UBLife Logo
Авторын булан

Зураачийн хөрөг

Зураачийн хөрөг

Түүнийг ээж нь ирээдүйд жүжигчин болно гэж төсөөлнө. “Балчир үеэ нэхэн санавал би хүн дуурайж байдаг юм. Хөрш айлын эмээгийн араас бөгтийсхийн өвдгөөрөө нахилзан алхах зурвасхан “бичлэг” ой тойнд хадгалагдан үлдсэн нь хамгийн анхны дурсамж байх. Тэр эмээ хэн болохыг ээжээс хожим асуухад манайх Өвөрхангайгаас Улаанбаатарт ирж суурьшихдаа буусан Улиастайн 10 цагаан байшингийн хөрш “Хужирбулангийн” Санжаа гуай гэх. Намайг дөнгөж хоёр ой гарантай байхад харж өгдөг байсан бөгөөд би тэр хөгшнийг дуурайн алиалдаг байсан юм билээ. Багын дурсамжууд өчигдөр, уржигдар болсон явдлаас санаанд хамаагүй тод үлддэг нь сонин юм шүү”. Дөнгөн данган алхах мөртлөө хоёр гартаа харандаа барьчихаад эвлэгхэн сараачих охиноо том болоод зураач болно гэдэгт харин аав нь огтоос эргэлзэж байсангүй. 

“Миний өвөө, эмээ гэж яг л үлгэр домогт гардаг шиг увдист хоёр буурай байв. Өвөө урт гаанс зуун утааг нь үлээхэд агаарт элдэв амьтан суунаглан гэрийн тооно өөд замхардагсан”. Өвөө нь үнэхээр тэгж агаарт зурдаг байсан, эс бөгөөс охин харцаараа урладгийн алин болохыг ялгаж салган лавлая гэхнээ одоо болсон хойно нэхэхэд нэгэнт оройтжээ. Шөнийн амгалан ирэхэд эмээ нь аль цагийн эрт балраас сонсож хоцорсон үлгэр туульсаас ёс мэт хүүрнэн өгүүлсээр унтуулах бөгөөд “Чи бол Урианхай-Тува хатдын үнэн удам, билэг оюун, авьяас увдист гүнж юм шүү дээ” гэж төгсгөл бүрт хэлээд үүх түүхээ жаргаадаг нь өнөө хэр үнэ цэн, үнэн мөн болон охины сэтгэлд хоногшин үлджээ. Өдгөө Өэлүн гэж нэрийдсэний нь учрыг ухах, нотлохыг хүсэгчдэд үзүүлэх угийн бичиг түүнд бий аж.

“Манайх удалгүй Улаанхуаранд нүүн ирж, аавын харьяалдаг Батлан хамгаалах яамнаас хуваарилсан 68-ын 40 тоот хэмээх хэзээ ч мартагдахааргүй хаягт өөрийн ам бүл 12-уул, ах дүүсийн 10 нэмэгдээд хамтдаа олон жил найртай, жаргалтай амьдарсан юм. Тиймээс би Улаанхуарангийн хүүхэд. Энэ газар бол ёстой л миний ясли, цэцэрлэг, сургуулийн андуудын буурь юм даа”. Миний ясли, цэцэрлэгийн андууд аа! УИХ-ын сонгуульд өрсөлдөж байхдаа Л.Өнөрчимэг мотоциклиор давхин тойргийнхонтойгоо ийн мэндчилсэн бичлэг цацагдаж, үзэгчийн тоогоор сонгуулийн контентуудыг соошлд тоосоороо булж байв.   

Л.Өнөрчимэгийн хүүхэд, залуу насны гэрч Улаанхуаран бол цэргийнхний хотхон. Хил хязгаар, анги нэгтгэлүүдэд томилогдон ажиллаж яваад нийслэлд төвхнөсөн цэрэг армийн гэр бүлүүд, Батлан хамгаалах яам, Офицерын ордон, эсвэл Өнөрчимэгийн аав Б.Лүүрэв гуайнх шиг яамны дэргэдэх аль нэг нэгжид алба хаагчид, бага тушаалын офицеруудаас авахуулаад генералууд Улаанбаатарын зүүнтээх энд буй. Тэд эндээ дарга, цэргийн ялгал үгүй, хүүхэд үүхэдгүй элгэмсэнэ. Бүгд бие биеийнхээ нүдэн дээр амьдарна. Сайнаар ярьвал садан, саараар хэлбэл танил. Улаанхуаран цэргийнхний хотхон учраас эндэхийн хүүхдүүд нэр төр, алдар суу, эр зоригийг дээдэлнэ. Энд бас Улаанбаатарт аймшигт цуу дэгдээдэг ч гэр зуураа нөмөртэй шийртнүүдийн өлгий байв. Энд бас өнөөдөр Монголын толгой баян гэгддэг эрчүүд анхны панзаа эхлүүлж байв. Энд бас үзэсгэлэнт охид, үнэнч бүсгүйчүүд бий. Энд бас Улаанбаатар хотын өнчин хүүхдүүдийн асрах газар нээгдэж, Улаанхуарангийн бүх хүүхэд сурдаг 10 жилийн 53 дугаар дунд сургуулийнхантай нэгэн бүл болон амьдардаг байв. Бяцхан Өнөрчимэгийн гэр бүлийг энд нүүн ирэхэд ийм орчин угтаж, тэр энд ургах болно.   

Шинэ сайхан гэрийнх нь хоёр өрөөний ханаар дүүрэн аавынх нь урласан зургууд, бурхадын баг, уран цутгуурууд өлгөөтэй харагдах тэднийх Улаанхуаранд тэр даруй “музей шиг айл” хэмээн алдаршсан юм. Илбийн мэт зүйлсэд охин дурлана. Ийм зүйлс л түүний зөн совин, хүсэл мөрөөдлийг итгэл үнэмшил болгон хувиргана. Монголын Ардын армийн Бэлэг дурсгалын командын захирал Б.Лүүрэв гуай гэрэл зургийн аппаратаараа гэр бүлийнхнийхээ зургийг авах хоббитой. Хүүхдүүдээс Өнөрчимэг л дурангийн өмнө дуулгавартай, аятайхан зогсож өгөхгүй нь яггүй дээ. “Би зурагт ямар нэг онцгой дүр бүтээмээр санагдана. Толгойгоо гилжийлгэх, нэг бол амаа ангайх, эсвэл бүр хамраа үрчийлгэмээр тэсгэл алдана. Хальс ховор тул аав нэг л дарна. Би яаж ийгээд арай өөр гарч амждагсан”. Тэр үнэхээр арай өөр байв. Аав нь гэрэл зургаа боловсруулахаар хортой шингэнд хальсаа хийж, нямбайлан гаргаж хатаах үест Өнөрчимэг өндөр ширээн дээрээ үсэрч гараад нөгөө эмзэг хальснуудыг хямсаагаар шүүрэн, зураг болон хувирах ид шидийг өөрийн нүдээр харах гэж аавтайгаа булаалдан зугтана. Түүнээс өөр тэгж дүрсгүйтэх хүүхэд тэднийд үгүй. Охиныхоо бусдаасаа арай өөр байгааг эцэг эх нь анзааран зөвшөөрч, арван хүүхдээсээ учирлангуй, аргадангуй, арай өөр ханддаг байжээ. Охин таван настайдаа өөрийн хөргийг зураад түүнийгээ “Би” гэж нэрлэсэн бөгөөд цэцэрлэгт байхдаа анхны бие даасан үзэсгэлэнгээ дэлгэн үзүүлэхүйц олон зураг зурсан байлаа. Ердөө арваад жилийн өмнөх хүртэл тэр “Би” хадгалагдсан ч он цаг, нүүдэл суудлын хөлд үгүй болжээ. Харин бяцхан охины дотор ассан “Би” одоо ч арилсангүй. Тэр бусдаас өөр, хүмүүсийн бодлоос өөр, нийтийн тогтоосон хэмжүүр, он цаг, орон зайн хайрцгаас ангид өөрийнхөөрөө үлджээ. 

“Өнөрчимэг хичээл дээр сууж байгаад л ямар завандаа ч юм балын харандаагаар бууны овоон дээр сууж байгаа тагтаа зурчих жишээний. Эмэгтэй хүүхэд мөртлөө мужааны ажилд хүртэл гаршсан, мод, төмрөөр юу л бол юу урлачихдаг. Өнөрөөгийн хийдэг манай ангийн ханын сонин, багт наадам, урлагийн үзлэгийн хувцас гоёл их өвөрмөц уртай болдог. Нэг зун бид хөдөлмөр зусланд ангиараа явав. Охид ааруул дэлгэцэн дээр тавьж, ялаа, шувуунаас хамгаалан ээлжлэн манана. Нэг хартал Өнөрөө манаагаа орхиод байр руугаа гүйж харагдана. Тэгээд эргэж ирдэггүй ээ. Оройн хоолон дээр биднийг хурга тэвэрсэн хоёр хүүхдийн хөөрхөн зурагтай угтаж билээ. Гэнэт л толгойд нь тэр санаа зурагдчихаад, бушуухан буулгах гэсэн хэрэг байж л дээ. Найзынхаа тэмдэглэлт баяраар өөрөө хийсэн гээд чамин бугуйвч бэлэглэж билээ” гэж түүний дунд сургуулийн анги даасан багш Ш.Оюун гуай хуучилсан. “Би математикийн багш хүн. Залуухан байж дээ, одоогоос 40 гаруй жилийн өмнө 53 дугаар сургуулийн хамгийн сахилгагүй ангийг дааж авахаар шулуудахад тэр дунд чиний сонирхоод яваа Л.Өнөрчимэг гэж цэвэрхэн цагаан царайтай, гайхалтай авьяаслаг охин байсан юм. МҮЭСТО-ны Дамдинжав багштай зургийн дугуйланд явдаг, тэнд зургийн үзэсгэлэнгээ гаргасныг нь Офицерын ордонд дэлгэн тавьж олны хүртээл болгож байлаа. Тэр үед соёлын ийм том байгууллагуудад хүүхэд бие даан үзэсгэлэн гаргаж байгаагүйгээрээ онцлог байсан юм шүү. Тухайн үеийн томоохон хэвлэлүүдэд түүний тухай мэдээ сэлт олонтаа гардаг байлаа. Дуулж бүжиглэнэ. Шүлэг бичнэ. Хөл бөмбөг ч өшиглөнө, хаалгач. Гимнастикийн спортоор зэрэгтэй тамирчин болтлоо тууштай хичээллэсэн. Өвөрмөц сэтгэхүйтэй, дэврүүн охин. Эцэг эхийн охиндоо тавих анхаарал сайн. Физикийн лабораторийн өрөөнд нэг орохоороо туршилт хийгээд сална аа байхгүй. Миний заадаг математикт тааруу ч зураг, баримал, сийлбэр, дарх гээд дүрслэх урлагийн бүх төрөлд гойд авьяастай хүүхэд. Загварын уралдаанд өөрийн зохиосон хувцсаар түрүүлж байсан. Одоо үг үсэггүй санахгүй ч хувийн хэрэгт нь ангийн багшийн хувиар би ийм л тодорхойлолт бичсэн байх ёстой. Өнөрөө ес, аравдугаар ангидаа математикт огцом сайжирсныг би ер мартдаггүй юм. “Багш аа би тоогоо жорлонд орохдоо хүртэл бодож байгаа” гээд инээж билээ. Их сайн зурдаг мөртлөө геометр, шугам зурагт анх сайнгүй байсан нь хачин юм шүү. Аравдугаар ангидаа надад огторгуйн геометрийн хичээлүүдэд хэрэглэх үзүүлэнгүүд хийж өгөх хүртлээ сайжраад дунд сургуулиа төгсөж билээ. Миний ангийн охин чинь ийм л гоц сурагч явсан юм даа”. 

Өнөрөө наймдугаар ангидаа анхны хайртай учирчээ. Түүний хаалгыг сэм тогшоод зугтдаг хөвгүүдийн дотор Улаанхуарангийн атаман гэгддэг хөдөлгөөнтэй, бас чиг үеийн охидынх нь дунд нүүр хагарсан, нэр хүндтэй хөвгүүн байсан ч тэр огт өөр нэгний үерхэх саналд зөвшөөрөв. “Манай нөгөө ангийн хүүхэд л дээ. Ер нь түүнд сайн охид цөөнгүй. Амьд хөгжмийн хамтлагтай, аятайхан хөгжимддөг хөөрхөн хөвгүүн. Би тэдний хамтлагийг тоглоход хөтлөгч хийнэ. Бид хоёр аравдугаар ангидаа нэг гэрт орох шахам дотносож, бие биедээ ухаангүй дурласан. Анхны хайр ямар байдаг билээ...”. 

Ш.Оюун багш Өнөрөөг үерхдэг хүүтэй нь хамт дуудан гурвуул сууж байгаад “хайр дурлалын хурал” хийжээ. “Удахгүй арав төгсөх гэж байдаг, хайраас өөр бодож санах юмгүй болчихсон байдаг. Та хоёр сурлага сайтай хүүхдүүд, их дээд сургуульд элсэхэд бэлдэх хэрэгтэй. Ирээдүйд хэн байх, юу болох талаар ямар ч ойлголт, шийдвэргүй байж одоо ингээд аав, ээж болчихлоо гэхэд хэн нэгнийх нь сэтгэл хувирвал яах юм? Сургууль төгсөх ийм чухал хариуцлагатай үед ингэтлээ алдуурч боломгүй л бодогдож байна шүү, хүүхдүүд минь”. “Үгүй, багш аа, бид хоёр бие биедээ хайртай, ирээдүйд юу ч болсон салахгүй хамт амьдарна”. Гэж хэлээд хоёул хөтлөлцөн ангиас гарав. 

“Аавын хэрэглэдэг тос даасан гуашьнууд шиг тийм гоё будаг одоо үзэгдэхээ ч больж. Тэр будгийн өнгө, үнэрийг чи яана. Зураг, баримал, наамал, хөөмлүүдийн дэргэд уран бүтээлч хүмүүсийн амтат яриаг дээ! Жинхэнэ сонгодог орчинд би өссөн. Миний хувьд ирээдүйд хэн байх, юу хийхээ сонгож ядах юу байна. Мэдээж би зурна”. 

Гэвч Өнөрөө УБДС-ийн зургийн ангид элсэхээр шалгалт өгч байхдаа гурав дахь хичээл буюу орос хэлний шалгалтаас хоцроод тэнцэж чадсангүй. Харин Ганхуяг тэнцсэн. Тэгээд Өнөрөө барилгачин боллоо. СОТ-2 үйлдвэрт засал чимэглэлчээр ажиллаж эхэлсэн тэр зун Улаанхуарангийн охидын дунд “Удахгүй кинотеатруудад гарах “Би чамд хайртай” кинонд Өнөрчимэг тоглосон гэнэ лээ” гэх цуу тархаж амжжээ. “Би тэр кинонд тоглох бүү хэл шалгуулаарай гэхэд нь ч очоогүй юм шүү дээ”. 1985 оны наймдугаар сард “Би чамд хайртай” кино дэлгэцнээ анх гарсны маргааш Улаанбаатар анхны хайрын хот болон сэрэх нь тэр. Залуус тэр чигээрээ “Би чамд хайртай”-гаар амьсгалж, зөвхөн энэ киноны тухай дуулан ярьж, охид бүгд Үрлээ шиг үнэнчээр хайрлаж дурлахыг мөрөөдөж, үсээ яг түүнийх шиг засалтаар тайруулцгааж байлаа. Ийм хүчтэй урсгалд түрэгдэн Өнөрөө, Ганхуяг хоёр ч бас “Ард” кинотеатрт ирэв. “Бидний ард хэдэн охин сууж байсан. Ганхуяг тэднийг амттанаар дайлахад нь би таньдаг, эсэхийг асуухад “Үгүй ээ, зүгээр л хуваалцсан юм” гэсэн. Би ч итгэсэн. Тэгээд кино дуусаад гарахад үүдэнд дахиад л нөгөө охидтой яриа дэлгээд, бүр хамт гарч автобусанд суухад нь би уурлачихсан юм. Бүх хүн хайр дурлалаар бахархаж байхад Ганхуяг надаас хувирч эхэлсэн. Би тэгэхэд анх мэдэрсэн. “Би чамд хайртай” кино шуугиулж байхад яг тэр киноны үйл явдал бодитоор миний амьдрал дээр өрнөж эхэлсэн. Бидний дунд болж байгаа өөрчлөлтийг үл тоомсорлон намайг уйлуулдаг, ганцаардуулдаг болсон юм. Эхэндээ гуйлгах гэж туньсан. Сүүлдээ хүлээж цөхрөөд салсан. Анхны хайр, анхны үерхэл, анхны үнсэлт, итгэл сэтгэл ерөөс миний бүх зүйл тэр хүнтэй холбоотой таван жил 1987 онд цэг тавигдсан юм”.

“Манай Өнөрөө гүн цочролд орсон байж дээ гэж багш нь боддог. Сайхан цагаахан сэтгэлтэй, царай зүс, бие бялдар тэгш, задгай сэтгэлгээ, авьяас билэгтэй гоц бүсгүй шүү дээ. Ганхуягаас өөр хэн нэгэн, илүү сайн ойлгож дэмжих, хайрлаж халамжлах залуу гарч ирсэн ч олж харахааргүй дэндүү дэврүүнээр итгэсэн, бүх сэтгэл зүрхээ өгчихсөн байж. Ганхуяг ч бас миний шавь. Хүн муутай хүү байгаагүй юм шүү. Эцэг эх нь ч Өнөрөөд тун ам сайтай байсныг би мэднэ. Тэдний дунд юу болсныг, ямар учраас холдсон учрыг мэдэхгүй юм. Өнөрөө над ер хэлээгүй. Хүүхэдтэй болсны нь дараахан бид хоёр Офицерын ордны урд тааралдсан юм. Тэгэхэд “Багш аа, би хүүдээ зориулаад дуу зохиосон гээд үг, аяыг нь өөрөө хийсэн “Миний хүү” дуугаа барьж явсан магнитофоноосоо шууд сонсгож билээ. Яг зам гаталж яваад шүү дээ, тийм л их дэврүүн хүн байгаа юм даа, хөөрхий. Дээд сургуулиа төгсчхөөд Өнөрөө маань ганцаараа хүүгээ хөтлөөд надад ирж золгодог байсан” гэж Ш.Оюун гуай хэллээ. 

СОТ-2 үйлдвэрээс 53 дугаар сургуулийн захиргаа, анги даасан багш Ш.Оюунд нь тусгайлан баяр хүргэсэн талархлын мэндчилгээ сар бүр ирдэг болов. Л.Өнөрчимэг орос эмэгтэй мэргэжилтэнд шавилан барилгын засал чимэглэлийн ажилд түргэн гаршсан тухай, уралдаанд түрүүлсэн тухай, хоёр хүний ажлыг ганцаараа хийсэн тухай, шинэ арга барил, сайн туршлага нэвтрүүлсэн тухай гээд л. “Би засал хийж байхдаа дуулдаг, тэгэхээр орон сууцны өрөөнөөс хонгил, шат, давхрууд дамжин цуурайтаад их гоё сонсогддог. Хажуу барилга дээр ажиллаж байгаа залуучууд хүртэл түрээд л, шүгэлдээд л. Тэгэхээр нь урамшаад бүр чанга, улам гоё дуулаад л ажиллаж гарна шүү дээ. Би хоёр хүний ажил хийхийн тулд наад зах нь шатаар өгсөж уруудахдаа хүртэл гишгүүр алгасан хурдан гүйдэг байсан. Нэг, хоёр удаа биш, бүр дандаа тэгж яаравчилж ажилласаар хамгийн шилдэг нь болсон юм. Заслаа ганцхан надаар хийлгэх гэж хүмүүс өрсөлддөг байлаа, би тэгж л чанартай ажилласан юм. Тэр жил нэг л мэдэхэд өнгөрсөн”. 

1986 оны хавар тэргүүний барилгачин Л.Өнөрчимэгийн амьдралд нэгэн онцгой явдал тохиосон нь ердөө жил хүрэхгүй хугацаанд ажилласан түүнд СОТ-2 санаанд оромгүй сайхан сонголт санал болгох нь тэр. Шинэ орон сууц бэлгэнд авах, эсвэл Политехникийн дээд сургуульд урилгаар суралцах. Л.Өнөрчимэгт хэзээ ч материаллаг хэрэгцээ шаардлага сонин байсангүй тул орон байр зэрэгт санаа ер төвдсөнгүй. “Улсын багшийн дээд сургуулийн зургийн ангийн хуваарь байсан бол ч...”. СОТ-2 түүний санааг тэр дор нь гүйцэлдүүлэн нэг л өглөө ажилдаа ирэхэд нь 1986-1987 оны хичээлийн жилээс эхлэн УБДС-ийн зургийн ангийн оюутан болох боломжийг зэхчихсэн хүлээж байлаа. Ганхуягийнхаа сурдаг сургуульд хүссэн мэргэжлээрээ сурахаар очих болно. Түүнээс нэг жилийн хойно салах болно. 

“Хүмүүс миний хүүгийн эцэг хэн болохыг үргэлж сонирхдог. Ихэвчлэн би тоймтой юм хэлдэггүй, заримдаа зүгээр л амыг нь дагуулдгаас тэд Ганхуягийг таан нэрлэдэг. Х.Даянмөнх надтай ханилж ч амжилгүй бусдын гарт амиа алдсан юм. Эх орныхоо хилийг хамгаалсан хоёул хурандаа эцэг эхийн удам судартай, өөрөө ч үеийнхэндээ нэр төртэй ажиллаж амьдарсан мэргэжлийн тагнуулч, эрэлхэг сайхан хүний хүүг би 1988 онд төрүүлсэн билээ. Амьдрал үргэлжилсэн ч шил дарсан хагацлуудын шарх эдгээхэд бэрх, нялх биетэй надад тэсвэрлэх аргагүй хүнд байсан... Одоо миний хүү эрийн цээнд хэдийн хүрч, өөрийнхөө амьдралыг бүтээн цогцлоож яваа. Би хүүгийнхээ зээлээр авсан байранд үлдээд өдөр шөнөгүй зургаа зурж, олон түмэнтэйгээ лайваар уулздаг ажилтай болсон. Бас хүүгийнхээ бэлэглэсэн Мэрсэдэс Бэнзээр давхиулж явна даа".

УБДС-д Л.Өнөрчимэг оюутны эрдэм шинжилгээний хурлуудад идэвхтэй оролцож, түүний судалгааны ажлууд шилдгээр шалгарч байлаа. Тэр 1991 онд дипломын ажлаа дунд сургуулийн дүрслэх урлагийн хичээлийн заах аргыг хүүхдүүдийн өөрсдийн оролцоотойгоор боловсронгуй болгох сэдвээр хамгаалжээ. “Миний санаачилж нэвтрүүлсэн туршлага зургийн багш нарт, магистрантурт суралцагсдад одоо ч эш болсоор байдгийг миний багш нар надад хэлдэг юм. Дүрслэх урлагийг дуу, хөгжим, бүжиг зэрэг урлагийн бусад төрөлтэй холбох, хүүхдийн сэтгэн бодох чадварт суурилан хөгжүүлэх гээд миний боловсруулсан аргууд олон ном, сурах бичигт нэр дурдалгүй орсон нь ч бий. Би сургуульдаа доктор хамгаалахаар бүртгүүлээд хэдэн ч жил болов, судалгааны ажлаа эхлүүлсэн ч дундаас нь хаячихсан гэмтэй. Багш нар маань намайг ажлаа дуусгаач, доктороо хамгаалаач гээд дууддаг юм”. 

Өнөрөө төгсөх курсэд байхдаа төрөлх сургуультайгаа нэлээд холбоотой ажиллаж эхэлжээ. Асрах бүлгийн хүүхдүүдэд зургийн дугуйлан ажиллуулахаар санаачлахад нь Ш.Оюун багш дэмжин ангийнхаа түлхүүрийг өгөх болов. Нэг өдөр Өнөрчимэг ер нь хэр багш болох хүн юм гэж сонирхоод зориуд үлдэн дугуйлангийнх нь хичээлд сууж үзэв. “Хүүхдүүдийг дэвтэр дээрээ үзэгнийхээ бэхийг цац гэнэ шүү өнөөх маань. Хараад л байлаа. Дэвтэр бүрт цацагдсан бэх янз бүрийн тогтоц үүсгэнэ шүү дээ. Өнөрөө хүүхдүүдээс “Чиний дэвтэр дэх дуслуудаас юу харагдаж байна вэ” гэж асуугаад л явах юм. Нэг хүү “Хүүхдээ хөтөлсөн эмэгтэй” гэж хариулахад Өнөрөө “Яг наад санаагаа гүйцээгээд зураарай” гэж билээ. Гоц авьяастан гоц л сэтгэдэг, арга барил нь ч тун өвөрмөц байдаг юм билээ. Тэр чинь дөнгөж л 1990 он шүү дээ. Одоогийнх шиг чөлөөт сэтгэлгээний ойлголт түгээмэл бус, тун ч ядмаг байсан цаг. Үүнээс арай хожуухан 93 дугаар дунд сургуульд зургийн багшаар ажиллаж байхдаа бие хамгаалах урлагаар хичээллэх сонирхолтой охидыг Цагдаагийн академийн сургалтад хичээллүүлж байна, тараад замаараа дайраад ирлээ гээд 5-6 дугаар ангийн бололтой хэдэн эмэгтэй сурагч дагуулчихсан сургууль дээрээ хүрээд ирж билээ. Манай Өнөрөө үнэхээр хүүхдийн төлөө төрсөн багш шүү. Л.Өнөрчимэг зургийн багш нарын олон улсын тэмцээнд түрүүлээд ирэхэд Монголын боловсролын салбар тоогоогүйд би багш хүний хувьд сэтгэл гонсгор байсан. Өнөрөө тэгэхэд ёстой өөрөөрөө бахархах, бардамнах сэтгэлээрээ л тэр баярт мөчийг өнгөрүүлсэн байх даа гэж боддог юм”. 

1992 оны аравдугаар сард түүнд гэнэтхэн сайхан санаа төрөв. “Ерөөсөө л хүмүүсийн яриад байдаг Отгонтэнгэр хайрханы зургийг яг дэргэдээс нь харж зуръя”. Зургийн хэрэгслээ аваад Завхан орох шуудангийн машинд суугаад аялалд гарлаа. Харин түүнийг аймгийн төвөөс Отгонтэнгэр зүглэн алхаж яваад уначихсан байсныг Дулмаа гэдэг эмээ олж, гэртээ асарч сувилан амийг нь аварчээ. Бие нь царцаж дотуур хөлдсөн тул эмнэлэгт хүргэж өгөв. “Гэнэт цас орж, их даарснаасаа ухаан алдчихсан юм билээ. Тэр эмээ олоогүй бол цас лавсаад хүнд үзэгдэхээргүй болж би хөлдөж үхэх байсан. Зургийн хэрэгслээ хээр гээчихсэндээ бас харамсаад байгаа юм аа. Эмээ миний цөөн хувцастай үүргэвчийг л хямгадаж чадсан байсан. Намайг эмнэлгээс Сүхбаатар гэдэг сайхан сэтгэлт ах эхнэрийн хамт ирж гэртээ гаргав. Хайрханыг зурах боломж асуухад тэд намайг дахин явахыг зөвшөөрөөгүй ч шүтээн уулаа дүрслэн сайн гэгч хэлж өгөв. Арванхоёрдугаар сарын 7-ны шөнө айлын улс бүгд унтсан хойно тооноор нь асгарсан сарны цагаан гэрэлд Доржпалам охиных нь зургийн дэвтрийн нэгээхэн хуудсыг дэлгэн зурахаар суулаа. Тэгэхдээ хөлөөрөө зурсан юм. Тэр бол миний хүүгийн төрсөн өдөр, хөлөөрөө зурсан анхны ажил”. 

Л.Өнөрчимэгийн толгойд дахиад л гоё санаа төрөв. Дуу, бүжиг, каратэгийн үзүүлбэр, зураг зурах үзүүлбэрүүдээс бүрдсэн шоу тоглолтоо Завхан аймгийн төв болон сумдаар хийхээр төлөвлөв. “Тэр манай ангийнхны нүдэн дээр хоёр гар, хоёр хөл, амаараа гээд таван бийр хөдөлгөн тоглолтын зараа бичиж олшруулаад бидэнд өгч аймгийн төвийн гудамж талбайгаар тараалгаж байсан. Түүнээс нэг дор дөрвөн зар зэрэг гарч байсныг одоо ч манай ангийнхан гайхан дурсдаг. Тэгэхэд би Элдэв-Очирын нэрэмжит нэгдүгээр арван жилийн гуравдугаар ангийн сурагч байлаа. Түүний тоглолт хүүхдүүдэд үнэгүй тул бид хэчнээн ч үзэв, хэд үзээд ч уйдамгүй тийм сонин тоглолт болдог байж билээ. Цасан хатан шиг цав цагаан, гуалиг нарийхан эгч тайзнаа гараад, өөрийгөө хүч тэнхээтэй, амар дийлдэхгүй гэж боддог залуучуудыг урина. Тэгээд тэдэнтэй зодолддог. Ердөө 2-3 техник сэвхийтэл үзүүлээд л бүгдийг нь унагачихна. Хүмүүс нутгийн бадриун харцуулаа шоолж инээлдээд л. Өөрийнхөө зохиосон “Миний хүү” дуугаа дуулахад үзэгчид хэрхэн уйлж байгааг хараад л сууна даа. Өнөрчимэг эгчийн энэтхэг бүжгийг би ер мартдаггүй. Тэр гар, хөл, бэлхүүс хөгжмийн хэмнэлээр ямар уран донжтой хөдөлнө гээч. Зүгээр л гоо сайхны бэлгэ тэмдэг. Бид тийм юм үзээгүй учраас мэл гайхаад ангайчихна. Манай дүү дараа жил нь яг тэр бүжгээр улсын уралдаанд ороод алтан медальтай ирж байлаа. Бидний урлагийг харах, дурлах сэтгэлгээнд том сэдэл, дэвшил өгсөн хүн. Хүүхэд насандаа харсан хэзээ ч санаанаас гарахгүй тод од байлаа. Тоглолтоос олсон мөнгөнөөсөө мотоциклиос унаж бэртсэн хүүгийн эмчилгээний зардлыг өгөөд, хүүхдээ алдсан эмэгтэйд мөн зориулаад, өөртөө замын зардал, жаал жуулхан хүнс базаасан уу, ЗИЛ 130 машины тэвшин дээр харайж суугаад л Улаанбаатар руугаа буцаж билээ. Ерээд оны эхэн үед амьдрал ямар хэцүү байлаа даа, юун үнэгүй тоглолт, юун хүнд мөнгөө өгөөд өөрөө хоосон хоцрох вэ. 30 жилийн дараа дөнгөж саяхнаас л хүмүүс ашгийн төлөө бус сайн дурын ажил, хандив цуглуулж нэгнээ дэмжих талаар ойлголттой болж байна шүү дээ. Ээж маань түүнийг цаг үеэсээ түрүүлээд төрчихсөн ер бусын сонин хүүхэд гэдэг юм. Энэ хүн хэзээ ч баяжихгүй, тэгсэн мөртлөө юугаар ч хоосрохгүй хүн юм шиг надад санагддаг. Зургаа тараачихна. Малын түүхий эд өөрөө боловсруулаад цаас хийгээд дээр нь зурчихдаг ийм зураач одоо байдаг юм уу? Миний амьдрал их сонин, яаж ийгээд Өнөрчимэг эгчтэй таарчихдаг. 1996 онд Эрдэнэтэд байхдаа тэндэхийн бассейнд усан дор зурах үзүүлбэрээ үзүүлж байхыг нь харсан, оюутан болоод УБДС-ийн физикийн ангид сурч байхад тэнд багшлаад явж байсан. Гэхдээ би өөртэй нь огт холбогддоггүй, зүгээр л хараад, ажиглаад л явж байна. Манай эгчийн охин зургаан настайдаа Япон, Солонгос улсуудад зохиогдсон зургийн олон улсын уралдаануудад амжилттай оролцсон анхны монгол хүүхэд болсныг Өнөрчимэг эгчид дуулгамаар байна. Би бас мөнгөө цуглуулж байгаад нутгийнхаа хайрханыг зуруулж өндөр үнээр худалдаж авах хүсэлтэй явдгаа ч хэлмээр байна. Эцэст нь бидний хүүхэд насыг бүтээлцсэнд маш их баярлалаа гэе” хэмээн энэ нийтлэлд заавал оролцохыг хүсэж нэгэн эмэгтэй БНСУ-аас онлайнаар холбогдон өгүүллээ. Тэрээр яг одоо хүнд өвчинтэй тэмцэн эрүүл мэндийн хувьд эмзэг байгаагаас нэрээ нууцалж буйгаа тайлбарласан ч овог, нэрийн товчлолоо Д.Ж гэдгийг хэлсэн. 

Л.Өнөрчимэгийг Завхан аймгийн төвд байхад Улаанбаатараас “Баян Монгол” чуулгын дуучин М.Янжиндулам, Б.Нандинцэцэг, Х.Галхүү, саксафонч Л.Сүхбаатар нарын бүрэлдэхүүнтэй алдартнууд ирж тогложээ. Саксофонч Л.Сүхбаатар хотод ирээд Завханд тааралдсан олон талын авьяастай бүсгүйн талаар монгол хүний оюун ухааныг таниулах, хөгжүүлэх зорилготой Мо Тү Өв компанийг үүсгэн байгуулагч З.Түмэн-Өлзийд хэлснээр 1993 онд зохиогдсон гоц авьяастнуудын шоунд Л.Өнөрчимэг хоёр гараар зэрэг зурах, дөрвөн мөчөөрөө зурдаг чадвараа олны хүртээл болгосон түүхтэй. Үүний дараа 1999 онд зохиогдсон Монголын спорт, урлагийн их наадамд аквариумтай усан дотор зурсан зургаараа түрүүлж байв. Л.Өнөрчимэг гоц авьяастнаар тодорсон нь бүсгүйд өөртөө итгэх, ур чадвараа нээн таниулах тайз болсон ч урам зоригийг нь хугалах үйл явдлууд түүний араас хүлээж байсныг бүсгүй гадарлаа ч үгүй юм. 

Ерээд оны эхэн үе бол Монголын нийгэм хачирхалтай сюрпризээр дүүрэн, цоо шинэ, романтик гэхэд харгис, шилжилтийн нэн ээдрээт цаг хугацаа байсныг санах хэрэгтэй. Биенээс нь гал гардаг хүүхэн, алтан цөгц хайж ирсэн харь гаригийн хөлөгт суусан хүн, алмас, бурхан, чөтгөр ер бүх зүйл “амилан” боссон. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат дэргэдээ албан ёсны үзмэрчтэй, тэр хүн нь Ромбу гаригтай холбогдож мэдээлэл авдаг байв. Гал гаргадаг Өнөрмаад шинэ орон сууц олгохгүй бол хэцүүднэ гэж ШУА-ийн эрдэмтэд үзэж, төрөөс ёсоор болгож байв. Энэ бүхэн цаг хугацааны шүүлтүүрээр орж энэ цагтай золгосон ч зураач Л.Өнөрчимэгийг тэдгээр хуурмаг оддын луйврын гэмт хэргүүдийн дуулиан шуугиантай хутган гишгэлж орхисон юм. Шар сонинууд борооны дараах мөөг шиг цэцэглэхдээ Л.Өнөрчимэгийг мөшгин, түүний тухай мэдээллүүд нэгдүгээр нүүрийг нь хачирлах болов. Энэ бүхэн үнэхээр болж байгаа, эс бөгөөс бодит бишийн алин болохыг ойлгох, ялгаж салгахын аргагүй эмх замбараагүй явдлууд үргэлжилсээр л байлаа. 

“Миний амьдралд олон уналт, босолт тохиож. Өмч хөрөнгөө алдан хоосорч үзлээ. Хавдрыг ялж үзлээ. Хүүдээ эсэн мэнд үлдэж үзлээ. Галзуу солиотой гэгдэж ч үзлээ. Байх л зүйл. Намайг гал гаргадаг Өнөрмаатай андуурах нь одоо ч байдаг учраас би хэлмэгдсэн гэж өөрийгөө тооцдог. Хүн чинь сүүлдээ энхрий ялдам, эрхэмсэг оршихуйгаа гээдэг юм билээ. Би хуурамч, хулгайч хүмүүсийг харахаар бүр байж яддаг болчихсон. Ээжийнхээ алдаа, оноо бүхнийг чанх дэргэдээс бүлтийтэл харж өссөн миний хүү л энэ амьдралаас сайн суралцлаа, хойшид юуханд ч бүдрэхээргүй, унахааргүй чанга хүн болж төлөвшлөө. Хүүг минь аварч өршөө гэж ээж нь залбирч явдаг юм”. Би энэ найрууллаа “Хатагтай солиот” гээд нэрлэчихмээр санагдаж байгаагаа яриан завсар хавчуулав. “Намайг гарчгаар дийлэх гэж тэр үү? Ихэнх нь уншихгүй мөртлөө чиний гарчгийг л уншина, тэгээд “Тийм ээ, наадах чинь солиотой” гэх байх. Тэгээд миний ярьсан бүх зүйл унана” гэж тэр эрс шүүмжилсэн. 

“Намайг яагаад ч юм, 2000 оноос хойш төрсөн хүмүүс их ойлгодог”. Eguur.mn сайтын сэтгүүлч М.Тэнгис түүнтэй уулзаж ярилцсан залуу сэтгүүлчдийн нэг юм. “Олон жилийн өмнөх нэвтрүүлгүүдийг нь олж үзсэн ч яг одоогийн Өөнөө харагдаж байдаг. Би угтаа ямар нэг хувь заяаны эргэлтийг түүний амьдралаас эрж, хоёр дахь удаагаа уулзсан. Тэр иймээрээ л байсан юм шиг. Бас байсаар л байх юм шиг санагдсан. Иймээрээ гэдэг нь... Анх түүнийг багшийндаа байхад нь очиж, ярилцсан. Тэр уйлсан, бас цөхрөлөө хуваалцсан. “Би эмэгтэй хүн, гоо сайхандаа анхаармаар байх юм” гээд эхэр татсан. Тухайн үед яриа тэр чигтээ хэлмэгдлийн тухай болсон юм. Ерөнхийлөгч асан П.Очирбатаас эхлээд л үе, үеийн төрийн тэргүүнүүд хүртэл зөвхөн түүнийг онцолж, хэлмэгдүүлж, гавьяа шагналаас нь сугалан орхигдуулж байсан юм шиг яриа өрнөсөн. Тэр өдрүүдэд Л.Өнөрчимэг одоогийнх шигээ идэвхийлэн уран бүтээл туурвиж эхлээгүй байсан юм. Харин хоёр жилийн дараа, өвлөөр түүний гэрт очиход тэр ёстой л ургаж байлаа. Угаалгын өрөөнд нь дэвтээсэн арьснууд, үнэр нь ханх татаад л. Хөл гишгэх зайгүй зураг. Утас нь байнга дуугарч, гэр нь үргэлж зочинтой. Гэхдээ л яриа нь дахиад хэлмэгдэлт рүү гулгав. Харин энэ удаа ээж аав, талийгаач нөхрийнхөө заяа тавилан дахь “хэлмэгдүүлэлт”-ийн тухай ярьж, уйлсан. Тэр өөрийнхөө амьдралыг ямар нэгэн шалтгаанаар хэлмэгдэлт, шударга бус зориудын орхигдуулалттай холбож боддог. Л.Өнөрчимэг өөдөөс хараад инээж, уйлж, үсэрч цовхчивч эргээд л буудаг цэг нь тэр. Тэрийг нь эдгээж, илааршуулахсан гэж хэдэн өгүүлбэр хэлхэхээс өөр чадалгүй би бодож явлаа. Гэхдээ түүний буй байдлаараа бусдад өгчилгөдөг зүйл хязгааргүй сонин. Араас нь энэрч бодох шалтгаан заавал төрдөг өө. Тэр бол бусдын өмнө элдэв хязгаарлалтгүй, яг өөрийнхөөрөө оршихын хүсэмжит сайхныг амьдралын бүх хэв маягаараа илэрхийлдэг нэгэн юм даг уу даа. Би түүгээр нь л түүнийг дотроо тогтоон барьсан. Бас эцсийн эцэст зураач хүн гэдгээр нь” гэж сэтгүүлч М.Тэнгис тодорхойлж байна.

Л.Өнөрчимэг хоёр гар, хөлөөр зурах ур чадвараа зургийн спорт хэмээн үздэг бөгөөд өөрийнх нь үндэслэсэн энэ төрлөөр ирээдүйн хүмүүс олимпод өрсөлддөг болно гэдэгт итгэдэг. Тэрээр гадаад, дотоодод зургийн спортын 100 гаруй тоглолт хийх бүртээ дахин давтагдашгүй амжилтууд гаргаж байлаа. Уран зургийн бие даасан 22 үзэсгэлэн гаргажээ. “Би Өнөрчимэгийн “Хүннү” нэртэй гурван хэмжээст, товойлгох техникээр зурсан бүтээл төрж байхад өөрийг нь сайн танихгүй ч ихэд сонирхон дэргэдээс нь харахыг хүсэж гэрт нь очоод үнэхээр гайхаж биширсэн. “Энэ чинь юу вэ” гэж гайхмаар үзэсгэлэнтэй бүтээл болсон. Тэгээд л гоц хүн аргагүй мөн юм гэж бодсон. Ихэнх авьяастнуудыг энгийн хүмүүс галзуу гэж хардаг. Гэтэл бидний ойлгохгүй, чадал хүрэхгүй зүйлсийг тэд бүтээдэг” гэж дэлхийг тойрон аялагч, “Монгол бадарчин” номын зохиолч Амай нэрээр алдаршсан Ж.Золбаярын ээж Н.Оюунчимэг өгүүлэв. “Сэлэнгэ прэсс” ХХК-ийн захирал М.Болд “Би бол Өнөрчимэгийн дунд сургуулийн нэг ангийн хүүхэд. Ангийн маань авьяаслаг, идэвх санаачилгатай, даруу төлөв охин сүүлийн үед олон нийтийн сүлжээнд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болсныг хардаг. Гэхдээ би анд нөхрийн хувиар Өнөрөөгөөсөө нэг зүйлийг хүсэж байгаагаа үүгээр уламжилъя. Чамд авьяас билэг байна, хөдөлмөр зүтгэл байна, ард түмэн дэмжиж байна. Чамайг хямарвал энэ их стресстэй хүмүүс дагаад л хямарна. Тиймээс төрийн цол, шагналын тухайд гадагш эмоц илэрхийлэлгүй уран бүтээлээ туурвиад, үзэсгэлэнгээ ойрхон гаргаад, олон түмэндээ сурталчлаад явбал төр заавал олж үзнэ шүү, найз минь” хэмээв. “Би өөрөө өөртөө биш, миний өмнөөс олон жил хүлээж байгаа хүмүүст зориулан тэр шагналыг хүсээд байдаг болчихсон юм аа”.

Л.Өнөрчимэг өдгөө Батлан хамгаалах яамны Цэргийн музейн зураач, сэргээн засварлагч, интерьер дизайнераар ажиллаж байна. Түүнд аавынхаа үйлсийг үргэлжлүүлэх боломжийг Батлан хамгаалахын сайд, генерал Г.Сайханбаяр олгожээ. “Сайханбаяр манай нөгөө ангийн хүү байгаа юм. Нөгөө ясли цэцэрлэгийн андуудын маань нэг. Түүнийг сайд болсонд баяр хүргэхээр ажил дээр нь очтол намайг яаж хүлээж авсан гээч. “Чиний аав Батын Лүүрэв бол Монгол цэргийн од байсан юм шүү” гээд л, аав бид хоёрт хүндэтгэлтэй хандсанд би маш их баярласан”. 

“Армид татагдан ирсэн хамгийн уран цэргүүдийг нэгтгээд дүрслэх урлагт сурган, хажуугаар нь өөрийнхөө уран бүтээлийг хийж байсан аавынхаа урлангаар одоо би орж гарч явна. Зурж байхад нь өвөр дээр нь гарч аваад анхааралтай харж суусан яг тэр өрөө, дурсамжуудад эргэн очдог юм. Зураачийн замналд олон зургаа гадаад дотоодын олон иргэн, байгууллагад бэлэглэжээ, би. Энэ удаа аавынхаа овоглосон армид урынхаа сангаас “Бурхан халдун”, “Хүннү” зураг, “Хүрхрээ” баримал зэрэг зургаан бүтээлээ БХЯ-ны хөмрөгт бэлэг болголоо. БНМАУ-ын төрийн хошой шагналт, анхны ардын зураач, урлагийн гавьяат зүтгэлтэн, XX зууны манлай зураач О.Цэвэгжав гуайн алдарт “Азарганы ноцолдоон” зургаар бүтээсэн гипсэн баримал зэрэг аавынхаа зарим ажлыг сэргээн засварлаж эхэлсэн. Аавтай хамт урлан руу өгсөхөд шат аварга том, бариул нь тээр дээр, тэгээд их олон гоё өнгийн гишгүүрүүдтэй байсан юмсан. Гэтэл одоо надад багадахаар жижгэрсэн, гайхамшигт зүйлс балартсаныг харахад яасан гунигтай. Дурсамжид үлдсэн зураг яг тэр өнгө, үнэр, хэмжээнээсээ өөрчлөгдөж байгаа ч би анхны ариухан сайханд очихыг, сэргээн засахыг хүснэ”.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
3
0
25
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.