UBLife Logo
UB.LIFE-ийн түүхүүд

UB.LIFE-ийн түүхүүд: Хувийн мэдээллээ хамгаалах тухайд хүн бүрд сургамж өгөх 7 түүх

Ub.life
Ub.life
UB.LIFE-ийн түүхүүд: Хувийн мэдээллээ хамгаалах тухайд хүн бүрд сургамж өгөх 7 түүх

Бид  бусдын зургийг зөвшөөрөлгүй түгээж болохгүй, регистрийн дугаар бол нууц мэдээлэл гэдгийг  мэддэг ч өдөр тутамд хувийн мэдээлэл маань хэрхэн алдагдаж, бидний эрх зөрчигдөж байдгийг тэр бүр анзаардаггүй. Иймд UB.LIFE-ийн түүхүүд булангийн шинэ дугаарт хувийн мэдээллээ алдаж, бас хууль зөрчсөн этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж чадсан хүмүүсийн сургамжит түүхүүдийг хуваалцаж байна.

Холбоотой мэдээлэл: Хувийн мэдээллээ яг одооноос хамгаалж эхлэх 5 шалтгаан

Онцгой хамгаалалттай "эмзэг мэдээлэл"-ийнхээ талаар та хэр сайн мэдэх вэ?


Камер шүүгээд утасны дугаарыг минь олчихсон байсан

Монголын нэгэн томоохон үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлж байхад тохиолдсон явдал л даа. Тухайн үед ажилтан нь удаан, харилцаа муу байсан болохоор  твиттер дээрээ энэ талаар жиргэсэн юм. Уг нь миний твиттер хаяг хувийн (private) тохиргоотой. Гэтэл орой нь тэр байгууллагын ажилтан гэх хүн залгаад твиттертээ бичсэн зүйлээ устгахыг хүссэн. Би эхлээд “Юун сүртэй юм” гэж бодсоноо гэнэт миний твиттер хаяг private гэдгийг санаж утасны дугаарыг минь яаж олсон юм бол гэж гайхсан. Гэтэл тэд байгууллагынхаа камерыг шүүж байгаад үйлчилгээ авахад өгсөн мэдээлэл дундаас миний утасны дугаар бусад хувийн мэдээллийг олоод авчихсан байсан. Энэ талаар  хуулийн мэдлэгтэй хүнээс тодруулахад “Чамайг  мөшгөчихсөн юм бишүү? Энэ чинь Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль зөрчсөн үйлдэл. Чи Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргах эрхтэй” гэхээр нь зөвлөснийх нь дагуу гомдол гаргалаа. 

Уг нь гомдол гаргах амархан юм байна лээ. Хүний эрхийн үндэсний комиссын фэйсбүүк хуудасны чат руу эсвэл сайт руу нь ороод л гомдлоо гаргачихна. Цаанаас хэд хэдэн удаа тодруулж асууна, тэгээд ямар арга хэмжээ авснаа тайлагнадаг. Надад лав их амар санагдсан. 

Эцэст нь Хүний эрхийн үндэсний комисс компанийн зүгээс уучлалт гуйлгуулах, мөн ажилчдад нь шинэ хуулийн дагуу сургалт орох, камер ашиглах журмыг хуультай нийцүүлэх албан шаардлагыг хүргүүлсэн гэдэг хариу ирснээр санаа минь амарсан даа. Удалгүй тэр үйлчилгээний байгууллагаас над руу холбогдож уучлал гуйсан. Хэрэв танд иймэрхүү зүйл тохиолдсон бол арга хэмжээ авхуулах боломж байгаа шүү. 

Бас үйлчилгээний газрууд ч гэсэн хэрэглэгчийн мэдээллийг цуглуулахдаа болгоомжтой байж, хууль зөрчихгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй юм билээ. Ер нь ямар ч байгууллага хүний хувийг  мэдээллийг авахдаа яг ямар зорилгоор ашиглах вэ гэдгээ нарийн хэлж, тайлбарлах ёстой. Хэрэв надаас энэ зөвшөөрлийг аваагүй бол гомдол гаргаж, хариуцлага тооцуулах боломжтой байдгийг мэдэж авсан. 

Апп дээрх хаягаа устгуулах нь бараг л банкнаас зээл авахтай адил

Хоёр жилийн өмнө бил үү дээ шаардлага гараад дотоодын нэг аппликэйшнийг татсан юм. Аппликэйшн дээрх үйлчилгээг авахын тулд миний утас заавал NFC (богино зайд радио долгионоор дамжуулалт хийдэг технологи)-тэй байх шаардлагатай гэдгийг апп татаж, хаяг үүсгэсэн хойноо мэдсэн. Миний барьдаг Самсунгийн утсанд NFC байдаггүй болохоор апп татсаны ч хэрэг гарсангүй. Хамгийн инээдтэй нь хаягаа устгая гээд тохиргоо руу нь ороод хартал “УСТГАХ” тохиргоо байгаагүй. Оператор руу нь холбогдоод ч миний мэдээллийг устгаж өгөөгүй юм даа. Гэтэл апп нь миний нэр, утас, и-мэйлээс авхуулаад гэрийн хаяг, РД гээд баахан хувийн мэдээллийг авчихсан. 

Хувийн мэдээллээ устгуулж чадалгүй байж байтал өнгөрсөн жил Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль батлагдсан тухай сонссон. Хууль батлагдчихсан юм чинь одоо мэдээллийг минь устгаад өгөх байлгүй дээ гээд саяхан дахиж оператор руу нь холбогдтол “Та мэдээллээ устгуулахын тулд манай мэйл хаяг юм уу фэйсбүүк чат руу устгуулах шаардлагаа тайлбарласан өргөдөл, иргэний үнэмлэхээ барьж байгаад нүүрээ тод гарсан зургаа дараад явуулаарай. Тэгж байж таны мэдээллийг устгаж өгнө” гэсэн. Хаяг үүсгэхдээ ийм мэдээлэл шаардаагүй байж устгахдаа яахаараа шаарддаг юм бэ гэж асуухад таныг мөн гэдгийг баталгаажуулахын тулд ингэж байна гэсэн дээ. Бид фэйсбүүкийн хаягаа устгахдаа хэзээ ч ингэдэггүй шүү дээ. Энэ компанийн тавьж байгаа шаардлагыг сонсоход яг л банкнаас зээл авах гэж байгаа юм шиг санагдсан. Хувийн мэдээллээ устгуулахын тулд хувийн мэдээллээ өгнө гэдэг яаж ч бодсон учир дутагдалтай. Шинэ апп татаж, бүртгүүлэхдээ үйлчилгээний нөхцөлийг нь сайн судалж, уншмаар юм байна лээ шүү. 

“Таны гомдол, дуудлага яриа бүгд хадгалагдсан байгаа”

Дуудлагаар такси дуудаж үйлчлүүлсэн юм. Маргааш нь төлбөрөө хоёр удаа хийснээ мэдээд такси компанид нь хандсан. Удалгүй жолооч нь ч холбогдож, илүү төлбөрийг удахгүй хийнэ гэж хэлсэн. Гэтэл сар гаруйн хугацаа өнгөрөхөд өнөөх жолооч илүү төлсөн мөнгийг минь буцааж өгөөгүй. Тэвчээр алдраад такси компани руу нь залгаж дахиж гомдол гаргасан. Гэтэл эргээд хариу өгнө гэж хэлээд дахиад хагас сар өнгөрөв. Бүхэл бүтэн хоёр сар өнгөрчхөөд байхад гомдлыг минь шийдэж, мөнгийг минь буцааж өгөөгүй болохоор энэ удаа нэлээд ууртай залгалаа. Оператор нь дахиад надад бүгдийг эхнээс нь тайлбарлаж байна. Тэвчээр алдраад “Ингэхэд танай компани миний гомдлыг бүртгэсэн юм уу” гэхэд “Манайх бүх дуудлагыг бичлэг хийж хадгалдаг учраас таны гомдол, дуудлага, яриа бүгд хадгалагдсан байгаа” гэдэг юм даа.

Уг нь хүний дуу хоолой гэх мэт биометрик мэдээллийг цуглуулахдаа урьдчилан мэдэгдэж, зөвшөөрөл авах ёстой гэдгийг би өмнө нь сонсож байсан. Тэгтэл тэр такси үйлчилгээний компани дуудлага хийхэд “Таны дуу хоолойг гомдол, мэдээлэл бүртгэх, үйл ажиллагааг сайжруулах зорилгоор бичиж авч байна” гэж огт сануулаагүй, зөвшөөрөл ч аваагүй байгаад нь гайхсан. Тэгээд Хүний эрхийн үндэсний комисст хандаж, гомдол гаргасан. Компани надаас зөвшөөрөл аваагүй нь батлагдсан учраас цаашид хэрэглэгчтэй хийсэн утасны яриаг хадгалахдаа мэдээллийн эзнээс заавал зөвшөөрөл авахыг сануулж, би ч илүү төлсөн мөнгөө авсанаар энэ явдал өндөрлөсөн юм.

Мэдээллээ устгуулах гэтэл манайх тийм ажил хийдэггүй гэсэн 

Технологи суурьтай хоёр компанид үйл ажиллагааг нь сонирхон бүртгүүлсэн ч бараг хэрэглээгүй. Тэгээд өөрийнхөө овог, нэр, цалин хөлс, хаяг, регистрийн дугаарын мэдээллийг устгуулах хүсэлт гаргасан юм. Тэгсэн эдгээр компаниуд манайх тийм ажил ажил хийдэггүй гээд миний мэдээллийг устгаж өгөөгүй. Дараа нь сонсоход хувийн мэдээллээ устгуулах эрх бидэнд байдаг юм байна лээ. Би ч араас нь хөөцөлдөж сүрхий яваагүй. Одоо бодоход зав гаргаж зарим ашигладаггүй апп, сайтуудаас өөрийнхөө мэдээллийг устгахыг шаардах хэрэгтэй гэж боддог юм. 

Мэйл илгээсэн бүх өмгөөлөгчийн хувийн мэдээлэл задарчихсан

Би хуульчаар ажилладаг л даа. Саяхан Монголын Өмгөөлөгчдийн холбоо Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасны дагуу өмгөөлөгчдөд маягт бөглөх, мэдээлэл өгөхийг шаардсан групп мэйл илгээсэн юм. Бид ч тэдгээр маягтыг бөглөж хариу илгээсэн. Гэтэл Өмгөөлөгчдийн холбооны цахим шуудангийн буруу тохиргооноос болж хариу мэйл илгээсэн бүх өмгөөлөгчийн овог, нэр, нас, гэрийг хаяг тэр бүү хэл регистрийн дугаар, орлогын талаарх мэдээлэл задарсан. 

Хөдөлмөрийн гэрээгээ хийх гэж очоод нэгнийхээ цалин хөлсийг мэдчихсэн

Манай байгууллага сургалт зохион байгуулах гээд хамрагдах хүмүүсийх нь нэрийг ажилтнуудад тараасан. Тэгсэн чинь жагсаалтад хүмүүсийн нэртэй хамт регистрийн дугаар, ажилласан жилийн мэдээлэлтэй хамт групп чат руу явуулчихсан. Би “Хүүеэ, мэдээлэл алдагдчихлаа шүү дээ” гэсэн чинь “Регистрийн дугаарыг арилгахаа мартаад явуулчижээ” гэснээс өөр тайлбар өгөөгүй. Чат руу явуулсан файлыг устгуулья гэсэн ч хүмүүс аль хэдийн татаад авчихсан болохоор  устгаад ч нэмэргүй юм болсон. 

Тэрний дараахан шинээр орсон ажилтнуудаа нэг дор цуглуулж, хөдөлмөрийн гэрээ тараасан юм. Сайн мэдэхгүй хүмүүст гэрээг тараасан болохоор хольж солиод, тэнд байсан хүмүүс бүгд шахуу нэг нэгнийхээ цалин хөлсийг мэдээд дууссан даа. Ажил олгогчид хайхрамжгүй хандсанаас болж ажлын байран дээр хувийн мэдээлэл алдагдах нь их байна.

Ажилд ороход гурван үеийн намтар хэрэгтэй гэж үү?

Ажилд ороход зарим байгууллага гурван үеийн намтар, гэр бүлийн байдал зэрэг маш их мэдээллийг шинэ ажилтан, ажилд горилогчоос авдаг. Гэтэл авч буй зарим мэдээллийн хэрэгцээ зорилго нь тодорхойгүй. Судлаад үзэхээр хүний ажил үүрэг, хөдөлмөрийн харилцаанд хамааралгүй байвал ажил олгогч асуулт асуух, мэдээлэл цуглуулахыг хориглодог юм байна. Тухайлбал, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн 6.4-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсэх, ажил үүрэгтэй нь холбогдолгүй аливаа асуулт асуух, мэдээлэл цуглуулахыг .... жирэмсэн эсэхийг тодруулахыг хориглоно” гэсэн байдгийг энд дурдмаар байна Бид иймэрхүү хуулийн заалтыг мэддэг байх, ажил олгогчоос шаардаж буй мэдээлэл, баримт бичиг нь ажил үүрэгт хамааралгүй бол мэдээллээ өгөхөөс татгалзах эрхтэй гэдгийг хүмүүс мэдээсэй. 

Дээрх болсон түүхүүдэд хуульчийн зүгээс анализ хийвэл:  

Одоогоор Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуульд заасан дараах нийтлэг зөрчил гарч байна. Үүнд:  

  • Мэдээллийг хуульд заасан үндэслэлээр, эсхүл мэдээллийн эзний зөвшөөрлийн дагуу цуглуулах, боловсруулах, ашиглах /5.4.1/

  • Мэдээлэл ашиглах үндэслэл, зорилго ойлгомжтой, тодорхой байх /8.2.1/

  • Анх зөвшөөрөл авсан зорилгоос өөр зорилгоор мэдээллийг боловсруулах, ашиглах тохиолдолд мэдээллийн эзнээс дахин зөвшөөрөл авах /8.10/

  • Мэдээлэл хариуцагч мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах 

Хэрэв та хувийн мэдээллийг тань хэн нэгэн хууль бусаар ашиглах, ил болгох, дамжуулахаас сэргийлэхийг хүсвэл дараах энгийн алхмуудыг өдөр тутамдаа мөрдөж байгаарай.

  1. Байгууллага дотроо хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, санамсаргүй байдлаар дамжуулах, ил болгохгүй байхыг анхааруулах, 

  2. Таны мэдээллийг авахдаа зөвшөөрөл авч байгаа эсэхийг нягтлах, мэдээллийг ямар нөхцөлд, хэрхэн ашиглаж байгааг шалгах, 

  3. Хэн нэгэнд хувийн мэдээллээ өгөхдөө мэдээлэл хариуцагч дараах нөхцөлийг тусгаж, танилцуулж буй эсэхийг анхаарах, үүнд:

  • мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үндэслэл, зорилго ойлгомжтой, тодорхой байх;

  • мэдээлэл хариуцагчийн нэр, хуулийн этгээд бол оноосон нэр, холбоо барих мэдээлэл;

  • цуглуулах, боловсруулах, ашиглах мэдээллийн жагсаалт;

  • мэдээлэл боловсруулах, ашиглах хугацаа;

  • мэдээллийг нийтэд ил болгох эсэх;

  • мэдээллийг бусдад дамжуулах эсэх, дамжуулахаар бол дамжуулах этгээд, дамжуулах мэдээллийн жагсаалт;

  • зөвшөөрлөө цуцлах хэлбэр.

4. Мэдээлэл хариуцагч аливаа хүний мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглахдаа дээрх нөхцөлийг асууж, мэдээллийн эзэнд танилцуулах үүрэгтэй. 

Нийтлэлийг бэлтгэсэн: “Өмгөөллийн Эм Ди Эс энд Хаанлекс" ХХН-ийн хуульч, өмгөөлөгч М.Ариунзул


Illustrations: _dotorhun_

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
5
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.