Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

UB.LIFE-ийн түүхүүд: Эрчүүд, хөвгүүд сэтгэлийн үгээ дайсан нь


Энэ удаагийн түүхээр эрчүүд, хөвгүүд бусдад хэлэхийг хүсдэг сэтгэлийн үгээ хуваалцлаа. Тэд сэтгэлийн үг, сэтгэлийн шархтайгаа нүүр тулан даван туулж, нийгэмд дутуу үнэлэгддэг эрчүүдийн дуу хоолой болон дараах түүхүүдийг дэлгэсэн юм. Та ч бас өөрийн түүхийг сэтгэгдэл хэсэгт үлдээгээрэй <3 


#1 "Богинохон амьдралдаа өөрийн мэдрэмжээ нээлттэй илэрхийлж сэтгэлдээ тээдэг бүхнээ хэлж амьдраасай"

2021 оны зун хөл хорио тавигдаж наадмын амралтаар хөдөөний оюутан би чинь нутаг руугаа яарлаа. Арайхийж замын унаа олоод шөнөжин ээлжилж жолоо барьсаар өглөө нь хүрэх газраа ирсэн юм. Намайг зам дээрээс том машинтай тосно гэсэн найзууд маань байдаггүй. Наршиж унахын даваан дээр мотоциклын дуу хангинаж намайг тосох хүмүүс ирлээ. Багийн найзынхаа ард сундалж суугаад хөдлөв үү үгүй юу нам унтаад өгөв.

Чимээ сонсогдох ч нүд харанхуй. Би сэрснээ мэдэрсэн ч юу болоод байгааг ойлгож өгөхгүй байв. Тэгж нэг юм нүдээ нээхэд ээж минь хажууд ширтээд сууж байх нь тэр. Юу болсныг мэдье гээд босоод алхах гэтэл чадалгүй бүдрээд уначихлаа. Хүмүүс сандралдаж, ээж минь намайг хориглоод байхыг гайхаад харвал би эмнэлэгт хэвтэж байлаа. Учрыг асуувал бид мотоциклтой хөдлөөд хэдхэн юм явсны дараа машинд мөргүүлж осолд орж, эмнэлэгт гурав хонож байгаа гэнэ. Намайг сэрэхэд нүдээ чилтэл нойр хоолгүй хүлээсэн ээж минь хажууд сууж байгаа нь тэр. Ослын дараа хэвтэрт байхад олон юм бодогддог юм билээ. Эр хүн байж ээжийгээ зовоочихлоо гэж сэтгэл зовно, зүгээр босдог байгаадаа гэж өөртөө зовно. Ингээд бодоход эр хүн хал нь гаднаа хайр нь дотроо гэж хад чулуу шиг царайлж явсаар хайртай хүмүүстээ ч хайраа илэрхийлж чадаагүй юм байна гэдгээ ойлгосон. Эрчүүдийгээ богинохон амьдралдаа өөрийн мэдрэмжээ нээлттэй илэрхийлж сэтгэлдээ тээдэг бүхнээ хэлж амьдраасай гэж хүсэж байна. Бас эрүүл мэнд, аюулгүй байдлаа хангаж яваарай.

-Содхүү, 21 настай

#2 "Бидэнд тэврэлт хэрэгтэй бас хайр хэрэгтэй"

Би жендерийн хэвшмэл ойлголтыг эвдэхийг хүсдэг. Нийгэм, уламжлалт заншил ч гэх юм уу нэг тийм баригдмал хэв шинжтэй үйл явц одоо хүртэл байгаа нь толгойны өвчин шиг л санагддаг. Учир нь хүн ямар ч байж болох атал эрэгтэй хүн заавал жудагтай гүндүүгүй байх ёстой, тийм биш бол шууд л дутуу үнэлэгдэх жишээний. Гэтэл тэгж шахах тусам өөрийнхөөрөө байх ямар ч хүсэлгүй болгож эрэгтэй хүнийг дотроос нь идэж байгаа мэт хэцүү санагддаг. Надад ч ийм бэрхшээл цөөнгүй тохиолддог.

Эрэгтэй хүн ил гаргадаггүй уйлж болохгүй мэт. Өөрийгөө илэрхийлж юү хэцүү байгаагаа хэлэх гэхээр "чи шалчигналаа", "эр юм байж", "эр юм уу эм юм уу", "зоригтой байгаач" гэх нь энүүхэнд. Бараг л бүх эрэгтэй хүмүүс сэтгэлийн шархаа энэ мэт зүйлээс болж боож хаагдуулдаг. Ажил хөдөлмөр, хэлэх үг, үзэл бодол,э рх чөлөөг нь муухай хүмүүс үргэлж хүлдэг. Чи өнөөдөр энд тэнд шархтай үнэлэгдэхгүй байгаа ч зүгээр л зоригтой алхаарай. Бид чинь бас хүн шүү дээ. Чи ямар ч байж болно. Өөрийнхөөрөө зүтгээд байгаарай. Нийгмийн дуу хоолой болж бугшсан хана хэрмийг нураацгаая гэж хэлмээр байна миний хувьд. Бидэнд тэврэлт хэрэгтэй бас хайр хэрэгтэй. Зөвхөн л эмэгтэй хүн хүчирхийлүүлдэг, зөвхөн нэг тал нь л хэцүү байдаг бус хүйсээс үл хамааран хүн бүхэн мэдрэмжтэй гэдгийг ойлгоосой. Бүгдээрээ дуу хоолой болж хамтдаа тэмцэж, ирээдүйн гэрэл рүү өөрчлөлт рүү алхацгаая.

-Үдэнбаарай, 26настай

#3 "Хэцүү байвал заавал тэвчих хэрэггүй, эрэгтэй хүн ч бас арчаагүй байж болно"


12-р ангиа төгсөөд гадагшаа сургуульд сурахаар явсан юм. Айл гэрийн ууган хүү, гадаадад хөлөө олчих юм бол дүү нараа ч аваад явчихна гэсэн том ачаатай л хүний нутгийг зорьсон доо. Очоод кинон дээр гардаг шиг л амьдарна гэж бодсон боловч бодит амьдрал тийм байгаагүй. Хөлөө олох байтугай учраа ч олж чадахгүй сүүлдээ бүр сургуульдаа ч явах хүсэлгүй болчихсон. Гэртээ харимаар санагдаж гэр бүлээ санаад одоо бодоход сэтгэл зүйгээрээ нэлээн муудчихсан байж. Өөртөө айл гэрийг авч явах том хүү нь байж ингэж арчаагүй байж болохгүй гэж өдөр бүр хэлдэг байсан ч нэг л болж өгөхгүй байсан. Ээж аавдаа хэцүү байгаагаа мэдэгдүүлэхгүй гэж их л хичээдэг байсан хэдий ч аяндаа мэдчихсэн. Хэцүү байгаагаа хэлчих юм бол итгэлийг нь алдаад амьдрал минь дуусах гэж байгаа юм шиг л санагдаж билээ. Гэхдээ одоо би Монголдоо ирчихсэн гэр бүлтэйгээ аз жаргалтай амьдарч байна. Амьдрал минь дуусаагүй, үргэлжилдгээрээ үргэлжилж байна :) Хэцүү байвал заавал тэвчих хэрэггүй, эрэгтэй хүн ч бас арчаагүй байж болно шүү.  

-20 настай

#4 "Эцэст нь миний амьдрал хэнтэй ч харьцуулагдаж, хэний ч шалгуурт хүрэх албагүйг ойлгосон"

Манай аав бөх хүн юм л даа. Би айлын ганц хүү болохоор эгч болон дүү нараа харж хандах бас аавынхаа урмыг хугалахгүй сайн хүү байх гээд маш их дарамт ирсэн. Эцэг эхийнхээ хүлээлтэд хүрэх хүндхэн шаардлагыг том болох тусмаа улам их мэдэрдэг болсон. Аавын харц өдөр бүр л надаас ямар нэгэн эр шиг мундаг зүйлийг хүлээж буй нь мэдрэгддэг байлаа. Үхчихье гэж бодоогүй ч, тэр дарамтыг тэсэхийн тулд өөрийгөө өвтгөх оролдлого ч хийж байсан. Гэхдээ энэ бүхний эцэст миний амьдрал хэнтэй ч харьцуулагдаж, хэний ч шалгуурт хүрэх албагүйг ойлгосон. Аав ээж маань ч эцэст нь  хүүхэд нь аз жаргалтай байх нь чухал болохоос тэдний хүссэн амьдралаар амьдрах албагүй гэдгийг ойлгож эхэлсэн. Өсвөр нас гэдэг их хүндхэн үе хэдий ч хэцүү санагдсан үедээ энэ бүхэн удахгүй дуусаж амьдралаас илүү олон сайхан зүйлсийг мэдэрнэ гэдэгт битгий эргэлзээрэй.  

- 15 настай

#5 "Хүн ер нь эрэгтэй ч бай эмэгтэй ч бай өндөр нам, бие галбираа сонгож төрдөггүй"

Би их туранхай, жижиг биетэй л дээ. Багаасаа л ийм байсан. Жоохон байхад тийм их тоодоггүй байсан ч өсвөр насанд ангийн охидууд их шоолдог болсон. Шоолдог ч гэж дээ тэд нарт бол зүгээр л хөгжилтэй яриа байсан байх. Гэхдээ надад бол их л хүнд тусдаг байж билээ. “Чи чинь бараг охидуудаас туранхай юм байна, савх шиг хөлтэй юм аа” гээд л. Бүр надад хандаж хэлээгүй байсан ч өөр дээрээ хүлээж авдаг болчихсон. Хамгийн их эмзэглэдэг байсан үг маань “180-аас доошоо өндөртэй эрэгтэйтэй хэн үерхэх юм” гэдэг үг. Би чинь өөрөө 170 хүн шүү дээ. “Үнэхээр л хэн тоох вэ дээ” гэж бодоод сэтгэлээр их унадаг байсан. Жингээ нэмэхээр фитнест явж үзсэн ч миний хийхийг хүссэн зүйл биш юм байна билээ. Ер нь бурхнаас заяасан миний хэзээ ч өөрчилж чадахгүй зүйлийг шүүмжлэх нь өөрөө тэнэг хэрэг гэдгийг ойлгоод одоо тоохгүй сайхан л амьдарч байна даа ;) Хүн ер нь эрэгтэй ч бай эмэгтэй ч бай өндөр нам, бие галбираа сонгож төрдөггүй болохоор битгий шүүмжилж байгаарай. 

-Гантулга, 25 настай

#6 "Гэрийн ажилд хүйс гэж байдаггүй"

Би хоол хийх их дуртай. Гэртээ байнга оройн хоолоо хийж, гэрийн ажлуудаа хийдэг. Энэ талаар ангийнхандаа хэлэхээр охин шиг гээд инээлдээд байдаг. “Андаа, чи чинь бараг гэрийн эзэгтэй юм биш үү” гээд л. Эрэгтэй хүн гэрийн ажил хийж, хоол хийх дуртай байж болдоггүй юм байх даа гэж зөндөө гайхсан. Бас эрэгтэй хүн хог асгаж болдоггүй, гэрийн ажил хийх ёсгүй гэж хамаатны ахаасаа сонсож байсан. Хийморь гэдэг юм нь уначихдаг гэж тайлбарлаж билээ. Би бол хэзээ ч үүнтэй санал нийлэхгүй гэж боддог. Манай гэрт гэрийн ажилд хүйс гэж байдаггүй, аав маань өглөө бүр гарахдаа хогоо аваад гардаг шүү дээ.  

-Эрхэс, 15 настай

Нийтлэлийг бэлтгэсэн: Б.Энхжин

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
2
2024.04.05
UB.LIFE-ийн түүхүүд | Хаврын хайрын баяртай, гунигтай 8 ТҮҮХ
3
2023.11.21
Ub.life-ийн түүхүүд | Аз жаргал авчирсан анхны хадгаламжийн түүхүүд
санал болгох
1
Өчигдөр
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.