UBLife Logo
Longreads

Нарны аймгийн гадна орших анхны гарагийг нээсэн гурван эрдэмтний түүх

Ub.life
Ub.life
Нарны аймгийн гадна орших анхны гарагийг нээсэн гурван эрдэмтний түүх

Хүн төрөлхтөн оршин буй галактикаасаа ч хөгшин одыг анх удаа нээн илрүүллээ. Манай гарагаас 28 тэрбум гэрлийн жилийн зайд орших Эарендел нэрт одыг НАСА Хаббл огторгуйн дуран олж харлаа. Одоогоос 27 жилийн өмнө хүн төрөлхтөн нарны аймгийн гадна орших гарагийг анх удаа нээсэн. Тус нээлт сансар судлалын түүхэнд өөрчлөлт авчирсан юм.

Нарны аймгийн гадна орших гарагийг 1995 онд олж илрүүлсэн бөгөөд үүнээс 25 жилийн дараа сансрын физикч Жим Пиблс, Мишель Майор, Кембрижийн Их сургуулийн профессор Дидье Кело нар 2019 онд Нобелийн шагнал гардан авсан билээ.

Нээлт яагаад үнэ цэнтэй байсан тухай сонирхон судалж үзэхэд түүх гурван эрдэмтний ажлын өрөөнөөс эхэлж, дэлхийн хүн бүрийн толгой дотор үргэлжилж байгааг олж мэдсэн юм. Энэ нийтлэлээр уншигч та миний явсан замаар надтай хамт алхах болно.

1995 он. Нарны аймгаас гадуур орших гарагийг нээлээ

Аравдугаар сарын сэвшээ салхитай, нар шарсан, навчис хийссэн өдөр. Өдөржин салхилсан атал тогтуухан шөнө золгосон байх. Гадаа зогсоод, оддыг ширтээд, зурхайн бүх ордыг нэрлэж болохоор гайхмаар цэлмэг тэнгэртэй шөнө. Тэд яг шилэн дээвэртэй, бөмбөгөр оройтой ердийн нэгэн сансар судлалын хүрээлэнд ажилладаг байв. Өглөө 9 цагт өрөөндөө орж, урьдын адил ажлын нэгэн өдрийг дуусгасан. Доошлуулан тавьсан шилэн хоолойгоор зогсолтгүй урсах элс мэт цаг хугацааны хувьд сансрын физикчдийн хорвоод орших нэгэн өдөр яг л хуучнаараа өнгөрлөө. Хэн нэгэн хожим Швейцар гаралтай сансрын физикч Мишель Майор тэр шөнө “Галилео Галилейд баярлалаа” гэж амандаа бувтнасан эсэхийг сонирхож бодсон болов уу.

Харин маргааш өглөө нь ажилдаа яаран ирсэн нойрмог сэтгүүлч кофе аягалж байхад утсанд нь нэгэн дуудлага ирсэн биз. Үгүй ч байж мэдэх юм. Тэр хэлсэн үгийг нь дахин асууж, дуу хураагуураа аваад яаравчлан гарсан байж таарна. Үйл явдлыг сурвалжлаад буцаж ирэхэд нь харин хуучны том цагаан компьютер анх удаа асар удаан санагдсан гэдэгт итгэлтэй байна.

1995 оны аравдугаар сарын зургааны өдөр. Эрдэмтэд нарны аймгаас гадуур орших нэгэн гарагийг олж нээснээ нийтэд зарлалаа.

51 Пегаса - Нар төст гараг

Өнөө цагийн физикийн шинжлэх ухааны эцэг Галилео Галилей хүсэл мөрөөдөлдөө жинхэнэ утгаараа "шатсан". Тэр 1906 онд өөрийн анхны телескопыг зохион бүтээсэн юм. Ингэж грек хэлээр “тэнүүчлэгч” гэсэн утгыг агуулах “гараг” гэдэг нэр томьёо үүслээ.

Бөмбөрцөг хэлбэртэй, татах хүчтэй, цөмийн урвал явагдахад устахааргүй том, дэргэдэх биетүүдээсээ зайтай, үүнтэй харьцуулах хэмжээтэй биет ойр орчимд нь байхгүй сансрын биетийг ГАРАГ гэдэг. Гарагуудыг бүтцийн хувьд хийн болон хөрст гэж ангилна. Хачирхмаар нь, 51 Пегаса нар-төст буюу хийн бүтэцтэй гараг байсан юм. Бидний нарны аймагт дөрвөн чулуулаг хөрст гараг, таван хийн гараг оршдог. Дотроо хатуу төлөвт буй хий эсвэл усаар дүүрэн, гадна талаараа мананцрын гадаргуу үүссэн гарагийг хийн гэж нэрлэдэг.

Хүн төрөлхтөн өөрсдийн орших нарны аймгийн есөн гарагтай танилцаж дуусаад маш олон тооны од олж, тэдгээрийгээ холбон Грекийн домог ёсоор нэрлэсээр байсан юм. Энэ үед Жим Пиблс, Мишель Майор, Дидье Кело зэрэг эрдэмтэд од биш гараг нээсэн гэдгээ баталсан билээ.

“Галилео Галилейд баярлалаа”

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, хүн төрөлхтөн галактикийн сүүн зам дагуу 3063 гараг эрхсийг нээн илрүүлсэн байна. 51 Пегаса гарагийн нээлт олон эрдэмтэн, мэргэдэд урам зориг болж цаашид олон олон гараг эрхсийг нээхэд дөхөм болсон биз. Харин тухайн өдөр сэтгүүлчийн гарт байх сонины мэдээ “Харь гаригийнхан гэж үнэхээр бий юу” гэсэн гарчигтай байв. Үнэн хэрэгтээ, тэр жил Галилео Галилейн эсвэл Иоанн Липперсгейн толгойд төрсөн бодол 380 гаруй жилийн дараа үй олон эрдэмтдийн толгойд үргэлжилж байлаа.

Бидний нарны аймагт багтаагүй, Пегас (Pegasus) нэрт оддын нийлбэрээс л 50 гэрлийн жилийн зайд орших, дэргэдээ 51 Пегаса Б гэх дагуул одтой, өөр нарны аймгийн “нар” байж мэдэх (одоогоор бүрэн баталгаатай биш) шинэхэн гараг. Тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл бүрээр ийм мэдээ гарч байсан юм. Харин эрдэмтдийн толгойд “нар байж мэдэх” гэдэг хэсэг л тод үлдсэн гэдгийг 1995 оноос хойш хийсэн сансар судлалын судалгаанууд батална.

51 Пегаса 6,1-8,1 тэрбум жилийн настай, дагуулууд нь түүнийг ердөө дөрвөн өдөрт тойрдог. Өөрөөр хэлбэл манай Нарнаас хэд дахин хурдан гэсэн үг юм. Түүнчлэн, Нарнаас өргөн, Нарнаас хүнд, Нарнаас хөгшин гараг.

Нар шиг гараг байгаа юм бол Дэлхийтэй төстэй гараг хаа нэгтээ байж л таарна гэсэн бодол эрдэмтдийн толгойд эргэлдсээр бид одоо 3000 гаруй гарагтай танилцчихсан байна гэсэн үг. Бидний оршин буй галактикийн дэргэд хүн төрөлхтөн хэчнээн өчүүхэн, хэдий хэр гэрлийн жилийн настай вэ? 51 Пегаса, Нар, өөр хэдэн мянган гарагийн дэргэд нэг хүний амьдрал гэдэг огторгуйд орших огт оргүй байж. Амьдрал ердөө л ийм утгагүй атал хүн төрөлхтөн утга учир хайн амьдарсаар ирсэн. Ийм л янзаар, хийн төлөвт шатаж буй гарагийг Нар гэж нэрлээд, түүний дагуул есөн гарагт ч бас нэр өгөв. Эрдэмтэн Жим Пиблс, Мишель Майор, Дидье Кело нарын нээлт ийм үнэ цэнтэй байсан юм. Бид огторгуйн хэдэн мянган нарны аймгийн ердөө л нэг нь, магадгүй илүү том нарны аймгуудын дэргэд ердөө л тоос төдий.

Сансрын физикч Мишель Майор тэр шөнө “Галилео Галилейд баярлалаа” гэж амандаа бувтнаагүй ч байж мэдэх юм. Гэвч хэн нэгний гайхширсан хүсэл байгаагүй бол бид агуйгаас ч гарахгүй байсан шүү дээ. Галилео Галилейд баярлалаа.

Бэлтгэсэн: Э.Сударчулуун

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
3
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.