БНХАУ-аас Австралид суугаа Элчин сайд Сяо Цян Канберра дахь ЭСЯ-нд нь болсон хэвлэлийн бага хурлын үеэр австраличуудыг Японоос болгоомжлоорой гэв. Тэрбээр “Түүхээ мартах аваас давтагдаж мэдэх юм шүү. Дэлхийн II дайны үеэр Япон Австралид халдаж, Дарвиныг бөмбөгдөж, австраличуудын аминд хүрч, олзлогдогсон иргэдтэй хүний ёсонд байж боломгүй байдлаар харилцсан” хэмээжээ. Япон улсаас Австралид суугаа Элчин сайд Шинго Ямагами Австрали, Япон БНХАУ-аас болгоомжилбол зохино гэж хэлсний хариуд ийн хэлсэн бололтой.
Сяо Цян “Хятадыг төлөөлсөн Элчин сайдын хувиар би БНХАУ, Австралийн харилцан ойлголцол, нөхөрлөл, хамтын ажиллагааг ахиулах зорилготой. Түүнээс биш Канберрад суучхаад гуравдагч орныг шүүмжлэх нь миний ажил биш. БНХАУ-аас Австралид суугаа Элчин сайд би Австралийг өөр, гуравдагч улстай хэвийн харилцаатай байхад саад хийхийг оролдох ёсгүй. Эндээс үзэхүл, Японоос суугаа мэргэжил нэгт нөхөр маань ажлаа хийж чадахгүй байна” гэжээ. Өнгөрсөн арванхоёрдугаар сард Япон батлан хамгаалахын төсвөө хоёр дахин нэмэгдүүлж, холын зайн пуужин, зэвсэгтэй болно хэмээн мэдэгдсэнээс хойш БНХАУ, Япон улсын харилцаа донслоод буй.
Дэлхийн II дайны үеэр буюу 1942 оны хоёрдугаар сараас 1943 оны есдүгээр сарын хооронд Япон Австралийн хойд нутгийн хот, байгууламжууд руу агаараас 97 удаа цохилт хийсэн түүхтэй. Мөн тус улсын тэнгисийн хүчин Сидней, Ньюкаслын эрэгт халдаж байв. 1957 онд Японы Ерөнхий сайд Нобүсүкэ Киши агсан Австралид айлчлахдаа “Албан үүрэг хийгээд хувийнхаа хүсэл эрмэлзлийн дагуу би танаас, мөн танаар дамжуулан Австралийн ард түмнээс дайнаар болсон бүхний төлөө уучлал гуйж байна” хэмээсэн байдаг.
Эх сурвалж: CNN