Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

О.Одгэрэл: "Соёлын наадам"-ын үеэр төрөл бүрийн урлагийн тоглолтуудыг үнэгүй үзэх боломжтой


"Соёлын наадам"-ыг "Рио Тинто Монгол" компанийн ивээн тэтгэлгээр долдугаар сарын 11, 12-ний өдрүүдэд 14 дэх жилдээ СУИС, Монголын урлагийн зөвлөл, соёлын өв тээгч, уран бүтээлч нийт 200 гаруй хүн хамтарч Хүй долоон худгийн "Монгол наадам" цогцолборт зохион байгуулна. "Соёлын наадам нь анх 2008 онд зохион байгуулагдаж, улмаар 2015 оноос Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт албан ёсоор багтжээ. Ингээд тус наадмын зохион байгуулагчдын нэг Монголын урлагийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал О.Одгэрэлтэй ярилцлаа. 

-“Соёлын наадам”-ыг зохион байгуулах санаа анх ямар байдлаар төрсөн юм бэ?

-Хүй долоон худагт цугласан наадамчид хурдан морь барианд орохыг хүлээж, үзчихээд л тарчихдаг байв. Үүнийг анзаарчихаад “Яагаад Хүй долоон худагт наадамлаж болохгүй гэж” хэмээх сэдэл төрсөн. Зөвхөн морьд барианд орохыг харах бус харин ч эндээ өдрийн туршид наадамлана, цэнгэдэг болъё гэх санаанаас "Соёлын наадам" зохион байгуулах ажил эхэлсэн юм. Нүүдэлчний соёлын наадам учраас нүүдлийн соёлыг харуулсан өртөөнүүдийг бий болгож, уран сайхны тоглолтуудыг зохион байгуулан, уран бүтээлчдээ ч дэмжье гэх байдлаар анхны санаачилга хэрэгжиж байлаа.

“Салхин ариусал” өрөг урлалын инстолляция нь домогт үндэслэсэн сүнслэг чанартай бүтээл юм. “Зэв” дижитал музейн контент нь Их Монгол улсын нийслэл Хархорум хот өнөө цагт байсан бол хэмээн мөрөөдсөн бүтээлийг харуулна. Эдгээр нь уламжлалыг технологитой холбосон шийдлүүд юм.

-Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагддаг Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа тэргүүтэй урлаг соёлын олон арга хэмжээнүүдэд үзэгчийг оролцуулах боломж хязгаарлагдмал. Харин “Соёлын наадам”-д үзэгч өөрөө санаачилгатай, оролцоотой байж монгол наадам хийгээд зан үйлийн утга тайллыг ойлгох боломж бүрдэхээрээ онцлог юм болов уу?

-Хотоос гарч цэвэр агаарт наадамлана. Гэхдээ зөвхөн морьд барианд орохыг хүлээж суух биш өөрсдөө сонирхолтой зүйлсийг турших байдлаар оролцож, гэр бүлээрээ цагийг хөгжилтэй өнгөрүүлэн, улмаар дурсамж бүтээх боломжийг хүмүүст олгож байгаа юм л даа. Тухайлбал, монгол бичгийн уран бичлэгээр нэр бичүүлж дотнын хүндээ дурсгах, эсвэл өөрийн хийсэн эсгий урлалын бүтээлийг гэртээ авч харих боломжтой. Мөн хүүхдүүддээ төрөл бүрийн урлагийн тоглолтуудыг үнэ төлбөргүй үзүүлэх боломж ч байгаа. 

-Хүүхдүүд өөрсдөө оролцож ямар зүйлсийг бүтээх боломжтой бол?

-Гар урлалын бүтээл урлах, морь будах, сампин зангидах, нум сум харвах, дижитал музей үзэх, зураг зурах, гэрэл зургаа даруулах зэргээр оролдож үзэх боломжтой сонирхолтой зүйл зөндөө бий. 

-“Соёлын наадам”-ын хөтөлбөрүүдийг хараад өрөг урлал, дижитал музей гэх зэргээр орчин үеийн шинэлэг хэлбэрийн бүтээлүүдийг багтаажээ хэмээн таамаглаж байна л даа. Энэ үнэнд хэр ойр таамаг вэ?

-Шийдэл нь орчин үеийнх боловч үзэл санаа нь нүүдэлчин соёлтой холбогдоно. Тодруулбал, “Салхин ариусал” өрөг урлалын инстолляция нь домогт үндэслэсэн сүнслэг чанартай бүтээл юм. “Зэв” дижитал музейн контент нь Их Монгол улсын нийслэл Хархорум хот өнөө цагт байсан бол хэмээн мөрөөдсөн бүтээлийг харуулна. Эдгээр нь уламжлалыг технологитой холбосон шийдлүүд юм.

-Урлагийн зөвлөлийн хувьд “Соёлын наадам”-д ямар байдлаар хамтарч оролцож байгаа вэ?

-Урлагийн зөвлөл “Монголын нэг өдөр”, “Нүүдэлчний соёлын хотхон”-ыг хариуцдаг. Мөн уг арга хэмжээнд уран бүтээлчдийг оролцуулах, улмаар бүтээлүүдээр нь дамжуулаад тэднийг таниулан сурталчлах бөгөөд түүнчлэн уран бичлэг, эсгий урлал, нум сумын харваа, аварга монгол зэрэг өртөөнүүдийг ажиллуулна. 

Д.Даваасүрэн: Соёлын наадмыг сургалт, судалгаа, уран бүтээлтэй холбохыг эрхэмлэдэг

Мөн СУИС "Соёлын наадам"-ыг хамтарч зохион байгуулж байгаа бөгөөд багш, оюутнуудын өргөн бүрэлдэхүүнтэй багийг оролцуулах аж. Тэд мөн долдугаар сарын 13-нд Хүй долоон худагт болох Уяачдын наадмыг хамтарч зохион байгуулах билээ. 

СУИС-ийн Театр урлагийн сургуулийн захирал Д.Даваасүрэн "Соёлын наадмын урлагийн тоглолтод СУИС-ийн театрын болон бүжгийн урлагийн сургуулийн багш, оюутнууд оролцоно. Нээлтийн тоглолтод Ардын жүжигчин А.Дашпэлжээ, А.Долгор нар “Учиртай гурван толгой”дуулалт жүжгийн Юндэн, Нансалмаагийн хоршлыг дуулах юм. Тэд өмнө нь олон удаа “Учиртай гурван толгой”-д тоглож байсан боловч энэ удаад олон жилийн хойно хамтран дуулж байгаа тул баяр бахдалтай байгаа. Мөн СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн багш нар бий биелгээ хийнэ. Гэхдээ мэргэжлийн уран бүтээлчдээр хязгаарлагдахгүй наадамчин олонтойгоо хамтарсан бий биелгээ хийхээр бэлдэж байгаа. Бий биелгээ ЮНЕСКО-д бүртгүүлсэн соёлын биет бус өв билээ. "Соёлын наадам" СУИС-ийн мэргэжлийн урлагийн сургуулиудын оюутнуудын дадлага болдог. Багш нартайгаа хамтраад Үндэсний хэмжээний баяр наадмын тайзан дээр уран бүтээлээ толилуулах нь урлагийн хүн болж сэтгэхүй, биеэ бэлтгэх, тайз болоод үзэгчтэй харилцаж сурна гэдгээрээ үр өгөөжтэй. СУИС-ийн Соёлын сургуульд менежментийн хөтөлбөрөөр суралцагч оюутнууд зохион байгуулалтын багт мэргэжлийн багш нараараа ахлуулан ажиллаж байна. Соёлын наадам бол СУИС-ийн нийгэм рүү чиглэсэн үйл ажиллагааны томоохон хэсэг учраас бид сургалт, судалгаа, уран бүтээлтэйгээ холбохыг эрхэмлэдэг. Монголын өв соёлоо сурталчилъя, түгээн дэлгэрүүлье, таниулъя гэх аваас нийгмийнхээ хандлага, чиглэлийг барьж байх ёстой. Гэхдээ язгуур хэв шинжээ тодорхой хэмжээгээр хадгалж байх нь мөн чухал. Ямар өв соёлыг дижитал хэлбэрээр үзүүлж болох уу, шинэ дэвшилтэт технологийг ашиглан үндсэн язгуур өв соёлоо хэрхэн баяжуулж болох уу гэдэгт нэлээн анхаарсан л даа. Тиймээс инстолляция гэхэд л Монголд харьцангуй орчин үеийн урсгал боловч домын соёлтой холбогдсоноороо язгуур соёлоо шинэ хэлбэрээр үзэгчдэд хүргэж буй хэлбэр юм" хэмээн ярилаа.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Г.Доницетийн "ДУРЛАЛЫН УНДАА" хошин дуурийг үзэх 5 шалтгаан
2
3 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
3
2024.04.19
Монгол улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн Биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ
санал болгох
1
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.