UBLife Logo
Ном

Яруу найрагч Л.Хасар агсаны ЕСӨН онцлох шүлэг

Яруу найрагч Л.Хасар агсаны ЕСӨН онцлох шүлэг

Төрийн шагналт, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсны хүү яруу найрагч Л.Хасар таалал төгслөө. Тэрбээр "Зүг чиггүй гурвалжин" номыг хэвлүүлсэн бөгөөд 2008 онд "Болор цом" наадмын эцсийн шатанд "Миний нэг өдөр ингэж санагдаад..." шүлгээ уншиж түрүүлсэн билээ. Түүний номын төгсгөлд Бавуугийн Лхагвасүрэн агсан "Хорин таван жилийн өмнө Хасарт зориулж "Уянгын тойрог" шүлгээ бичиж суухдаа 

-Миний хүү яруу найрагч болдоггүй ч байгаа даа! Гэж миний дотоод орчлон горьдож байсан шүү! Аав минь миний анхны номыг уншаад уйлж сууж билээ. Тэр нулимснаас том шагналыг би одоо болтол хүртээгүй яваа... Ижийдээ номоо үзүүлэхийн хувь заяаг, миний төөрөг зурлаганаас хасаж зурсан юм билээ... Ижийгээ насаа хурааснаас хойш, арван нэгэн жилийн дараа би номоо гаргаж, тэр жилийн ханш нээсэн өдөр ижийнхээ булшны өлмийд сууж, ижийдээ зориулсан шүлгээ амандаа удаан уншиж билээ... Ижий минь сонсох юм шиг... Сэтгэл жаахан онгойж, багтарч явсан будант сэтгэлд минь, сэлэмний ир шиг гэгээ зурсхийсэн сэн... Тэхдээ хяслангийн манан сийрээгүй... Хүү минь аав ижий хоёртоо номоо уншуулж хос баярын хишиг амсах нь... Хасарын бүтээхийн үүр бүдэг бадагхан хаяарч байгаад, би хөлөө мартаж, нисэхгүй байж далавчаа эрж байна... Бүтээх гэдэг алдаршихаас үнэтэй гэж аав нь хэлэх дуртай" хэмээн бичжээ. Ингээд яруу найрагч Л.Хасар агсны "Зүг чиггүй гурвалжин" номоос ЕСӨН шүлгийг онцлон хүргэж байна.

#1 Амт

Усан үзэмнээс 

Нарны нулимс "амтагдана"

Уйлж суугаа чамаас 

Алдаа "амтагдана"

Тойрмын мараанаас 

Туучаад өнгөрсөн тэмээ "амтагдана"

Өндөр холын одноос 

Гэрэл "амтагдана"

Өнгөрсөн цагийн дуртгалаас

Гэнэн "амтагдана"

#2

Гадас гороолох нохой шиг

Амьдрал дунд 

Гинжтэй

Хүмүүсийн тойрогт

Хөл дүрэн

Өдөр шөнийн тэгийг

Газарт дугуй зурж

Тэнүүчлэх хүмүүсийн дунд

Дугуй зурж

Эцэс төгсгөлгүй энэ дугуйг даган

Би хүмүүсийн дунд явна

Би энэ хүмүүсийн

Эхлэлсэн Билүү...

Төгсгөлсөн Билүү...

#3

Буцах шувуудыг гарч бүү үд

Уулнаас тэд салж ядан байгаа

Чамайг уул гэж андуурч мэднэ

Буцах шувуудыг гарч бүү үд

Буцах шувуудыг инээж бүү үд

Холдож салахын гунигт автсан тэдэнд

Хорсмоор харагдана 

Буцах шувуудыг инээж бүү үд

Буцах шувуудыг уйлж бүү үд

Чамаас ус үнэртэнэ

Чамайг усаа гэж эндүүрч хоргодно

Буцах шувуудыг уйлж бүү үд

#4 Гутал

Томдсон гуталтай нэг хүү

Гудамжнаас сэрж байдаг

Тоомсоргүй ихэмсэг жаргал дундуур

Гунигтай алхаж явдаг

Атаа шатсан өлөн нүд нь

Нулимсаар цаддаг

Унах нулимс болгоныг нь

Гутлын нь хоншоор залгилж

Үргэлж нойтон гуталтай явдаг

Томдсон гуталтай хүү

Гудамжнаас сэрж байдаг

Тоомсоргүй ихэмсэг жаргал дундуур 

Гунигтай алхаж явдаг.

#5 Хайр

Миний хайр улаан өнгөтэй

Кармений даашинз шиг

Галзуурсан бухын нүд шиг

Миний хайр хөх өнгөтэй

Үзэгний бэх шиг

Тэнгэр шиг хөх

Миний хайр шар өнгөтэй

Хамба ламын дээл шиг

Хар тамхины цэцэг шиг

Миний хайр ногоон өнгөтэй

Усны замаг шиг

Ногоон дарь эх шиг

Миний хайр хар өнгөтэй

Хэрээ шиг

Шөнө шиг

Миний хайр

Солонгийн долоон өнгөтэй

Миний хайр солонго шиг

Тэнгэр мэгшсэний дараа 

Энд тэндгүй татдаг.

Миний хайр 

Солонгийн долоон өнгөтэй

Миний хайр

Солонго шиг хоосон

#6 Хагацал

Чи шатаж байсан

Чиний амьсгаа хүртэл шатаж байсан

Шатсан мод шиг сормуус чинь

Хацар дээр чинь унаж

Шатаж байсан...

Нээрэн чи шатаж байсан.

Нийлээд бид хоёр шатаж байсан.

Нуухын аргагүй асаж байсан.

Нурам болтлоо цогшиж байсан.

Даарсан хагацал

Дэргэд 

Дагжиж байсан...

#7 Хөгшин модон гүүр

Хөгшин модон гүүрэн дээр

Халтар сар зогсоно.

Хүний мөр битүү,

Сүнс гишгэх зайгүй...

Хөгшин модон гүүрэн дор...

Үргэлж салхитай

Гиншинэ...

Хөгшин модон гүүрэн дээр

Халуун нар зогсоно

Хүйтэн усанд дүрээстэй

Хөгшин гүүрний мод

Сөөнгө хоолойгоор

Хяхатнана...

Модон гүүрэн дээгүүр

Монголын үзэл зөрөлдөнө.

Усандаа багадсан гүүр байсан

Гүүрэндээ багадсан ус болсон

Мөлжсөн яс шиг

Хөгшин модон гүүрэн дээр

Тэнгэр зогсоно.

Тэнд хүний мөр битүү

Хойт нас гишгэх зайгүй.

#8 Хүсэл

Хүн болгон нисдэг болохоор нь

Шувуу болохыг хүсдэг

Би бас л адилхан

Шувуу болохыг хүсдэг...

Гэхдээ би

Нисдэггүй шувуу болно

Эх газрын шороог

Ходоодондоо тээгээд

Дааж нисдэггүй

Ийм л

Шувуу болно.

#9 Сүүдэр

Нарнаас би өглөө болгон хождож сэрдэг

Нойрмог босоод

Үнгэж зүүдэлж хоносон

Жижигхэн сүүдрээ чирээд...

Хүмүүсийн дунд би урсдаг...

Үргэлжлэн цувах хүмүүсийн дунд

Сүүдрээ чирээд...

Үдэш болтол тэнэдэг

Хүмүүсийн сүүдэр

Сүүдэр дээрээ давхацдаг...

Бие биенийхээ сүүдрийг

Битүүхэндээ тэд хэмжицгээдэг...

Үүрэглэж байсан болжмор

Сүүдрээс минь цочин нисэхэд 

Өөрөөсөө том сүүдрээ би хардаг

Өөрийнхөө сүүдэр дээр өөрөө гишгэдэггүй

Сүүдрээ чирээд...

Цагаан гэгчийн орондоо

Хар сүүдрээ дэвсээд 

Цагаан зүүд үздэг

Сүүдрээ чирээд... 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
3
0
0
0
2
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.