Аялна даа гэсэн төлөвлөгөө хүн бүрд л байдаг. Харин хаашаа явж, юу хийхээ шийдээгүй байгаа бол Монгол Улсын иргэд визгүй зорчдог 25 орны нэг болох Бразилын тухай сонирхолтой мэдээллийг хүргэж байна.
Ингэхэд, бид Бразилын талаар юу мэдэх вэ?

Харин одоо зөвхөн Бразилаас л олж нээх гайхалтай зүйлсийг танилцуулъя.
Найрсаг, өөдрөг бразилчууд

Хаа нэгтээ төөрчихөөд гудамжинд зам асуувал хэн ч байсан уриалгахан туслах болно. Олон янзын угсаатан, соёлоос бүрдэх бразилчууд гадны хүмүүст нээлттэй, элгэмсүү ханддаг бөгөөд англиар төдийлөн ярьдаггүй боловч бусдад туслахаас татгалздаггүй найрсаг хүмүүс гэдгийг Бразилаар аялсан жуулчид дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг.

Амьдралаас авах таашаал: Хөгжим, бүжиг, карнавал

Товчхондоо тэд яаж цэнгэхээ мэддэг "чилл" ард түмэн. Тиймдээ ч Бразилыг дуу хөгжим, гайхамшигт багт наадам, дэгжин хувцаслалт, гудамжны бүжиггүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Католик шашинтай улсуудын дундаас Бразил карнавалыг хамгийн өргөн дэлгэр тэмдэглэдэг. 1723 оноос энэхүү наадмыг тэмдэглэж эхэлсэн бөгөөд өдгөө Бразилын карнавалыг үзэхээр жил бүр олон мянган жуулчин дэлхийн өнцөг булан бүрээс ирж байна.
Энэ дашрамд дуулгахад, та ердөө 6’900 төгрөгөөр LookTV-ийн дурын багцыг идэвхжүүлэх эсвэл BOX цэсээс кино үзэх бүрдээ Look in Rio урамшуулалд оролцох эрх цуглуулах бөгөөд супер бэлгийн эзэн болсон хүн хосоороо Бразилаар аялах юм байна лээ шүү.

Хэрэв та бүжгийн хорхойтон бол самба, каримбо, форро, коко, жонго бүжгээс гадна Бразилын соёлын өвөрмөц илэрхийлэл болсон хөгжим, тулааны урлаг, бүжгийн хослол болох капоэйраг аялах зуураа сурч болох шүү дээ. Мөн сүүлийн 10 жилд дэлхий дахинд эрчимтэй түгэж буй Bossa Nova хөгжим эндээс гаралтайг мартаж болохгүй. Түүнчлэн Funk, Brega Funk, Axé, Sertanejo, Pagode, Forró гэх мэт Бразилын бүс нутаг бүр өөрийн гэсэн цоглог, эрч хүчтэй үдэшлэгийн дуунуудтай тул үдшийн бүрийгээс авахуулаад үүр цайтал бүжиглэхийг хүсэж байвал аялж буй газрынхаа хамгийн алдартай дуунуудыг олж сонсоорой.

Диваажин мэт наран шарлагын газрууд

Аялах газраа сонгохдоо бид хамгийн түрүүнд цаг агаарын талаар боддог шүү дээ. Хэрэв та Бразил руу аялахаар шийдсэн бол хэт хүйтэн эсвэл бүгчим халуун байх вий гэж санаа зовох огт шаардлагагүй. Учир нь, тэнд жилийн турш хамгийн тааламжтай цаг агаартай. Зуны саруудад 22-25 хэм байдаг бол өвлийн улиралд хамгийн хүйтэндээ л 12 хэм байдаг аж. Далайн эрэг орчмын цаг агаар өдөртөө үргэлж нарлаг, дулаахан байдаг тул хүссэнээрээ наранд биеэ шарах боломжтой.
Бразил 2000 гаруй далайн эрэг, 500 гаруй үзэсгэлэнт аралтай бөгөөд гүн цэнхэр далай, далдуу мод, алтлаг зөөлөн элсийг төсөөлөх нь Бразилыг зорих хангалттай шалтгаан болно. Харин аль далайн эрэг рүү очихоо шийдэх нь л танд асуудал болох вий. Сонирхуулахад, Рио-де-Жанейро хотоос ердөө 170 км-ийн зайд тунгалаг уст 20 гаруй наран шарлагын газартай Бузиос хэмээх үзэсгэлэнт хойг байдаг.

Кофе, коктейль эсвэл дарс?
Таны сонирхлыг уух зүйлс илүү татдаг бол мөн л Бразил сонирхолтой маршрут байх болно. Та эндээс Өмнөд Америкийн хамгийн амттай кофе, дарс, коктейлийг олж ууна гэдэгт итгэлтэй байна. Юун түрүүнд, Бразилын үндэсний ундаа болох кайпиринха коктейлийг амсаж үзээрэй. 1918 оноос эхлэлтэй энэхүү коктейлийг анх испани ханиадыг эмчлэх зорилгоор хэрэглэдэг байсан ба нимбэг, сармис, зөгийн балаар хийдэг байсан аж. Харин одоо исгэсэн чихрийн нишингэ, элсэн чихэр, ликер, ногоон нимбэгийг хольж бэлтгэдэг болжээ.
Мөн Бразил улс нь дэлхийн кофены нийт хэрэглээний 30 орчим хувийг дангаараа үйлдвэрлэгч бөгөөд эндэхийн кофе чанар, өвөрмөц амтаараа дэлхийд алдартай билээ. Ялангуяа Минас-Жерайс нь кофе үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч, Арабика кофены үрээрээ алдартай муж юм. Хэрэв та Бразилын хамгийн амттай кофег амсаж, алдартай кофе шоп, кафегаар зочлохыг хүсвэл дараах газруудыг зориорой.
Beluga Cafe (Хуучин Сан Пауло)
Confeitaria Colombo (Рио)
Casa Cave (Рио)
Cafe do Mercado (Куритиба)
Cafe Kahlua (Бело Хоризонте)
Cafelier (Сальвадор)
Түүнчлэн Бразил улс сүүлийн жилүүдэд дарсны чанараараа үнэлэгдэх болсон. Ялангуяа Бразилын өмнөд хэсгээс гаралтай Брут Шампеноиз оргилуун дарс, Минас-Жерайс, Рио-де-Жанейро хотын дарсны үйлдвэрүүдийн улаан, ягаан дарс амттай гэгддэг байна. Рио-де-Жанейро дахь Winehouse, Canastra-аар зочилсноор Бразилын хамгийн шилдэг дарсуудыг нэг дороос амтлах боломжтой.
Адал явдалд дурлагсдад санал болгох нь
Тус улс нийт 72 үндэсний дархан цаазат газартай ба эдгээр нь тус бүрдээ амьтан, ургамлын био тогтоцыг хамгаалж байдгаараа онцлог. Тунгалаг нуураар хуваагдсан элсэн манхан, усаар дүүрсэн агуй, өндөрлөг уулс, хүрхрээ гээд цөм дуу алдам үзэсгэлэнтэй, өвөрмөц байгалийн тогтоцуудтай. Иймд адреналин ялгаруулсан шинэ, содон зүйлс туршиж үзэхийг хүсэж буй аялагчдад эдгээрийг санал болгож байна.
1. Хүрхрээ: Бразил-Аргентины хилийн заагт байрлах Игуазу хүрхрээ, Чөтгөрийн хоолой (Devil's Throat) гэх мэт аялагчдын хамгийн их зорьдог хүрхрээг завинаас үзэх,
2. Ширэнгэн ой: Манай гараг дээрх хамгийн өвөрмөц ургамал, амьтдын өлгий нутаг Амазоны ширэнгэн ой руу аялах,
3. Зэрлэг ан амьтад: Дэлхийн хамгийн том намгархаг газар болох Пантанал руу очиж үзэх. Энд 1000 гаруй төрлийн шувуу, 400 гаруй загас, хэвлээр явагчид, мөн 300 өөр хөхтөн амьтад амьдардаг аж.
Мөн Бразил кайтсерфинг буюу тусгай цаасан шувуугаар салхины хүчийг ашиглан усан дундуур гулгах экстрим спортоороо алдартай. Жилийн ихэнх саруудад салхитай байдаг учраас Бразилын зүүн хойд хэсэгт байрлах далайн эргүүд нь кайтсерфинг хийх хамгийн тохиромжтой газрууд юм. Түүнчлэн Дельтапланаар Рио-де-Жанейро хотын дээгүүр нисэх нь амьдралд ховор тохиох гайхалтай мөчүүдийн нэг байх нь гарцаагүй.