Буйр нуурын талбай 615 хавтгай дөрвөлжин километр агаад Монгол орны зүүн бүсийн хамгийн том нуурт тооцогддог. Усны гүн нь дунджаар 6-10 метр боловч хамгийн гүн хэсэгтээ 10-50 метр хүрнэ. Буйр нууранд Халх гол цутгаж, Оршуун гол эх авдаг болохоор эргийн дагуу бургас, нишингэ шигүү ургасан байдаг. Буйр нуур маш цэнгэг устай нуур юм.
Буйр нуур загасаар маш баялаг бөгөөд загасны аж ахуй нь нутгийн ард иргэдийн амьжиргааны гол эх үүсвэр болдог. Энд 32 төрлийн 39 зүйл загас амьдардаг. Булуу цагаан, цурхай, морин загас, амарын сугас, улаан далбаат, өлгөр цагаан, цулбуурт, мөнгөлөг хэлтэг зэрэг загас бий. Мөн зөвхөн энэ нууранд л байх “Улаан ном”-нд бүртгэлтэй “Леандер 1778” хавч амьдардаг.
Эдгээр загаснаас зөвхөн Мөнгөлөг хэлтэг загас ихээр өвчилж хорогдсон байгаа нь тухайн зүйлд дагнан тархах өвчлөл байх магадлал өндөр байгааг илтгэжээ. Өвчилсөн загасны амны орчимд идээт цэврүү гарсан, заламгайн ар талд улайлт цэврүү үүссэн, идээт цэврүү, улаан толбо, биеийн гадаргууд хайрс хооронд улаан толбо үүссэн байна.
Нуурын хорогдсон загас ихээр гарсан хэсгээс буюу "Долоон од" амралт болон Онцгой байдлын амралт орчмын ус, хөрснөөс микробиологийн дээж авахад нэг гр хөрсний дээжид бичил биетний ерөнхий тоо зөвшөөрөгдөх хязгаараас хэтэрсэн, гэдэсний бүлгийн савханцар, өвчин үүсгэгч илэрсэн учраас бохирдол ихтэй байна гэсэн урьдчилсан дүгнэлт гарсныг өнөөдөр БОАЖЯ-наас мэдээллээ.
Гэрэл зургийг: Л.Жаргал