UBLife Logo
-

The Radio Dept: Зүүд мөрөөдлийн биелэл

UBLife
UBLife
The Radio Dept: Зүүд мөрөөдлийн биелэл

Би хамгийн анх “Empire of the Sun” хамтлагийн “Walking on a dream” дуугаар электроник хөгжмийн хүнд дугаралтуудыг агаарт хөвөх мэт хөнгөн хэмнэл рүү хөрвүүлсэн “Dream pop” урсгалтай танилцаж байлаа. Тэр үеэс огцом хэмнэлтэй хөгжим төдийлэн чихэнд наалдаж өгдөггүй байсан надад энэ төрлийн дуунууд таалагдах болсон юм. Барууны орнуудад 1980-аад онд алтернатив рок урсгалын дэд төрөл болж хөгжсөн “Dream pop” болон “Shoegaze” урсгалуудыг хөгжмийн бүх төрөл жанруудтай хослуулж болдгоороо онцлог.

Тэгвэл энэ урсгалын өнөө цагийн томоохон төлөөлөл “The Radio Dept” хамтлагийг бид өөрийн нүдээр харж, чихээр сонсох боломжтой боллоо. Энэ жилийн “Playtime 2016” хөгжмийн фестивальд Шведийн “The Radio Dept” хамтлаг оролцоно гэх мэдээ Монголын “dream pop”, “shoegaze” төдийгүй амьд хөгжим сонирхогчдод зүүд, мөрөөдөл мэт санагдаж байсан нь гарцаагүй. Гэхдээ энэ зүүд биш, “Dream pop”, “Indie Rock”-ийн “акул”-уудыг бид тун удахгүй энд, Монголд, “Playtime”-ийн тайзан дээрээс сонсох болно.

Хамтлагийн гишүүд Жоан Данкансон, Мартин Ларссон нар хамтлагаа урьд нь шатахуун түгээх станц байж байгаад хожим радио засварын газар болсон “Radio Department” гэх газрын нэрээр нэрлэсэн гэдэг. Энэ хамтлаг Камертон хамтлагтай “нас чацуу” бөгөөд “Lesser Matters” (2003), “Pet Grief” (2006), “Clinging to a Scheme” (2010) гэх гурван цомог л гаргасан билээ. “The Radio Dept” хамтлагийн илэрхийлэл болсон шуугиант-аялгуулаг дугаралт 2000 оны “Against the Tide” болон 2003 оны “Pulling Our Weight” нэртэй богино хэмжээний бүтээлүүдэд илэрхий шингэсэн байдаг. Эд бүгд Данкансон, Ларссон нарын гэрийн студид мэндэлсэн бүтээлүүд юм.

Тэдний хөгжмийн амин сүнс нь бүдэг бадаг сонстох электроник бөмбөрийн цохилтыг синезатор болон гитарын нарийн дугаралттай гайхам хослуулж чаддагт оршино. Эл учир битүүлэг нүргээнт чимээний гүнээс Данкансоны зөөлөн хоолой аяар шивнэх нь нийгэм, улс төр, аль эсвэл бүр хөгжмийн салбар дахь тогтсох хэв маягийг эсэргүүцэн, зөрүүдлэх мэт. Энэ тогтсон хэв загвараас гажуудсан сэтгэлгээ нь “Pseudo-shoegazey” дуугаралттай “Against the Tide”, “Why won’t you talk about it” гэх бүтээлүүдээс илт мэдрэгдэнэ.

Тус хамтлагийн 2003 онд гаргасан “Lesser Matters” нэртэй анхны бие даасан цомог тухайн үед Шведийн хамгийн шилдэг индиепоп цомгоор нэрлэгдэж байв. Түүнчлэн Их Британы долоо хоног тутмын хөгжмийн хэвлэл “NME” тус цомгийг оны шилдэг 10 цомгийн нэг хэмээн зарласан удаатай. Мөн 2006 онд зохиолч, найруулагч Софиа Коппола “The Radio Dept” хамтлагийн гурван дууг Францын хатан хаан Марие Антойнеттын тухай бүрэн хэмжээний киноны дуугаар сонгосноор “The Radio Dept”-ийн шүтэн бишрэгчдийн тоо дэлхий дахинд огцом нэмэгдэж эхэлжээ. Залуу уншигчид Жон Грийнийн “The Fault in our stars” зохиолоос сэдэвлэсэн найруулагч Жош Бүүнийн киноны “Strange things will happen” дуугаар “The Radio Dept” хамтлагийг илүү сайн мэднэ биз ээ.

Тэднийг тайзан дээрээс сонсоно гэдэг тийм ч олон тохиох зүйл биш. Учир нь “The Radio Dept”-ийнхэн сонсогч олны дунд байхаас илүү гэрийн студи, гадаад талбайдаа “бүгэх” дуртай. “The Guardian”-ийн сэтгүүлч Мэлколм Жэкийн бичсэнээр тэр “The Radio Dept”-ийг 2008 онд Стогольм хотод болсон Попаганда фестиваль болон 2010 онд Гласговд “Saint Etienne” хамтлагтай хамтран тоглож байх үеэр “амьдаар” сонсож байжээ. Гэхдээ тэд тайзан дээр ердөө 20 минут тоглоод л буусан байна. Гэхдээ энэ хугацаанд үзэгч, сонсогчид руу хандаж нэг ч үг дугаралгүй зөвхөн хөгжмөө л тоглож байсан гэдэг. “Бид богино зүйлсд дуртай. Сингл дуу, богино хэмжээний EP цомог, богино үзүүлбэр гэх мэт. Богино гэдэг бол бидний түлхүүр үг” хэмээн Данкансон ярьжээ.

Тэд бол олон цаг зогсолтгүй амьдаар тоглож чадах ч үргэлж илүү ихэд шунадаг сонсогч фенүүдээ дутуу мэдрэмжийг үлдээгээд буцаж мэдэх хүмүүс. Данкансон Стогольм дахь бэлтгэлийн байрандаа түр завсарлага авах зуураа “Бид шинэ цомгоо гаргах хүртэл аялан тоглолт хийхгүй гэж төлөвлөж байлаа. Гэхдээ бидэнд Монголд тоглох урилга ирэхээс өмнө шүү дээ. Бид урьд өмнө хэзээ ч Монголд очиж байгаагүй. Тиймээс л бид зөвшөөрсөн юм” хэмээн “South China Morning Post”-д өгсөн ярилцлагадаа дурджээ.

“The Radio Dept” хамтлаг энэ амралтын өдрүүдэд “Монгол шилтгээн”-д зохион байгуулагдах “Playtime” наадамд оролцсоныхоо дараа бусад Азийн орнуудаар жижиг хэмжээний аялан тоглолт хийхээр төлөвлөөд байгаа аж. Улаанбаатараас гараад энэ сарын 29-нд Хонгконгийн “The Hangout” тоглолтын танхимд тоглоод цааш Сөүл, Тайпэй, Шанхай, Бээжин, Банкок хотуудад тоглох юм байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
29
40
13
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.