UBLife Logo
Newsfeed

Шинэ жилийг угтан хайртай хүмүүсээ баярлуулах 9 хөөрхөн санаа

Г.Сүрэн
Г.Сүрэн
Шинэ жилийг угтан хайртай хүмүүсээ баярлуулах 9 хөөрхөн санаа

Шинэ жилийн тухай бодоход л ид шид, нэгнээ баярлуулах дулаахан сэтгэл, халуун ам бүлээрээ цуглах баярын үдэш санаанд буудаг шүү дээ. Шинэ оныг угтан хайртай дотны хүмүүсээ баярлуулахад үнэтэй бэлэг, өндөр төсөв бус сэтгэлээ шингээсэн жижигхэн зүйлс ч хангалттайг бүү мартаарай. 

#1 Сэтгэлээ шингээн гараараа захидал бичих

Гараар бичсэн ил захидал хэзээд халуун дулаан мэдрэмж төрүүлдэг. Муухай бичдэг, бичих авьяасгүй гэж өөрийгөө бүү голоорой. Хэлэх үгсээ тайван тунгаан бодоод ноорог бичээд, түүнийгээ хуулан гараараа чадахаараа хичээн буулган бичээд бэлэглэхэд л хамгийн сайхан бэлэг болох болно. Он удаан жилийн дараа ч тэд таны ил захидлыг хадгалан, хайрлан уншсаар байна гэж бодоход л гоё биш гэж үү? 

#2 Өөрийн гарын хоол, амттанаар хайртай хүмүүсээ дайлах 

Гэр бүл, ажлын хамт олон, найзууддаа зориулан хамгийн сайн чаддаг хоол, амттанаа бэлтгэн дайлаарай. Шинэ жилийн үдэш гэр бүлдээ хоол хийж өгөх нь сайхан бол ажил, ангийн хамт олноо шоколадтай жигнэмгээр дайлж болох юм. 

#3 Дотны хүмүүстээ талархал болон уучлалаа илэрхийлэх

Энэ жил уулзаж, учирч, нэгэн оныг хамтдаа туулсандаа хамгийн их баярлаж талархах хүмүүс тань хэн бэ? Тэр л хайртай хүмүүстээ оны эцэст талархаж буй сэтгэлээ илэрхийлээрэй. 

Жилийн хугацаанд танд гомдоосон, сэтгэлийг нь зовоосондоо харамсаж байгаа хэн нэгэн байгаа юу? Чин сэтгэлээсээ уучлал хүсэж, ирж буй шинэ жилийг хамтдаа шинээр угтахыг хүсэж буйгаа илэрхийлэхээ мартуузай. 

#4 Хамтдаа цагийг өнгөрөөх

Завгүй амьдрал дундаа бид дотны хүмүүстээ цаг зав гаргаж чаддаггүй шүү дээ. Тэгвэл энэ жил урьдчилан цаг зав, ажлаа төлөвлөн шинэ жилийн өдрүүдээр дотны хүмүүстээ цаг гаргахыг онцгойлон анхаараарай. Бүх зүйл хурдсаж, завгүй болсон өнөө үед хамтдаа цагийг чанартай өнгөрүүлэх нь л өөрөө хамгийн том бэлэг юм шүү. 

#5 Шинэ жилийн үдэш дотны хүмүүсээ халуун дотноор тэврэх 

Он солигдох торгон агшинд, 12-р сарын 31-нд таарсан хүмүүсээ бүгдийг нь халуун дотноор тэврэн, сэтгэлийн үгээ хэлэн халуун дулааныг түгээгээрэй. 

#6 "Дулаахан" сэтгэл бэлэглэх

Жижигхэн ууттай витамин, халуун аарц, халуун шоколад, амттай зүйлсээр "дулаахан" багц бэлтгэн дотны хүмүүстээ сэтгэлийн үгээ шингээсэн мэндчилгээний хамт бэлэглээрэй. 

#7 Гараараа гацуурын тоглоом хийх

Дотны хүмүүстээ гараараа хийсэн бяцхан тоглоомоо бэлэглэх сайхан биш гэж үү? Хэрвээ өөрөө хийхээс эмээж байвал жижигхэн чимэглэл худалдан авч ч болох юм. Жил бүрийн шинэ жилээр таны бэлэглэсэн тоглоомыг тэд догдлон гацууртаа өлгөнө байх даа? 

#8 Хамтдаа цасан хүн хийх 

Шинэ жилийн үдэш хайртай хүмүүс, хүүхдүүд, дүү нартайгаа хамт гадагш гаран цасан хүн хийгээрэй. Шинэхэн орсон цасанд цагийг хөгжилтэй өнгөрүүлэн, хамгийн гайхалтай дурсамжаа мөнхлөн зураг даруулахаа ч мартуузай. 

#9 Өөрийн чаддаг зүйлээрээ баярлуулах

Хэрвээ нэхэх дуртай бол дотны хүндээ дулаахан бээлий, дулаавч хийн бэлэглээрэй. Зурах дуртай бол жижигхэн зураг зураг бэлэглэх, өөрт нь зориулан шүлэг бичиж өгөх, амттай жигнэмэг хийх дуртай бол түүгээрээ ажлын хамт олноо дайлах, гоё зураг эвлүүлэх дуртай бол дотны хүмүүстээ зориулан зураг бичлэг хийж өгөх гэх мэтээр өөрийн чаддаг зүйлээрээ хайртай хүмүүсээ баярлуулан дулаахан мэдрэмжийг бэлэглээрэй. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.