Дани улс 2010 оноос хойш төрсөн иргэдэд тамхи болон найрлагад нь никотин орсон бүтээгдэхүүн худалдахыг хориглох тухай төлөвлөгөөг олон нийтэд танилцууллаа.
Тус улсын Эрүүл мэндийн сайд Магнус Хьюнике “Бидний зорилго бол 2010 он болон түүнээс хойш төрсөн иргэдэд тамхи болон никотин агуулсан бүтээгдэхүүн хэрэглүүлэхгүй байх юм. Хэрэв шаардлагатай бол бид насны хязгаарыг үе шаттайгаар нэмэгдүүлэх замаар шинэ үеийнхэнд энэ төрлийн бүтээгдэхүүнийг худалдахыг хориглоход бэлэн байна” гэжээ.
Дани улсын 18 нас хүрээгүй хүүхэд залуус тамхи, электрон тамхи худалдан авах, татах нь хуулиар хориотой. Гэсэн ч 15-29 насны хүмүүсийн 31 орчим хувь нь тамхи татсаар байгааг сайд онцолжээ. Зургаан сая гаруй хүн амтай тус улсад жилд 13,600 хүн хорт хавдрын улмаас нас бардаг бөгөөд үүний гол шалтгаан тамхи юм.
Данийн Хорт хавдрын нийгэмлэгийн явуулсан судалгаанд оролцогчдын 64 хувь нь тамхи зарахыг хориглохыг дэмжсэн бөгөөд тэдний 67 хувийг 18-34 насны хүмүүс эзэлжээ. Сонирхуулахад, Дани улсын эрх баригчид согтууруулах ундаа худалдан авах насны хязгаарыг 16 байсныг 18 нас болгон нэмэгдүүлэхээр төлөвлөж буйгаа мэдээлжээ.
Эх сурвалж: BBC
Нийтэлсэн: Э.Талстболор