Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

UB.Life-ийн түүхүүд | Эр хүнээс эр хүнд аминчлан хэлэх үгс


Их Британийн Элчин Сайдын яам, Ub.life сайт хамтран “OK TO BE DIFFERENT” аяныг өрнүүлж байна. Аяны хүрээнд бид хүн бүхэн өөр хоорондоо ялгаатай бөгөөд энэ нь жам ёсны зүйл гэдгийг таниулж, олон нийтэд мэдлэг, мэдээлэл өгөх зорилготой мэдээ, нийтлэлүүдийг цувралаар хүргэж байна.

Ялгаатай байдлаа нандигнаж, сурталчилж, өөр бүхнийг эгнээндээ нэгтгэн, хаалганы гадна хэнийг ч үлдээдэггүй ээлтэй нийгмийг бүтээхэд та, бидний ойлголцол, дэмжлэг чухал билээ.

Эрэгтэй хүн бүрд баяр хүргэе. Олон улсад ч цэргийн баяраар эрэгтэй хүмүүс баярладаг байх. Тиймээс цэргийн алба хаагаагүй гэж санаа зоволгүйгээр, бахархалтайгаар баяраа тэмдэглээрэй. Орчин цагт “Жинхэнэ эр хүн” гэдэг бол хэмжүүр бус, харин өөрөөрөө байх, хүн байх хэв маяг билээ. Тийм ч учраас хөвгүүд ээ, залуус аа, аавуудаа баярламаар байвал баярлачихдаг, уйлмаар санагдвал уйлж чаддаг байгаарай. Энэ удаагийн Ub.life-ийн түүхүүдэд эр хүнээс эр хүнд хандаж юу захисныг хүргэж байна. 

“Эрийн цээнд хүрнэ гэдэг мэдээ орсон цагаас хойш гар хөл, оюун санааг хүлж байсан заавар зөвлөгөөнөөс өөрийгөө чөлөөлөх эрмэлзлээр дүүрдэг үе юм. Бусдын зөвлөгөөг анзааран сонсохоос илүүтэйгээр чихнийхээ хажуугаар өнгөрөөгөөд хорвоог өөрийнхөөрөө үнэлж, цэгнэх эрмэлзэл дүүрэн цаг. Би ч тийм л байсан. Ийм үед хамгийн их таалагдаж байгаа, хамгийн үнэн юм шиг бодогдож буй хувилбартаа хамгийн их эргэлзэж байгаарай гэхээс өөр хэлэх юм алга даа.” 

- Б.Цэнддоо, нийтлэлч, 60 настай

“Хэн нэгэнд зориулж биш өөрийнхөө төлөө эрх чөлөөг сонгоорой. Арван тав, зургаан настай байхдаа арай ах, эгч хүүхдүүдэд таалагдах гэж анх удаа тамхи татаж билээ. Зусланд амарч байсан үе санагдаж байна. “Цаашид үүнээс хамааралтай амьдрана даа” гэж бодон анх тамхи татсан хүн байдаггүй биз. Арван хэдэн жил харвасан сум мэт өнгөрч, нэг л мэдэхэд “тамхи дуусвал хаанаас авах билээ”, “тамхи татах цаг гараасай” гэж тамхиа бодож сэрсэн, унтсан, давчидсан, бухимдсан, муухай үнэртэй хүн болж хувирсан байсан. Хүүхэд наснаас авахуулаад гурван хүүхдийн аав болтлоо тамхитай үерхжээ. Тамхи бол өөдгүй найз. Чиний хүсэл эрмэлзлийг хүндэтгэн сонсдоггүй. Чамайг яг өөрийнхөөрөө байлгана. “Нохой зассан хүндээ янаг” гэдэг шиг тамхитай удаан нөхөрлөсөн тул хүн бүрийн өөрийгөө тайвшруулдаг бодлуудыг л бодож байлаа. Одоо бол тамхи орлуулах энгийн наалт, цацлага хэрэглээд гурван сар болж байна. Өдрийн цагаар хуучин найзаа их үгүйлдэг байсан ч, одоо бодохоо больсон. Хүнээр амьдралаа заалгадаггүй шиг, эрх чөлөөгөө битгий булаалгаарай. Алдсан бол алалцаад буцааж аваарай. Амжилт хүсье.”

- Э.Лхагва, сэтгүүлч, 35 настай, гурван хүүхэдтэй 

“Хайр бол сэтгэл хөдлөл, харин хүүхэд бол бодит үр дүн нь шүү дээ. Хүүхэд бол бие хүн, хорвоо ертөнц гэж боддог. Тиймээс хариуцлагаа ойлгож, аав хүн байгаарай.”

- Л.Сүхболд, гагнуурчин, 31 настай, дөрвөн хүүхэдтэй

“Эрэгтэй болж төрснөөрөө чи тодорхой хэвшил дагаж, нийцэж эсвэл өөрчлөгдөж амьдрах ёстой биш шүү. Өнөөгийн нийгэм залуус, хөвгүүдийг хорт зуршил, хүчирхийлэл, гэмт хэрэг рүү алхам тутам татаад байх шиг санагддаг. Дууны үг, хүчирхийлэл бүхий кино дүрслэл, үе тэнгийн шахалт гээд л. Мөн “жинхэнэ эрх хүн” гэх хоцрогдсон төдийгүй хор уршигтай зүйрлэлээр шахаж, эр хүн шиг биеийн хүчээр асуудлыг шийдэх ёстой гэж хүмүүжүүлсээр байна. Хөвгүүд эмзэг, мэдрэмтгий байвал хасагддаг, хөөгддөг, сэтгэл хөдлөл, хайр эсвэл анхаарал халамжаа ил гаргавал доромжлуулдаг, шоолуулдаг нийгэмд бид амьдарч байна. Гэр бүл, хайртай дотны хүмүүстээ ичиж эмээлгүй хайр халамжаа зориулж, сэтгэл хөдлөлөө нээлттэй илэрхийлж, бусдыг хүндэлж харилцахыг хичээгээрэй. Болзож буй охин эсвэл хүүгээ хүндэлж бэлгийн харилцаа, таашаал, хамгаалах арга хэрэгслийн талаар нээлттэй бас эерэг ярилцаж сурах хэрэгтэй. Энэ нь бусдын биед дураараа халддаг, хүчирхийлдэг соёлыг халахад тусална шүү, хөвгүүдээ. Бид, ирээдүйн залуус бол онгоцны үйлчлэгчийн биед дураараа хүрдэг нийгмийг устгаж, бэлгийн хүчирхийллийг үл тэвчдэг эрүүл нийгмийг Монголд төлөвшүүлэх хүмүүс шүү.”

- Jack (Г.Доржжанцан) , Нийгмийн эрүүл мэндийн судлаач, 28 настай

“Амьдрал босгох гэж битгий яараарай. Амьдралыг таньж мэд, бусдыг таньж мэд, өөрийгөө таньж мэд. Өөртөө анхаар, өөрийгөө хөгжүүл, наргиж цэнгэ, санхүүгийн хувьд тогтвортой болохыг эрмэлз. Ирээдүйгээ хамт босгох хүнтэй л гэр бүл болоорой. Бас аливаа харилцаа бүрд сайн ярилцаж, ойлголцохыг хичээж чадвал, бүх юм ок шүү. Уйлмаар санагдвал уйлчхаж байгаарай”

- Б.Цолмон, сэтгүүлч, 27 настай 

“Бусдыг айлгагч хүн битгий байгаарай. Захирсан, зандарсан өнгө аясаар бусадтай битгий харьцаарай. Эрэгтэй хүн гэхээрээ л хайш яайш байж, бусдын орон зайд халдаж болохгүй шүү дээ. Бас эгогоо дарж сурах хэрэгтэй шүү.”

- А.Энхбаяр, маркетингийн менежер, 26 настай

“Аав болсноос хойш л том хүн болсон мэт санагдах болсон. Сүүлийн үед, уур бухимдал, ажлын асуудал бүх юмыг хаалганы босгон дээр орхиод гэртээ орох хэрэгтэй гэдэг тухай их бодож байна. Хүүхэд жоохон юм чинь гээд дэргэд нь эхнэртэйгээ муудалцаж эсвэл хамаг зовлонгоо тоочоод байж болохгүй байх шүү. Тэр ч бүү хэл, санхүүгийн асуудлаа ярьж болохгүй гэж боддог. Миний хүү лав намайг ойлгоод байгаа мэт санагддаг. Элдэв асуудлыг том болох тусмаа ойлгож, өөр дээрээ тусгаад өөрийн мэдэлгүй стресстэж эхэлвэл яана. Тэгээд дотогшоо, зожиг хүн болчихвол яана. Хүүхдийнхээ нүдэнд компанийн захирал, хэн нэгэн мэргэжилтэн биш, үргэлж аав нь л байх юм чинь, дандаа сайн найз шиг дотно санагдах харилцааг үүсгэхийг хичээгээрэй”

- М.Дөлгөөн, бизнесийн шинжээч, 26 настай 

“Эмзэг байхаас хэн нэгнийг түшихээс битгий ичиж зовж байгаарай. Бид хад чулуу биш, хүн шүү дээ. Хатуу чанга байх нь эрэгтэй хүний үүрэг биш. Харин сэтгэл хөдлөлөө гаргах заримдаа сул дорой байж, бусдаас тусламж авах нь хүний эрх шүү дээ. Өөрийгөө төгс биш хүн гэдгээр нь хүлээн авч, хайрлах нь ч мөн эр зориг, хүч чадлын илрэл гэж би боддог.”

- М.Отгонтөгс, оюутан, 21 настай 

“Сөрөг хандлага улам залуужаад байгааг анзаарсан уу. Нийгэмд түгжрэл, эдийн засаг, үл хүндэтгэл, боломж бололцоо гээд стресстэх асуудал зөндөө байна. Гэтэл 13,14 настай бяцхан дүү нар минь хүртэл бухимддаг болчихсон юм шиг санагддаг. Одоо яг бидний эрин үе ирчихсэн гэдгийг бүгдээрээ л мэдэж байгаа шүү дээ. Тийм юм чинь, жаахан ч гэсэн эерэг байя л даа. Бяцхан дүү нар минь тэнд алхаж, тэнд сууж байвал та ч бас тийм байсан гэсэн үг биз дээ. Тэгвэл хэдүүлээ гоё эерэг зүйлсийг хүргэдэг ах, эгч байя. Яг л чамд гоё ах, эгч нарын тухай ярьж, эерэг үлгэр дуурайлалд сургасан хэн нэгэн шиг.”

- Rafor (Н.Наранмөнх), рэппэр, 21 настай

“Миний насны хүүхдүүдийн хувьд амьдрал дөнгөж эхэлж буй ийм үе ирж байна. Одоо юу ч тохиолдож, ямар ч хэцүү зүйл болж байсан, энэ бүхний дараа чи бие хүн болж, ухаантай, үнэт зүйлтэй хүн болон төлөвших болно. Тиймээс хэцүү байсан ч тэсээд, даваад гараарай. Тэвчээртэй бас зоригтой байгаарай.”

- М.Хаш-Эрдэнэ, оюутан, 19 настай 

“Бид бүгдээрээ л хичээлээсээ хоцорч, даалгавраа хийхээ мартаж, бас хааяа хичээлээ тасалчихдаг. Гэхдээ хамгийн гол нь, хичээлээ сайн хийгээрэй.”

- Г.Сүхбат, сурагч, 13 настай

“Элбэрэл хайр судсанд нь лугшдаг 

Эргэх дэлхий ухаанд нь багтдаг” 

МУАЖ, дуучин А.Долгорын дуулсан “Эр хүн” дуу бол сайн эрсийн тухай ардын дуунуудаас хойших хамгийн удаан дуулагдаж буй дуу юм. Тус дууны хөгжмийг СГЗ Р.Энхбаяр, үгийг Л.Дагвадорж 1984 онд зохиосон. Манай редакцаас өнөөдөр таны сонсох дууг илгээж байна.

Бэлтгэсэн: Э.Содура

Хамгийн их уншилттай
1
2022.07.26
Видео: Лэйди Гага руу тоглолтын үеэр шидсэн зүйл үл үзэгдэх хамгаалалтад ойжээ
2
2022.07.22
Сургууль руу халдаж магадгүй хэмээн сэрэмжилж өөрийн хүүгээ цагдаад мэдэгджээ
3
2022.07.15
Крис Хемсворт Натали Портмантай үнсэлцдэг хэсгийн зургийг авалтад орохын тулд махнаас т...
холбоотой мэдээ
1
2022.08.03
"Хортой" үйлдэл хийдэг эцэг эх дээр өссөн түүх, эдгэрэл, мэдрэмжээ хуваалцан нийтлэлд о...
2
2022.05.16
Ub.life-ийн түүхүүд | Ганцаардлаа хуваалцсан 10 бяцхан түүх
3
2022.04.08
UB.LIFE-ИЙН ТҮҮХҮҮД | Би ондоо байх тусмаа өөртөө итгэлтэй
санал болгох
1
21 цагийн өмнө
СУДАЛГАА | Чинээлэг, ядуу хүмүүсийн хоорондох нөхөрлөл ядуурлыг бууруулдаг
2
23 цагийн өмнө
Олон улсын "Excel" программын аварга шалгаруулах тэмцээн болжээ
3
Өчигдөр
25 жил сэтгэл гутралаар шаналсан блоггерийн зөвлөж буй 12 "эрүүл" дадал

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.