Сайхан нөхөрлөлийг хичээл зүтгэлээр бүтээдэг ч заримдаа тэд бидний урмыг хугалж, сэтгэлийг шархлуулж, нэгнээ хүнд байдалд оруулж, бүр анхнаасаа найзлаагүй байсан ч болоосой гэж хүсэхэд хүргэх нь бий. Хүн эргэн тойрныхноосоо хамгийн ихээр найзтайгаа адилхан болж, хийж буй зүйлд нь татагддаг учраас найзыгаа зөв сонгох нь үнэхээр чухал. Тэгвэл дараах "хортой" зан чанартай хүнтэй ойртон нөхөрлөх нь танд тавгүй, муухай мэдрэмж төрүүлж, улмаар сэтгэлээр унах, өөртөө дургүй болоход ч хүргэх вий.
1. Ашигч найз
Тэр өөртөө хэрэгтэй үед л тантай холбоо барьдаг. Үнэхээр сэтгэлээсээ нөхөрлөж, хамт байгаадаа л таатай хөгжилтэй байх бус өөрт нь хэрэгтэй үед л тантай хамт байх гэдэг. Жаргалтай үед нь та түүнээс сураг дуулахгүй ч, тан руу гэнэт залгахад ямар нэг зүйл гуйх нь дээ гэдгийг нь та тааварладаг.

2. Түрэмгийлэгч найз
Таныг хүсээгүй зүйлийг хийхийг албадаж, хамт хийхгүй бол дургүйлхдэг төрлийн найзаас холхон явсан нь дээр. Магадгүй төрөл бүрийн хорт зуршлыг танд санал болгож, хийхийг шаардаж, "найз" нэрийн дор дээрэлхэж ч мэднэ. Таныг хүндэлдэггүй, үзэл бодлыг тань сонсдоггүй найзаар яах билээ?
3. Үргэлж зовлон тоочдог найз
Түүнтэй уулзаад салахад та яагаад ч юм маш их ядарсан байдаг. Зогсоо зайгүй амьдралаа шүүмжилж, таньдаг хүмүүсээ муулж, яагаад өөрийгөө ийм зовлон зүдгүүртэй амьдарч буйг тэр гайхсаар, ярьсаар л байдаг. Гэвч юу ч хийдэггүй. Энэ төрлийн найз таны өөдрөг бодлыг унтрааж, нэг л мэдэхэд өөр шигээ болгож мэднэ.
4. Атаархагч найз
Түүнд өөрт тохиосон сайхан зүйлийг хэлэхэд тэр яагаад ч юм баярладаггүй. Хайр дурлалтай учирлаа гэж хэлэхэд тэр таны өмнөөс баярлахын оронд өөрийгөө ганцаараа хэчнээн гунигтай байгаагаа л чухалчлан авч үздэг. Үнэндээ тэр танд атаархаж буй хэрэг.

5. "Муухай" сэтгэлтэй найз
Тэр нэг өдөр сэтгэлээ нээн ярилцах хэр нь маргааш нь таны нууцыг бусдад дэлгэчихдэг нэгэн. Нууц хадгалдаггүй, таны сэтгэлийг хэзээ ч боддоггүй, нөхөрлөлөө сайн сайхан авч явахсан гэж хичээдэггүй хүн танд хэрэггүйг санаарай.
6. Хувиа хичээгч найз
Өөрөө л дуртай киногоо ганцаараа үзэхгүй гэсэндээ таныг хамт үзэхийг шаардаж, өөрөө л мөнгөтэй боломжтой үедээ таны зав чөлөөг үл харгалзан цаг товлочихдог хувиа хичээсэн найзууд цагийн эрхээр хөндийрөх нь тодорхой. Бас түүний төрсөн өдрөөр та үнэхээр сэтгэлээсээ баярлуулахыг хичээх ч, таны төрсөн өдрөөр тэр "үнэхээр завгүй" болчихдог.
7. Өөлимтгий найз
Заримдаа түүний үгийг үнэхээр магтаал уу, шүүмж үү, эсвэл элэглэл шоглоом уу гэдгийг та ойлгодоггүй. Хорон үгтэй ч гэмээр бөгөөд таны гадаад төрх, өмссөн зүүснийг байнга өөлж, "миалж" байж санаа нь амардаг. Түүнээс холдохгүй л бол та өөртөө гутарна, эсвэл түүн шиг болно.

Эх сурвалж: Psych2Go