Дэлхий ертөнцийг дуу хөгжимгүйгээр төсөөлөх аргагүй. Дуу хөгжим гэдэг хүн төрөлхтний ойлголцож чадах цорын ганц хэл ч гэгддэг. Хөгжим хүн бүрийн амьдралд онцгой үүрэг гүйцэтгэн, биднийг хүнд хэцүү мөчөө даван туулж, аз жаргалтай мэдрэмжээ бүрэн дүүрэн мэдрэхэд тусалдаг. Хөгжмийн ач холбогдлыг дэлхий дахинд түгээн, хөгжмийг таашаах мэдрэмжийг нэмэгдүүлэхээр дэлхий даяар жил бүрийн зургаадугаар сарын 21-нд Дэлхийн хөгжмийн өдрийг тэмдэглэдэг байна. Энэ өдрийг тохиолдуулан манай гарагийн өнцөг булан бүрд орших 18 улсын уламжлалт дуу хөгжмийн ертөнцөөр аялцгаая.
1. Австрали - Абориген ардын дуу хөгжим
50,000 жилийн түүхтэй Австралийн уугуул иргэдийн дуу нь үр хойчдоо газрын зураг, чиг баримжаа болж, "дууны эгшиг"-ээр дамжуулан өвөг дээдсийнхээ өвөрмөц байдал, удам угсаа, газар нутагтай байнгын холбоог хадгалахад гол үүрэг гүйцэтгэдэг гэж үздэг байна. Аборигенчуудын уламжлалт хөгжим нь хүчтэй хэмнэлтэй бөгөөд "диджериду" гэх хөгжмийн цуурайтсан хөг эгшиг болон "клапситик" аялгуун дээр тогтдог байна.
2. Бразил - Самба, чоро хөгжим
Бразилын хөгжим багт наадмын цуцашгүй эрч хүчээрээ алдартай. Бидний сайн мэдэх самба, чоро хөгжим нь 19-р зууны Рио де жанейро хотод үүсэн хөгжжээ. Тус улсын хамгийн алдартай хөгжимчид Африкийн хүчтэй нөлөө бүхий зүүн хойд Бахиа мужаас гаралтай байдаг аж.
3. Колумб - Кумбиа чуулга
Латин хөгжмийн гүрэн гэгддэг Колумб нь өвөрмөц холимог хөг эгшиг, уянгалаг аялгуу бүхий латин хэмнэлт дуу хөгжимтэй. Үүний нэг болох кумбиа чуулга нь анх Колумбын Атлантын эрэгт цохиур, дууны хамтлаг хэлбэрээр хөгжсөн боловч удалгүй гуулин болон цахилгаан гар зэрэг шинэ багаж хэрэгслээр өргөжин хөгжжээ.
4. Куба - Румба
Латин Америкийн хөгжмийн хамгийн чухал эх сурвалж гэгддэг Кубын үндэсний румба болон сон хөгжмийн хэмнэлээс орчин үеийн салса хөгжим гаралтай. Африк, Европын соёлын өвт Кубын үндэстний румба болон сон хөгжмийн хэмнэл гайхалтай содон, цоглог хөг аялгууг мэдрүүлдэг.
5. Этиоп - Этио-жазз
Уламжлалт Этиопын хөгжмийн "алтан үе" 1960, 1970-аад онд эхэлжээ. Уламжлалт хөгжмийн хэв маягийг барууны орчин үеийн хэв маягтай хослуулан "Этио-жазз" хэмээх сэтгэл хөдөлгөм хослолыг бий болгож, тэгш бус хэмнэлтэй "пентатоник" хэмнэл бүхий дуу хөгжмийг үүсгэжээ.
6. Энэтхэг - Хиндустан
Энэтхэг бол сонгодог рага дуунаас эхлээд Болливудын "бакканалиа" зэрэг бусадтай адилгүй олон төрлийн хөгжмийн урсгалтай орон юм. Энэтхэгийн умард нутгийн Хиндустан, өмнөд нутгийн Карнатик хөгжим нь хийл болон үлээвэр хөгжмийн зэмсэг дээр голчлон тоглож, байгаль эх, шүтлэгийг сануулам "бурханлаг" мэдрэмж төрүүлнэ.
7. Иран - Перс дуу хөгжим
Персийн уламжлалт дуу хөгжим нь ид шидийн, эргэцүүлэн бодох аялгуугаараа соёлын салшгүй үнэт өвд тооцогддог. Сүүлийн жилүүдэд перс дуу хөгжим блюз мэт эрчимтэй тоглогдох хэв шинжийг олжээ. Асар том, голдуу хөдөө орон нутагтай улс учир Ираны зүүн хойд хэсэгт орших бакши нарын туульсаас эхлээд Курд танбур (хоёр гурван чавхдастай урт хүзүүт хуур) хүртэл уламжлалт хөгжим их бий.
8. Ирланд - Кельт хөгжмийн урсгал
Олон жилийн турш үргэлжилсэн ядуурал, өлсгөлөн, цагаачлалын үр дагавар нь Кельт хөгжмийн урсгалыг эх орондоо болон гадаадад түгээхэд ихэд нөлөөлжээ. Хөгжмийн зэмсгийн чуулган, уламжлалт дуу хөгжмүүдэд голдуу Ирландын хүн зоны амьдралыг өгүүлэх аж.
9. Морокко - Хөгжмийн хослолууд
Мороккогийн хаана ч явсан дуу хөгжим эгшиглэж байдаг нь тус улсын дуу хөгжмийн соёлыг даяаршлыг илтгэнэ. Мороккогийн дуу хөгжим өвөрмөц транс хэмнэлтэй бөгөөд жазз, рок, фанк, хип-хоп урсгалуудын нийлбэр тул тун сонирхолтой сонсогдоно.
10. Нигери - жюжу, фүжи
140 сая гаруй хүн амтай, 250 өөр хэлээр ярьдаг Нигерийн хөгжим нь хөрш Гана улстай хамтарсан мэт нэгэн цул болон хөгжжээ. Нигерийн дуучин "King Sunny Ade"-ийн жюжу хөгжимт дуунууд, Йоруба ард түмнийг сануулах фүжи хөгжим нь хамгийн алдартай.
11. Пакистан - Каввали
Каввали гэгддэг Пакистаны исламын шүтлэгт хөгжим нь Пакистаны дуучин Нусрат Фатех Али Ханы үр нөлөөгөөр дэлхий дахинд танигджээ. Энэтхэгийн нэгэн адил шүтлэгт хөгжмүүд нь ихэвчлэн бурханлаг өнгө аястай байдаг аж.
12. Польш - Ардын дуу хөгжим
Дэлхийн 2-р дайны үеэр үндэстний цөөнхийг устгаж, албадан нүүлгэн шилжүүлсэн нь ардын уламжлалыг ноцтой сүйтгэж, устгасан хэдий ч Польшийн дуу хөгжим уг сууриа авч үлдэж чаджээ. Уулсын алслагдсан хэсгийн оршин суугчид уламжлалт хөгжмөө хөгжүүлэн, мазурка, полонез зэрэг бүжгүүдээ гайхалтай дэлгэрүүлсээр байна.
13. Португал - Португалын блюз
Фадо буюу Португалын блюз нь Португалийн үндэсний зан чанар, соёлын тодорхойлолт юм. 19-р зууны үед Лиссабоны ажилчны хорооллоос гарч ирсэн дуучин Амалиа Родригес 1999 онд нас барснаас хойш түүний титмийг дуучин уран бүтээлч Мариза авсан бөгөөд тэрээр фадог дахин сэргээж алдаршуулсан юм.
14. Сенегал - Баобаб найрал хөгжим
1980-аад онд уран бүтээлч Youssou N’Dour, Baaba Maal нар гарч ирснээр дэлхий даяараа Сенегалын дуу хөгжимд анхаарал хандуулах болжээ. Сенегалын хөгжмийг Кубын нөлөөнд автсан хэмээн шүүмжилдэг ч 21-р зуунд Баобаб найрал хөгжим шинэчлэгдэн олныг байлдан дагуулж байна.
15. Өмнөд Африк - Хаус хөгжим
Урт хугацааны зовлон зүдгүүрийг даван туулсан Өмнөд Африкийн дуу хөгжим нь орон нутгийн өвөрмөц, сэтгэл хөдөлгөм хэв маягийг шингээжээ. Хот суурин газруудын хаус хөгжим нь "квайто" гэгддэг орон нутгийн хувилбарт шилжсэн бөгөөд эрч хүчтэй регги, сүмийн дуулал, хип хоп зэрэг баялаг хольцуудтай.
16. Өмнөд Солонгос - Хатгасан ятга
PSY-ийн 2012 оны ‘Gangnam Style’ нь нэг тэрбум хүн үзсэн YouTube-ийн анхны видео болсноор К-поп бүр ч хүчтэйгээр дэлхий даяар тархсан билээ. Өмнөд Солонгосын үндэсний хөгжмийн зэмсэг болох хатгасан ятгатай ардын дуунуудаар тус улсыг төлөөлүүлж ч болох юм.