UBLife Logo
UB.LIFE-ийн түүхүүд

ХАС-ын түүхүүд | Х.Ариунболор: Хадгаламжтай хүнд гэнэтийн зүйл гарсан ч ирээдүй нь баталгаатай мэдрэмж төрдөг

Ub.life
Ub.life
ХАС-ын түүхүүд | Х.Ариунболор: Хадгаламжтай хүнд гэнэтийн зүйл гарсан ч ирээдүй нь баталгаатай мэдрэмж төрдөг

“Ирээдүйн саятан” хадгаламж эзэмшигч Х.Ариунболор: Хадгаламжтай хүнд гэнэтийн зүйл гарсан ч ирээдүй нь баталгаатай мэдрэмж төрдөг

Би багаасаа л зурах дуртай, зав л гарвал ганцаараа зураг зураад суучихдаг хүүхэд байсан. Дунд сургуулиа төгсөөд 2D анимейшн хийх мөрөөдлөөрөө компьютер график дизайны мэргэжил сонгон, одоо ШУТИС-д энэ мэргэжлээрээ III курст суралцаж байна. Яг хүсэж дурласан мэргэжлээрээ суралцаж, өдөр бүр өөрийгөө хөгжүүлж байгаа нь сайхан. 

Яг “том” болоод ирэхээр мөрөөдлөө биелүүлэхэд санхүүгийн тогтвортой, зөв дадалтай байх нь их чухал санагдаад байгаа. Хадгаламжтай хүнд ямар нэг гэнэтийн зүйл гарсан ч ирээдүй нь баталгаатай мэдрэмж төрдөг гэх юм уу. Аав ээж хоёр намайг төрөхөд ХасБанкны “Ирээдүйн саятан” хадгаламж нээлгэсэн тухайгаа анх дунд ангид ороход хэлэхэд их баярлаж, хадгаламж гэдэг нь энэ жижигхэн дэвтэр гэж үү гээд гайхаж байснаа санадаг. Тэр хоёр минь надад зориулаад, миний ирээдүйн төлөө хадгалж байгаа учраас би ч бас хадгалмаар санагдаж, нэг мэдэхэд л өөрт байгаа 10, 20 төгрөг гэлтгүй хурааж, хуримтлуулах хоббитой болчихсон. Хоёр жилийн өмнө 18 нас хүрэхдээ гэртээ нэг жижигхэн хайрцагт хадгалсан бөөн задгай мөнгөө ээжтэй цуг банкан дээр авч очоод хадгаламждаа хийсэн мөч хамгийн гоё байсан. Банкны ажилтан ээж хоёр инээгээд л баахан задгай мөнгө тоолоод л...

Хорин жил хуримтлуулсан хадгаламж гэж бодохоор хадгаламжийн дэвтэр маань манай гэр бүлийн хувьд үе үеийн дурсамж шингэсэн, гэрэл зургийн альбом шиг л гоё санагддаг. 

Би чинь аймар үрэлгэн байхгүй юу. Гэхдээ багаасаа л толгойндоо бат суулгасан зүйл нь хуримтлалаа өсгөнө үү гэхээс багасгаж болохгүй гэх зүйл. Хэрэгцээ гарсан үедээ мөнгө авч болох ч дараа нь орлого орж ирэх үед авсан мөнгөө нөхөөд, дээрээс нь нэмээд хийх ёстой. Оюутан учраас тогтмол биш ч “халтуур” хийсэн үедээ орлогынхоо 10 хувийг заавал хадгаламждаа хийдэг. Мөнгөө хадгалах нь өөрөө их кайфтай. Ээж аав хоёр өөрсдөө ч хадгаламжтай. Хадгаламжуудаа зайлшгүй хэрэгтэй үед хэрэглэх, цаашдаа өсгөн өргөжүүлэх, өдөр тутмын орлого зарлагаа хийх гэж гурав хувааж ашигладаг нь их ухаалаг санагддаг. 

Бага ангид надад халаасны мөнгө өдөр бүр илүү ч биш, дутуу ч биш 1000 төгрөг өгдөг байсан. Аав ээж хоёр маань их зарчимч, 1000 төгрөгөөр л мөнгөтэй харилцах дадал суулгачихсан байгаа юм. Дунд ангид 2000 төгрөг, ахлах ангид 5000 төгрөг болсон. Хүмүүс хүүхдүүдээ бага гэлтгүй орлого зарлагын менежменттэй болгож, загнах биш өөрсдийн нь хүслээр мөнгөтэй зөв харьцдаг дадалтай болгоосой гэж хүсдэг. Би ч бас хэзээ нэгэн цагт хүүхэдтэй болбол төрөнгүүт нь бараг хадгаламж нээж өгөх байхаа (инээв). Ээж аав хоёр маань намайг саятан болоосой гээд 20 жилийн өмнө нээж өгч байсан “Ирээдүйн саятан” хадгаламж намайг үнэхээр л саятан болгосон учраас тэр. 

Зүгээр л дэлгүүрт ороод юм худалдаж авахдаа ч үнэхээр надад хэрэгтэй юү, цаашдаа хэрэгцээ нь үнэхээр гарах уу гэж бодохоос зөв дадлууд эхлэх байх.

Одоо өөрөө том болчихсон болохоор чөлөөт цагаараа мөнгө санхүүгээ зөв удирдах подкаст, бичлэгүүд үздэг. Саяхан “Burii University”-ийн “Баян болгох 20 ном уншсан дүгнэлт” гээд подкастыг сонсоод хуримтлах, олборлох, өсгөх гэх гурван зарчмын талаар сурч авснаа залуустаа санал болгомоор байна. Хадгаламжаа цаашид үргэлжлүүлээд, аав ээжийнхээ өвлүүлсэн өвийг нэмж өргөжүүлээд ирээдүйд мөрөөдлийнхөө төлөө зарцуулнаа. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
4
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.