөр, ялгаатай хүмүүстэй таарах бүрдээ яагаад ийм байгааг танаас асуух нь лавтай. Тиймээс иймэрхүү ээдрээтэй сэдвийн хүрээнд хүүхдэдээ зөв ойлголт өгөхийн тулд бэлтгэлтэй байх хэрэгтэй. Хэрэв хүүхэд тань бусад хүмүүсийн гадаад үзэмж, ур чадвар, арьсны өнгө, хэл яриа, хувцаслалтын талаар асуувал эерэг бөгөөд шударгаар хариулахыг хичээгээрэй. Жишээ нь, "Тийм ээ, бидний амьдарч буй дэлхий маш өргөн уудам, тиймээс хүн бүр хоорондоо адилгүй байдаг юм. Бидний ялгаатай байдал л хорвоо ертөнцийг илүү сонирхолтой болгодог юм шүү дээ" гэх мэтчилэн хариулаарай. Харин эдгээрийг дүгнэж, шүүж ярих нь бүдүүлэг үйлдэл гэдгийг тэдэнд тайлбарлаж, ойлгуулах хэрэгтэй. 

Урамшуул, шийдэл санал болго

Хүн бүр өвөрмөц, өөр ч гэлээ бусадтайгаа зарим талаар ижил гэдгийг ойлгуулахаа бүү мартаарай. Ангийн найзууд дунд нь түүнтэй адилхан хоол, ном, тоглоом эсвэл кинонд дуртай хүүхэд байдаг эсэхийг асуу. Хүүхэд өөртэйгээ ижил төстэй сонирхол хобби, үнэт зүйлтэй хүмүүстэй танилцсанаар тэдний дотоод ертөнцийг нээж, бүх хүнтэй ижил тэгш, хүндэтгэлтэй харьцах ёстой гэдгийг ойлгох болно. Эцэст нь, хүүхдийнхээ эерэг, зөв үйлдлийг анзаарч, урамшуулахаас гадна хэрхэн бусадтай эелдэг, хүндэтгэлтэй харьцах талаар нас насанд нь тохирсон шийдлүүдийг зааж өгөөрэй. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.