
Монголын хоккейн шигшээ Азийн АШТ-д Узбекистаны багт 7:4-өөр хожигдлоо
Мөсөн өргөөд хоккейн 18 хүртэлх насны Азийн АШТ 3-р сарын 11-17-ны өдрүүдэд явагдаж байна. Энэхүү тэмцээнд зургаан улсын шигшээ баг өрсөлдөж байгаа юм. Монгол Улс анх удаа хоккейн Азийн АШТ-ийг зохион байгуулж байна.
Азийн АШТ-д тоглож буй Монголын шигшээ баг эхний тоглолтодоо Ираны багийг 5:0-ээр хожсон бөгөөд харин удаах учраа АНЭУ-ын шигшээ багийг 10:2-оор ялаад буй юм.
Тэд өчигдөр Узбекистаны шигшээ багтай тоглож, 4:7-оор хожигдлоо. Узбекистан эхний тоглолтуудад Туркменистаныг 5:0-ээр Ираны шигшээг 14:1-ээр хожиж бөмбөгний зөрүүгээр хүснэгтийг тэргүүлээд байсан юм.
Тоглолтын эхний хоёр үед 4:4 тэнцсэн ч шийдвэрлэх III үед Монголын шигшээ гурван шайбыг хаалгандаа алджээ. Монголын шигшээ баг өнөөдөр 17:00 цагаас Туркменистантай, сүүлийн өдөр буюу баасан гаригт 20:30 минутад Тайландын шигшээ багтай тоглоно.
Сонирхуулахад, 3 сарын 23-26-ны өдрүүдэд ДАШТ-ий дөрөвдүгээр дивизионы тэмцээн мөн Мөсөн өргөөд явагдана.