БНХАУ-ын Чанжоу мужийн Мехатроник технологийн дээд сургуулийн эрдэмтэд холын харилцаатай байдаг хосуудад зориулж үнсэх төхөөрөмж бүтээсэн нь олон нийтийн сонирхлыг татаад зогсохгүй зарим хүмүүсийг шоконд оруулаад байна.
Тус төхөөрөмж нь хэрэглэгчийн уруулын даралт, хөдөлгөөн, температурыг хуулбарлах чадвартай тул жинхэнэ мэт бие махбодын дотно харилцааг бий болгоно хэмээн зохион бүтээгч нь тайлбарлаж байгаа аж. Мөн энэ нь үнсэлцэх үеийн уруулын хөдөлгөөнөөс гадна хэрэглэгчийн гаргаж буй дууг хамтрагчид нь дамжуулдаг гэнэ.
Хосууд үнсэлцэхийг хүсвэл уг төхөөрөмжид зориулсан аппликэйшнийг татаж аваад утас цэнэглэдэг оролт руу залгах юм байна. Дараа нь аппликэйшн дээр хамтрагчтайгаа хосолсны дараа видео дуудлага хийж үнсэлтийн төхөөрөмжийн тусламжтайгаар уруулынхаа хөдөлгөөнийг алс хол байгаа хайртай хүндээ дамжуулах боломж бүрдэх гэнэ.

"Би их сургуульд суралцаж байхдаа найз бүсгүйтэйгээ холын зайн харилцаатай байсан. Тэр үед зөвхөн утсаар л харьдаг байсан. Энэ төхөөрөмжийг бүтээх санаа тэгэхэд төрсөн" гэж үнсэх төхөөрөмжийг санаачилсан Зян Жунли ярьжээ. Үүнийг холын зайны харилцаатай хосуудаас гадна шинэ хүнтэй танилцах, үнсэлцэхийг хүссэн хүмүүс ашиглаж болно гэжээ. Хэрэглэгчид аппликэйшний “kissing square” цэс рүү орж өөрийнхөө хэн болохыг дэлгэхгүйгээр бусад хүнтэй хос болох боломжтой аж. Хэрэв танилцсан хүн нь таалагдвал төхөөрөмжийг ашиглан үнсэлцэж болох юм байна.

Хятадын олон нийтийн сүлжээнд хүмүүс энэхүү үнсэх төхөөрөмжийн янз бүрээр хүлээн авч байна. Зарим нь бүдүүлэг, марзан хэмээн шүүмжилсэн бол худалдаж аваад туршиж үзнэ гэдгээ илэрхийлсэн хүмүүс ч байв.
Сонирхуулахад, уг төхөөрөмж онлайн худалдааны Taobao сайтад 41 долларын үнээр худалдаалагдаж эхэлжээ.
Эх сурвалж: CNN