Хайх зүйлээ бичнэ үү

10 мин

"Програмчлал бол орчин үеийн хүний салшгүй хэсэг”


“Оюутны програмчлалын үндэсний XII олимпиад”-ыг энэ сарын 21-ний өдөр МУИС-д зохион байгуулав. Улмаар өчигдөр тус олимпиадад амжилттай оролцсон багуудад шагнал гардуулсан юм. Энэ үеэр програмчлалын олимпиадад амжилттай оролцсон багуудын төлөөлөл "NUM", мөн ивээн тэтгэгч "Unitel” группийн Шийдэл, хөгжүүлэлтийн менежер С.Цэдэнпүрэв, олимпиадыг зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга Г.Багаболд нартай ярилцлаа.

 "В” бодлогыг найман удаа оролдсон ч бодож чадаагүй"

“Оюутны програмчлалын үндэсний XII олимпиад”-д түрүүлсэн МУИС-ийн “NUM” багийн гишүүдтэй танилцуулъя. Тэднээс О.Тогтуун, Э.Төрбат нар компьютерийн ухааны ангийн III дамжааны оюутан бөгөөд харин У.Нямдаваа програм хангамжийн ангийн III дамжаанд суралцдаг. 

-Та гурав хэдийнээс хамтарч ажиллаж байгаа вэ?

-У.Нямдаваа: Тусдаа бэлтгэлээ хийж байгаад сарын өмнөөс л багаар ажиллах болсон. Өмнө нь алгоритм шинжилгээ зохиомж гээд хичээл дээр тааралдаж найз болсон л доо.

-Олимпиадын үеэр ямар тактикаар бодлогуудаа бодов?

-У.Нямдаваа: Бодлогуудаа уншаад “Би энийг чадна” гээд хуваарилж авсан нэгэндээ үл итгэх байдлаар нөгөө хоёр нь хөндлөнгөөс оролцохгүй, тэр хүндээ бүрэн найдсан. Харин “Тусламж хэрэгтэй байна. Энэ бодлого дээр ярилцъя” гэхэд “Би өөрийнхөө бодлогод анхаармаар байна” гэх байдлаар асуудал гаргалгүйгээр уялдаа сайтай хамтарч ажилласан. 

-Хэдийнээс програмчлалыг сонирхож, оролдож эхэлсэн бэ? 

-О.Тогтуун: Би есдүгээр ангидаа програмчлалын бодлого боддог байсан. Гэхдээ хэсэг хугацаанд хаячихаад хоёрдугаар курсээ төгсөөд дахин бодож эхэлсэн. Нямаагийн хувьд надтай хамт хичээллэж эхэлсэн. Бид хоёр арван жилдээ Нэгдүгээр сургуульд нэг ангид сурч байлаа. Нямаа програмчлалаар хичээллээд жилийн дотор Улсын олимпиадаас ганцаарчилсан байдлаар мөнгөн медаль авсан. Харин Э.Төрбатыг програмчлалдаа бид хоёроос сайн байх л гэж боддог.

-“Unitel” группээс та бүхнийг мөнгөн урамшууллаар ивээн тэтгэж, мөн олон шат дараалал бүхий ярилцлагад орохгүйгээр шууд ажилтай болох саналыг тавьсан. Энэ хэр бодит дэмжлэг болж байна даа?

-О.Тогтуун: Би “Амжилт дотком” ХХК-д веб хөгжүүлэгчээр ажилладаг. Э.Төрбат “V point”-д веб хөгжүүлэгчээр ажиллаж байгаа. Анх ажлын байран дээр гарахад асуудлуудыг нь л хурдан хугацаанд шийдэж өгч байвал ер нь хүмүүс дуртай байдаг юм даа. Аажимдаа туршлагажсаны дараа угаасаа л хурдан болчихдог. Шинэ зүйлтэй харилцсан ч мэдээлэлтэй танилцах нь илүү хурдан байдаг. Мэдээж хэрэг оюутнуудад "цалинтай дадлага" хийх болон бэлэн ажлын байрыг санал болгож буй нь олзуурхууштай зүйл. "Unitel" группээс залуучуудад итгэж буй учраас л ийм том боломжийг санал болгож байна гэж бодож байгаа. 

Өмнөх өдөр нь бэлтгэл тэмцээнд сайн оролцсон. Тэгэнгүүт бүх бодлогыг нь бараг бодчих болов уу гэсэн найдлага төрсөн л дөө. Гэхдээ чадсангүй дээ.

-Өөрийнхөө мэргэжлийн онцлогийг хамгийн энгийнээр тайлбарлаач?

-О.Тогтуун: Компьютерийн ухааны хувьд програм хангамж юм уу, мэдээллийн технологи ч юм уу бусад мэргэжлүүдээс ялгарах зүйл нь илүү математик суурьтай, алгоритм талдаа гэдгээрээ л болов уу. Их өгөгдөл орж ирэхэд түүнийг яаж хурдан хугацаанд шийдэх вэ гэдэг ч юм уу. 

-Түрүүн “Хэсэг хугацаанд програмчлалаар хичээллэхээ завсарласан” гэж хэлсэн шүү дээ. Компьютерийн ухааны мэргэжлийг яагаад сонгосон юм бэ?

-О.Тогтуун: Тухайн үед жаахан хүүхэд байсан болохоор програмчлал ямар гоё зүйл байсныг ойлгоогүй. Гэхдээ багаасаа л Google, Apple зэрэг том корпорациудад ажиллахыг мөрөөддөг байлаа. Тоглоом тоглож, комьпютертэй харьцаж өссөн маань энэ мэргэжлийг сонгоход нөлөөлсөн.  

-Компьютерийн ухааны мэргэжлийн хамгийн сэтгэл татам хэсэг нь юу байдаг вэ?

-О.Тогтуун: Ер нь хүнд бодлогыг нухсаар хариуг нь олох л хамгийн гоё мэдрэмж байдаг. “Програмчлалын үндэсний XII олимпиад”-ын үеэр “В” бодлогын бодолтыг найман удаа оролдлого хийгээд амжилтгүй болсон. Хэрвээ амжилттай бодчихсон бол бас нэлээд баярлах байсан даа.

-Танай баг хэчнээн бодлого бодсон бэ?

-О.Тогтуун: Долоон бодлого бодсон. Өмнөх өдөр нь бэлтгэл тэмцээнд сайн оролцсон. Тэгэнгүүт бүх бодлогыг нь бараг бодчих болов уу гэсэн найдлага төрсөн л дөө. Гэхдээ чадсангүй дээ. 

-Юу нөлөөлсөн бэ. Хугацааны хувьд амжсангүй юу, эсвэл бодлогууд нь арай хүнд байв уу?

-О.Тогтуун: Энэ бол миний хувийн үзэл бодол. Би багийнхаа гишүүдэд тусалж дэмждэг ч тэр хоёрын хэмжээнд арай хүрч чаддаггүй. Тэгэхээр миний дутагдал нөлөөлсөн байж магад. Уг нь тэмцээний өмнө 13 хүртэлх хуудас хэвлэмэл материал авч орохыг багуудад зөвшөөрсөн. Тэрэнд нэг алгоритм багтаачихсан бол бид ямартаа ч нэг бодлого нэмэлтээр бодчих байсан юм.  

С.Цэдэнпүрэв: Эдгээр залуусыг эерэг, найрсаг хамт олон хүлээж байна

“Оюутны програмчлалын үндэсний XII олимпиад”-ын эхний гурван шагналт байрыг “Unitel” группээс ивээн тэтгэж хамтран ажилласан юм. Тодруулбал, I байранд орсон багт хоёр сая, II байранд сая 500 мянга, III байрт орсон багт сая төгрөгийн хамт "Юнител" группт ажиллах "урилга"-ыг гардуулсан. Өөрөөр хэлбэл, програмчлалын олимпиадын эхний гурван байрт шалгарсан багийн гишүүд сургуулиа төгсөх болоогүй тохиолдолд “Unitel” группэд цалинтай дадлага хийх, төгсөөд бэлэн ажлын байранд шууд орох боломжийг олгож буй юм. Үүнтэй холбогдуулан тус компанийн шийдэл, хөгжүүлэлтийн менежер С.Цэдэнпүрэвтэй ярилцав. 

-Танай компани “Програмчлалын үндэсний XII олимпиад”-ыг ивээн тэтгэж, хамтран ажиллалаа. Мэдээлэл технологийн салбарын шинэ залуу үеийг дэмжиж, чадавхжуулахад хувь нэмрээ оруулах нь яагаад чухал вэ?

-“Unitel” групп мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарт монголдоо түүчээлэгч компани билээ. Бидний зүгээс чадварлаг авьяастнуудыг дэмжиж ажиллах, мөн боловсролын салбартай уялдаа холбоогоо сайжруулах бодлогыг баримталдаг. Нөгөө талаас түүчээлэгч компани гэдэг утгаараа энэ нь бидний үүрэг билээ. 

Дөнгөж ажлын карьериа эхлүүлж байгаа мэдээлэл технологийн салбарын оюутнуудын хувьд зөв газраа ажилласнаар зөв чиглүүлж, ирээдүйд ихийг бүтээхэд нь тодорхой хэмжээгээр дэмжлэг болно гэж бид найдаж байгаа. 

-“Unitel” группээс шагналт байрт шалгарсан хүүхдүүдийг ивээн тэтгэж, "цалинтай дадлага" хийх мөн олон шат дараалал бүхий ярилцлагад орохгүйгээр ажилтай болох боломжийг олгож байгаа. Энэ нь оролцогч оюутнуудад хэр үнэ цэнтэй дэмжлэг бол?

-“Програмчлалын үндэсний олимпиад”-д тэргүүлнэ гэдэг амаргүй. Дэлхийн хөгжлийг Монголдоо түүчээлэн авчрах их үйлийг бүтээхэд монгол инженерүүдийн ур ухаан, мэдлэг чадвар зайлшгүй шаардлагатай. Тэгэхээр дөнгөж сургуулиа төгсөж байгаа авьяастнуудад чадварлаг хамт олон, зөв удирдлага, менежменттэй, байгууллагын эерэг соёлтой компаниас ажлын байр санал болгож буй нь хамтдаа ихийг хийж бүтээнэ гэж итгэж байгаагийн илрэл юм.

-“Unitel” группэд ажиллах нь ямар давуу талтай вэ?

-Манай компани 2000 гаруй ажилтантай. Тухайн ажилтан болгон өөрийн гэсэн давуу талтай. Тэрхүү давуу талаа хаана, ямар хамт олонтой ажиллаж гаргах уу, яаж хамгийн өндөр үр бүтээмжид баг, хамт олонтойгоо хүрэх, хөгжлийг хэрхэн хурдасгах вэ гэдэгт бид байнга анхаарч ажилладаг. Эдгээр залуусыг эерэг, найрсаг хамт олон хүлээж байна. 

-Танай компанийн хувьд ажилчдынхаа ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн ямар бодлогыг баримталж ажилладаг вэ?

-Бид өөрсдийн ажилтнуудынхаа ур чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд байнга санаа тавьж ажилладаг. Ингэхдээ зөвхөн мэргэжлийн ур чадвар биш. Манлайлал, харилцаа, шинийг санаачлах, шийдэл олох гэх мэт ажилтнуудынхаа зөөлөн ур чадваруудыг хөгжүүлдэг. Бидний боловсон хүчин, ажилтнууд хөгжиж байж бизнесийн үйл ажиллагаа маань хурдтай явна. 

-“Unitel” групп цаашид мэдээлэл, технологийн салбарын тэмцээн, уралдаантай хамтарч ажиллах уу?

-Түрүүн хэлсэнчлэн бид боловсролын салбартай хамтарч ажиллахдаа хэзээд таатай байгаа. Дараагийн олимпиадуудад олон залуусыг оролцуулах чиглэлд хамтарч ажиллах, илүү өргөн цар хүрээтэй болгох, цаашлаад энэ салбар дахь монголын боловсон хүчний хөгжлийг дараагийн түвшинд хүргэхэд хамтарч ажиллахдаа бид байнга нээлттэй байна.

Г.Багаболд: Зарим судлаачид програмчлалыг "Орчин үеийн 

хүний салшгүй хэсэг” гэж үздэг

Үргэлжлүүлэн Програмчлалын үндэсний олимпиадыг зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга Г.Багаболдтой ярилцсан юм.

-“Оюутны програмчлалын үндэсний XII олимпиад” ямар онцлогтойгоор зохион байгуулагдаж байгаа вэ?

-Азийн бүсийн олимпиадын ивээл дор болдог гэдэг утгаараа олон улсын олимпиадын суурь гэж ойлгож болох юм. Энэ жилийн програмчлалын үндэсний олимпиадад 11 их, дээд сургуулийн баг оролцлоо. Зохион байгуулагчдын зүгээс мэдээлэл технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын ажилтнуудаас бүрдсэн багуудыг мөн урьж оролцуулсан. Энэ жил системийг шинэчилж domjudge дээр зохион байгууллаа. Domjudge бол маш цогц веб суурьтай бөгөөд 2019 онд оюутны дэлхийн олимпиадыг зохион байгуулсан систем юм. Тэгэхээр уг систем маш сайн туршигдсан гэсэн үг. Азийн бүсийн захирлуудын зөвлөлөөс энэхүү олимпиадыг шууд дэмжиж ажилласан. Мөн манай багийг олон улсын олимпиад зохион байгуулах хэмжээнд хүрсэн байна гэж дүгнэж байгаа. Олимпиадын шагналын санг “Unitel” группээс ивээн тэтгэж оролцсон. Олимпиадын явцыг таван цагийн туршид фэйсбүүкээр лайв стриймээр цацсан учир манай албан ёсны фэйсбүүк хуудсаас орж үзэх боломжтой.

-Ер нь програмчлалын олимпиадыг зохион байгуулахын ач холбогдол нь юу вэ?

-Оюутнуудаа чадвахжуулж олон улсын түвшинд хүргэх, мөн хаана яваагаа таньж мэдэхэд чухал нөлөөтэй. Цар тахалтай холбоотойгоор олимпиад маань хоёр жил өнжсөн учир маш их хүлээлттэй байлаа. Энэ онд МУИС-ийн 80 жилийн ой тохиож буй тул чанартай зохион байгуулахын тулд их, дээд сургуулиудаас тус бүр нэг багийг урьж оролцуулсан. 

Хуучин цагт мэдээлэл технологи аливаа байгууллагын хавсарга мэт яригддаг байсан бол өдгөө харин голлох ур чадвар болжээ. Тухайлбал, англи хэлтэй, мэргэжилдээ сайн байхад л ажилд авдаг байсан цаг улирч өдгөө мэдээлэл технологийн ур чадварыг нь заавал шалгадаг болсон.

-Та програмчлалын мэргэжлийн онцлогийг хамгийн энгийнээр тайлбарлаж өгөөч?

-Байгальд дээр байгаа аливаа процесс, өдөр тутам хэрэглэгдэж байгаа энгийн үйлдлүүд, хүмүүсийн хоорондын харилцааг програмчилж цахим системд оруулснаар бидний ажил хөнгөвчлөгдөж, тодорхой мэдээллийг шуурхай авах боломж бүрдэх юм. Зарим судлаачид програмчлалыг "Орчин үеийн хүний салшгүй хэсэг” гэж үздэг. 

-Энэ төрлийн мэргэжлийн эрэлт өнөөгийн нийгэмд хэр хурдацтай нэмэгдэж байна вэ?

-Маш их эрэлттэй байгаа. Учир нь Үндэсний програмчлалыг дэмжинэ ажиллаж буй байгууллагууд уг олимпиадад амжилттай, сайн оролцдог хүүхдүүдийг боловсон хүчнээрээ авч ажиллуулахыг хүсч байна. Хуучин цагт мэдээлэл технологи аливаа байгууллагын хавсарга мэт яригддаг байсан бол өдгөө харин голлох ур чадвар болжээ. Тухайлбал, англи хэлтэй, мэргэжилдээ сайн байхад л ажилд авдаг байсан цаг улирч өдгөө мэдээлэл технологийн ур чадварыг нь заавал шалгадаг болсон. Лайв стриймээр олон компанийн төлөөлөлтэй уулзаж байхад үүнийг онцолж байлаа. 

-“Unitel” группээс уг олимпиадыг ивээн тэтгэж, эхний байруудад шалгарсан багийн гишүүдийг бэлэн ажлын байранд урьж байна шүү дээ. Энэ хэр бодит дэмжлэг вэ?

-Маш том дэмжлэг. Оюутан байхдаа ажлын санал хүлээж авах нь тэр бүрий олон хүнд тохиолдохгүй боломж болов уу гэж дүгнэж байна. 

-Програм хангамжийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг дотоодын хэчнээн сургууль байдаг вэ?

-Ойролцоогоор 20-иод их, дээд сургууль энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгэдэг. МУИС тооцон бодох мэргэжилтнийг 1968 оноос хойш, харин програм хангамжийн мэргэжилтнийг 1993 оноос хойш бэлдэж байгаа.  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Элсэлтийн шалгалтын бүртгэл 4 дүгээр сарын 26-нд дуусна
2
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
3
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
1
0
0
0
1
1

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Batbold Magvan 2022.05.27 103.229.121.72

IO Institute 90-хэн хүүхэд авна гэсэн сурагтай байналээдээ, таминээ эртхэн хүүхдээ тийшээ л оруулаарайдаа, гуйж байна...

0 Хариулах