Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Ub.life-ийн түүхүүд | Цагаан сараар тохиолдсон хүндхэн хөгжилтэй 9 ТҮҮХ


Жил жилийн цагаан сар инээд хөөр, бяцхан хөгжилтэй түүхүүдээр дүүрэн өнгөрдөггүй гэж үү? Ub.life-ийн энэ удаагийн түүхүүдээр таны буузны даруулга болгон  цагаан сарын хөгжилтэй түүхүүдийг хүргэж байна. 

Чи ч бас өөрийн түүхийг хуваалцмаар байна уу? 

"Ub.life-ийн түүхүүд" булангийн дараагийн сэдэв "Ээж бид хоёрын түүх" шүү. Ээжтэйгээ холбоотой сэтгэлээс гардаггүй нандин түүхээ бидэнд ЭНД  даран шууд илгээгээрэй

Яг гараад л явж байтал...

Эхнэр хүүхэдтэй болоод нэг л удаа хальт харж байсан холын настныдаа анх удаа "бие даан" очиж золгохоор болов оо. Гэр нь нүүчихсэн, заалгаж заалгаж аваад л давхив. Заасан газраа ирээд л яваад орлоо. Гурван ширээ дүүрэн хүн золгон найрлаж байнаа. Хадаг мөнгөө бариад л настантай золголоо, бууз идээгээ идлээ, бэлгээ ч авав. Яг гараад л явж байтал утас дуугарч байнаа. Утсаа автал "Миний дүү нар хаа явна, замаа олох нь уу?" гэдэг юм... 

- Төрмөнх

Монгол ёс л юм чинь ямар зүгээр суугаад байлтай биш дээ тэ? 

Жаахан байхад нэг жилийн цагаан сараар гэрийнхэн бүгд айлд очиж золгох болоод гэртээ ганцаараа үлдэв ээ. Хэд хоног хөлд дарагдсан учраас ганцаараа үлдээд их л сайхан амарч, өдөржин кино үзнэ дээ гээд л битүүхэн баярлаж байтал гэнэт хаалга нүддэг юм. Үүдээ тайлсан чинь ирнэ гэж хэлээгүй хамаатны айл бараг арвуулаа ороод ирсэн. Тэгээд яасан бэ гэж үү? Арван настай хүүхэд ирсэн зочдоо урьж оруулаад, бүгдтэй нь золгоод, цай салат хийж, буузаа жигнэж, бэлэг өгөөд гаргасан байдаг юм. Гэрийнхэн ирээд шоолж өхөөрдөхийн зэрэгцээ хамаг өнгөтэй өөдтэй "төлөвлөгдсөн" бэлгүүдийг нь тараачихсан гээд загнуулсан даа хэхэ. Монгол ёс л юм чинь ямар зүгээр суугаад байлтай биш дээ тэ? 

- Bubu

Нүүр амаа будах насанд хүрсэн хүн байна! 

Оюутан болсон эхний жил учраас 1993 оны Цагаан сараар авга эгчийндээ зочлохдоо бэлгийн хүлээлт цаанаасаа нэг л өндөрдүү байсан юм. Бүх зүйл болдгоороо болж өндөрлөх үест намайг чиглэн бэлэг ирлээ шүү. Хальт харахад олон өнгийн нүдний тень байгаа юм чинь. Баярласандаа ч гэх үү, бантсандаа ч гэх үү аваад шууд торондоо хийв ээ. Гараад автобусанд суутал пиг хүн, зогсоогоороо чихэлдээд явж байгаа юм. Харьж байж нөгөө гоё юмаа үзнэ гэхээс хол санагдаад, сэтгэл яараад болдоггүй ээ. Тэгэхээр нь гараа тор луугаа явуулаад нөгөө тенийхээ хайрцгийг урж тасдаад гаргаад иртэл... Зургаан өнгийн мини усан будаг. Би ямар дунд сургуулийн хүүхэд юм уу, айн? Нүүр амаа будах насанд хүрсэн хүн байна! 

- Энхцэцэг 

 Экс маань...

Нэг жил эгч, хүргэн ах хоёрыгоо дагаж баахан айлаар золгуут хийгээд, хүргэн ахын талын хамаатныд очтол экс маань цай аягалж өгдөг юм... Тэгээд цааш нь яримааргүй байна.

- Нэрээ нууцалсан 

Уруул дээрээ үнсэлчихсэн юм даа

Арван жилийн ахлах ангийн сурагч байхдаа өмнө нь нээх очиж байгаагүй айлд очиж золгов. Тэнд нэг үеийн хөвгүүн байж таарав аа. Хэн нь ах эгчээ мэдэхгүй, яг золгох болсон чинь сандраад хоёулаа хоёулаа нэгэн рүүгээ ухасхийсэн чинь уруул дээрээ үнсэлчихсэн юм даа. Тэр ахмад хөгшчүүдийн царай... Би бүр ичээд ганц бууз ч идэхгүй, бэлгээ ч бараг аваагүй гарч билээ. Дахин тэр айлд золгохоор очоогүй ээ :))

- Анхзаяа

"Алив өвөөдөө нөгөөхөөсөө нэг хийчих"

Манай хамаатнууд цагаан сарыг ургийн баяр болгон, нэгнийдээ ээлжлэн очилгүй нэг дор ресторанд ч юм уу тэмдэглэдэг уламжлалтай байхгүй юу. Жил бүр бүл нэмсэн гэр бүл, хүргэн бэрүүдтэйгээ танилцаад л, настнууд үг хэлж ерөөл уншин, их л сайхан болдог. Нэг жил барагтай үг дуугардаггүй өндөр өвөө маань дуулж хуурдаад л хөгжилтэй цоглог гэгч нь байв аа. Тэгсэн нэг хажуугаар нь зөртөл өвөө намайг үйлчлэгч эмэгтэй гэж бодсон бололтой. "Алив өвөөдөө нөгөөхөөсөө нэг хийчих" гэдэг юм хэхэ. Хөөрхий хүүхдүүдээсээ санаа зовоод архи дарс ууя гэж хэлж чадахгүй, нууцаар сөгнүүлж уусан юм билээ. Тэгээд "нөгөөхөөс" нь хийж өгсөөн өгсөн. Одоо өвөө минь тэнгэрт заларсан, хааяа энэ явдлыг бодон их хайрлан дурсдаг даа. Өндөр настнуудаа хайрлаж яваарай. 

- Энхболд

Миний бэлэг л ирдэггүй...

Хамаатны учиргүй гоё айлд очив оо. Бууз салатаас уйдсан шинийн 5. Тэдний ширээний идээ будаа ч амттай гэж. Явах болтол нэг их гоё боодолтой бэлэг хүн болгонд өгч байнаа. Ээлжээ хүлээгээд л суугаад байв. Байдаггүй... Хүмүүс явах гээд гутал хувцсаа өмсөөд байдаг. Миний бэлэг л ирдэггүй шүү. Суугаад байлтай биш хувцсаа өмслөө. Гарлаа, явлаа. Гомдох ч шиг. Тэгсэн араас айлын эгч гүйж ирээд "Хүүе чи бэлгээ ав" гэдэг юм. Бантсандаа "Авчихсан авчихсан" гээд тэр чигтээ явчхаж билээ. 

- Дорж

Хоёулаа хоорондоо золгочихсоншдээ, одоо яана аа

Цагаан сарын дараахан жирэмсэн болсноо мэдээд бөөн баяр болж билээ. Гэтэл удалгүй очиж золгосон хамаатны эгч бас жирэмсэн гэдгээ хэлдэг юм. Хоёулаа хоорондоо золгочихсон шүү дээ, одоо яана аа гээд бөөн инээд ханиад болж байв. Тэгээд л үе чацуу хөөрхөн хүү охин хоёр төрөөд, одоо найман нас хүрч байна. Та хоёрын хүйс солигдчихсон гэхээр учиргүй уурлана гээч ккк. 

- Намуундарь 

Эхний айлд 3 бууз. Дараагийн айлд 4 бууз. Дараагийнх 6 бууз. Сүүлийн айлд хасах 5 бууз... 

- Түшиг


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.05
UB.LIFE-ийн түүхүүд | Хаврын хайрын баяртай, гунигтай 8 ТҮҮХ
2
2023.11.21
Ub.life-ийн түүхүүд | Аз жаргал авчирсан анхны хадгаламжийн түүхүүд
3
2023.07.10
Ub.life-ийн түүхүүд | Наадмын нээлтийг “чимж” буй хүүхэд залуус
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
4
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.