UBLife Logo
Мэдээллийн боловсрол

Q&A: Фэйсбүүкийн чатыг скрин шот хийж задруулах нь хүний нууцад халдсан хэрэг мөн үү?

Ub.life
Ub.life
Q&A: Фэйсбүүкийн чатыг скрин шот хийж задруулах нь хүний нууцад халдсан хэрэг мөн үү?

Бусадтай харилцах, үйлчилгээ авах гээд бид алхам тутамдаа хувийн мэдээллээ хуваалцаж, бусдын мэдээллийг ч сонсож, мэддэг. Гэрийнхээ хажуугийн дэлгүүр ороход л та камерт бичигдэж, эмчид үзүүлсний дараа хурууны хээгээ уншуулах шаардлагатай болно. Тэгвэл та хувийн мэдээллээ хэр их задруулах, ямар тохиолдолд өгөхөөс татгалзах эрхтэй вэ гэдгээ мэдэх үү? Мөн өөрөө ч мэдэлгүй бусдын хувийн нууцад халдаж, задруулаад байгаа юм биш? 

Хувийн мэдээллээ хамгаалах талаар манай уншигчдаас ирсэн асуултуудад “Өмгөөллийн Эм Ди Эс энд Хаанлекс" ХХН-ийн хуульч, өмгөөлөгч ийн хариуллаа. 


1. Үүрэн холбооны компаниас онлайнаар нэгж худалдаж авахад регистрийн дугаар шаарддаг. Энэ ямар учиртай вэ, регистрийн дугаар шаардах нь зөв үү? 

Энэ тохиолдолд хувь хүн утсандаа нэгж худалдан авахад регистрийн дугаарын мэдээлэл ямар шаардлагатай вэ, зорилго нь юу вэ гэх асуулт ургаж гарна. Энэ кэйсийг харахад онлайнаар нэгж худалдан авч буй иргэн утасны дугаар, онлайн худалдан авалт хийхэд шаардлагатай банкны болон картын мэдээллээ өгөхөд хангалттай байхаар харагдаж байна. Мөн үүрэн холбооны компани хэрэглэгчээс регистрийн дугаарыг нь авах хэрэгцээ, зорилго тодорхойгүй байгаа юм.  

Шаардаж буй мэдээлэл, бичиг баримт нь авч буй үйлчилгээнд хамааралгүй бол мэдээллийн эзэн мэдээллээ өгөхөөс татгалзах эрхтэй.

Шаардаж буй мэдээлэл, бичиг баримт нь авч буй үйлчилгээнд хамааралгүй бол мэдээллийн эзэн мэдээллээ өгөхөөс татгалзах эрхтэй. Мөн үүрэн телефоны компани таны хувийн мэдээллийг авахдаа дараах нөхцөлийг таньд танилцуулж, асуусан эсэхийг нягтлаарай. Үүнд: 

  • Мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үндэслэл, зорилго ойлгомжтой, тодорхой байх;

  • Мэдээлэл хариуцагчийн нэр, хуулийн этгээд бол оноосон нэр, холбоо барих мэдээлэл;

  • Цуглуулах, боловсруулах, ашиглах мэдээллийн жагсаалт;

  • Мэдээлэл боловсруулах, ашиглах хугацаа;

  • Мэдээллийг нийтэд ил болгох эсэх;

  • Мэдээллийг бусдад дамжуулах эсэх, дамжуулахаар бол дамжуулах этгээд, дамжуулах мэдээллийн жагсаалт;

  • Зөвшөөрлөө цуцлах хэлбэр.

Үүрэн холбооны компани регистрийн дугаарын мэдээллийг авахдаа танд дээрх нөхцөлүүдийг танилцуулаагүй бол юун түрүүнд хууль тогтоомжийг хэрэгжүүлэхгүй байгаа талаар Хүний эрхийн үндэсний комисст, цагдаад хандан Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр байна. 

2. Дэлгүүр, хувийн байгууллагууд цахим орчинд камерын бичлэгээ ил тавьсан байхыг зөндөө харж байсан. Ингэж дураараа камерын бичлэгийг цацаж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл мөн үү? 

Дэлгүүрүүд эд хөрөнгөө хамгаалах зорилгоор камер байршуулах бүрэн эрхтэй. Гэвч сүүлийн үед хулгай, зүй бус харилцаатай холбоотой дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг нийтэд ил болгох нь ажиглагдаж байна. Хэдий энэ нь мэдээлэл өгөх, сэрэмжлүүлэх зорилготой байсан ч хүний хувийн мэдээллийг зөвшөөрөлгүй ил болгосон хууль зөрчсөн үйлдэл юм. 

Хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд дүрс бичлэгт гарч буй хүний өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр бичлэгийг нийтэд ил болгох, үзүүлэх, бусдад  хуулбарлаж өгөхийг хориглодог. Мөн уг бичлэгийг цааш түгээх нь шууд бусаар хууль зөрчсөн үйлдлийг дэмжсэн явдал гэдгийг иргэд ухамсарлах хэрэгтэй. 

Хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд дүрс бичлэгт гарч буй хүний өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр бичлэгийг нийтэд ил болгох, үзүүлэх, бусдад  хуулбарлаж өгөхийг хориглодог.

Хэрэв таны бичлэгийг зөвшөөрөлгүй ил болгосон, хуульд зааснаас өөрөөр ашигласан тохиолдол Хүний эрхийн Үндэсний Комисст хандан хянан шалгалт хийлгүүлж арга хэмжээ авах, цаашлаад гэмт хэргийн шинжтэй байвал Эрүүгийн хариуцлага ногдуулдна. Тухайлбал, анх цуглуулсан зорилгоосоо өөр зорилгоор ашигласан, хүний эмзэг мэдээлэл буюу хувийн нууцад халдах, зөвшөөрөлгүйгээр задруулах гэмт хэрэг, зөрчилд Эрүүгийн болон Зөрчлийн хуулиар торгох, бүр цаашлаад 1-5 жилийн хорих ялаар шийтгэдэг. 

3. Үйлчлүүлдэг сүлжээ дэлгүүртээ хөнгөлөлтийн карт нээлгүүлэх гэтэл хурууны хээ шаардсан. Ийм үйлчилгээ авахад заавал хурууны хээ өгөх шаардлагатай юу? 

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд хүний хурууны хээг биометрик мэдээлэл хэмээн тодорхойлсон бөгөөд хувь хүний нууцад хамаардаг. Сүлжээ дэлгүүр, хувийн байгууллагууд хүний хурууны хээн мэдээллийг ихэвчлэн гишүүнчлэлийн карт нээх, хөнгөлөлт эдлүүлэхэд ашиглаж байгаа харагддаг. Зөвхөн гишүүнчлэлийн карт нээхийн тулд хурууны хээ цуглуулж байгаа бол мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үндэслэл зорилго ойлгомжгүй, мэдээлэл цуглуулах зайлшгүй шаардлага байхгүй гэж үзнэ. Түүнчлэн яг энэ зорилгоор эмзэг мэдээллээ өгөх, хариуцуулах нь маш эрсдэлтэй. Учир нь тухайн байгууллагын аюулгүй байдал, цааш дамжуулан ашиглаж буй нөхцөл зэрэг нь хэр найдвартай вэ гэдгийг мэдэх боломжгүй шүү дээ. Иймд та өөрийн дахин давтагдашгүй биометрик мэдээлэл болох хурууны хээгээ өгөхгүй байх эрхтэй, цаашлаад хууль зөрчсөн талаар Хүний эрхийн үндэсний комисс, цагдаагийн байгууллагад хандан хариуцлага тооцуулах боломжтой.

Зөвхөн гишүүнчлэлийн карт нээхийн тулд хурууны хээ цуглуулж байгаа бол мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үндэслэл зорилго ойлгомжгүй, мэдээлэл цуглуулах зайлшгүй шаардлага байхгүй гэж үзнэ.

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн үндсэн дээр удахгүй батлагдах журмын төслөөс үзвэл мэдээлэл боловсруулагч, сүлжээ дэлгүүрүүд нь“... Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын үйл ажиллагааны дүрэм MNS ISO 27002:2006,  Мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийн удирдлага MNS 5969:2009, Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо MNS ISO/IEC 27001:2021 стандартын нэвтрүүлсэн байх” шаардлагыг хангаагүй бол хүний биометрик мэдээллийг цуглуулах боломжгүй болно. Өөрөөр хэлбэл, нэгд, хурууны хээг цуглуулах, боловсруулах  нэн шаардлагатай гэдгийг батлах, хоёрт, мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хангаж байж энэ төрлийн мэдээллийг цуглуулах эрхтэй болно гэсэн үг юм. 

4. Дотоодын нэг аппликэйшнаас мэдээллээ устгуулахаар холбогдтол оператор нь “Та мэдээллээ устгуулахын тулд манай мэйл хаяг юм уу фэйсбүүк чат руу устгуулах шаардлагаа тайлбарласан өргөдөл, иргэний үнэмлэхээ барьж байгаад нүүрээ тод гарсан зургаа дараад явуулаарай. Тэгж байж таны мэдээллийг устгаж өгнө” гэсэн. Хаяг үүсгэхдээ ийм мэдээлэл аваагүй байж устгахдаа яагаад шаардаж байгаа юм бэ гэж асуухад таныг мөн гэдгийг баталгаажуулахын тулд ингэж байна гэсэн. Би энэ тохиолдолд яах вэ, асуудлыг яаж шийдэх вэ? 

Дотоодын аппликэйшн нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 18.2.9-д заасны дагуу мэдээллийн эзний хүсэлтийн дагуу мэдээллийг засах, өөрчлөх, устгах үүрэгтэй. Энэ нь “мартагдах эрх” буюу иргэн өөрийн хүсэлтээр мэдээллээ устгуулах эрх юм.  Мөн хэрэглэгчийн бүртгэлийг устгахдаа иргэний үнэмлэх, царай зэрэг хүний хувийн мэдээллийг дахин цуглуулж буй нь шууд утгаараа хууль зөрчсөн гэж дүгнэх боломжгүй ч технологи хөгжсөн өнөө үед хуучинсаг арга барил, хүний эрхийн мэдрэмжгүй шийдэл юм. 

5. Бидний хоорондоо бичсэн чатыг скрин шот хийж нийтэд ил болгочихлоо. Фэйсбүүкийн чатын ил болгох нь хүний нууцад халдсан хэрэг болох уу?

Тийм. Мэдээллийн технологи ашиглан солилцож буй мэдээлэл буюу фэйсбүүкийн чат нь захидал харилцааны эмзэг мэдээлэл юм. Энэхүү мэдээлэл нь хувь хүний нууцад хамаардаг. Хувь хүний нууцыг задруулсан тохиолдолд Эрүүгийн хуулиар торгох ял, эсхүл 2 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэдэг. 

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш хувь хүний нууцад халдсан, задруулсан гэмт хэрэг цөөнгүй шийдэгдсэн. Тухайлбал, сүүлд эхнэр, нөхөр хоёр муудалцаж, улмаар нөхөр нь бусдын биед халдаад зогсохгүй эхнэрийнхээ өөр хүнтэй харилцсан чат, зургуудыг ил болгосон байдаг. Нөхөрт хүний эрүүл мэндэд санаатайгаар хохирол учруулсан гэмт хэргээс гадна эхнэрийнхээ захидал харилцааг ил болгосон, хувь хүний нууцыг задруулсан хэмээн үзэж хариуцлага хүлээлгэсэн.

6. Хуульд төрийн байгууллага хувь хүний мэдээлэл ашиглавал тухайн иргэнд мэдэгдэл очихоор зохицуулсан гэжээ. Тэр мэдэгдэл хаана, яаж ирдэг вэ? 

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд зааснаар Төрийн байгууллага болон хуульд заасан бусад этгээд чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хязгаарлалттай мэдээллийг ашиглах бол мэдээллийн эзний зөвшөөрөл шаардахгүй гэж заасан байдаг. Харин мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулсан бол мэдээллийн эзэнд энэ талаар мэдэгдэл хүргүүлэх үүрэгтэй.

Төрийн байгууллагуудын хувьд хүний хувийн мэдээллийг ашигласан, цуглуулсан, дамжуулсан бол мэдэгдлийг e-mongolia.mn аппликэйшний хэрэглэгчийн профайл хэсэгт байрлах үндэсний цахим шуудангаар дамжуулан мэддэг. Тухайлбал, Монгол Улсын хилээр гарсан бол Хил хамгаалах ерөнхий газар таны мэдээллийг авсан тухай мэдэгдэл ирнэ гэсэн үг. 

7. Манай байгууллага CCTV (хяналтын камер)-гээ шинэчилж байгаа юмаа. Ямар нэгэн зөвшөөрөл авах, холбогдох газарт материал өгөх ёстой юу? 

Тийм ээ. Хяналтын камерыг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд дуу дүрсний бичлэгийн систем, төхөөрөмж гэж тодорхойлсон байдаг. 

Албан байгууллагууд хүний болон мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах, байгууллагын эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах, хамгаалах зорилгоор дүрс бичлэгийн бичлэгийн төхөөрөмж байршуулахыг зөвшөөрсөн. Үүнтэй холбоотойгоор Цахим хөгжил харилцаа холбооны яамнаас “Дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулахад тавигдах шаардлага, анхааруулгад тусгах мэдээлэл”-ийг удахгүй батлах гэж байна. Уг журамд заасны дагуу бичлэгийн төхөөрөмж байршуулах хэрэгцээ шаардлагыг байгаа эсэхийг тодорхойлсны үндсэн дээр камер, бусад бичлэгийн төхөөрөмжийг байршуулахыг зөвшөөрнө. 

Бичлэгийн төхөөрөмж, систем нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулахад тавигдах шаардлага, анхааруулгад тусгах мэдээлэл,  ISO/IEC 27001, ISO/IEC 27701 стандартад нийцсэн байх шаардлагатай. Иймд танай байгууллага хяналтын камераа шинэчлэхээр төлөвлөж байгаа бол тэдгээр нь дээрх хууль, журамд тусгасан шаардлагыг хангасныг нотлох баримтаа холбогдох газарт бүрдүүлж өгнө.

Түүнчлэн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 27.6-д зааснаар бичлэгийн төхөөрөмжийн талаарх анхааруулгыг хүмүүст саадгүй харах боломжтойгоор байршуулах, төхөөрөмж байршуулсан зорилго, мэдээлэл хариуцагчийн нэр, холбоо барих мэдээллийг заавал тусгасан байх шаардлагатай. 

8. CCTV (хяналтын камер)-г байршуулахыг хориглосон хэсэг байдаг уу? 

Байгаа. Дараах тохиолдолд дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулах, бичлэгийг ашиглахыг хориглодог. Үүнд:

  • Ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний өрөө (VIP), караокены өрөө, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх, хэвтүүлэн эмчлэх өрөө зэрэг хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршил,

  • Нийтийн зориулалттай орон сууцанд оршин сууж буй айл, өрхийн орох, гарах хэсгийг хамруулан дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулах;

  • Нийтийн зориулалттай орон сууцны орох, гарах нийтийн хэсэг болон дундын эзэмшлийн талбайн дүрс бичлэгийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тараах;

  • Дүрс бичлэгт мэдээллийн эзнээс бусад хүний мэдээлэл байгаа тохиолдолд дүрс бичлэгийг бусдад үзүүлэх, хуулбарлаж өгөх.

Иймд хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдсан байршилд камер байршуулах, бичлэгийг ашиглахыг хуулиар хориглодог. 

Нийтлэлийг бэлтгэсэн: “Өмгөөллийн Эм Ди Эс энд Хаанлекс" ХХН-ийн хуульч, өмгөөлөгч М.Ариунзул


Холбоотой нийтлэлүүд: Хувийн мэдээллээ яг одооноос хамгаалж эхлэх 5 шалтгаан

Онцгой хамгаалалттай "эмзэг мэдээлэл"-ийнхээ талаар та хэр сайн мэдэх вэ?

UB.LIFE-ийн түүхүүд: Хувийн мэдээллээ хамгаалах тухайд хүн бүрд сургамж өгөх 7 түүх

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.