UBLife Logo
Кино

Кино зохиолч Дианна, кино найруулагч Эстер: Зөвхөн монгол кино уран бүтээлчдийн л илэрхийлж чадах түүх бий

Г.Сүрэн
Г.Сүрэн
Кино зохиолч Дианна, кино найруулагч Эстер: Зөвхөн монгол кино уран бүтээлчдийн л илэрхийлж чадах түүх бий

 Кино урлагийн уран бүтээлчдэд зориулсан “Киноны нүүдэл” олон улсын сургалтын хөтөлбөр амжилттай зохион байгуулагдаж буй. Уг хөтөлбөрөөр  Шинэ Зеландын кино найруулагч Эстер Кэйхилл-Чиарони, кино зохиолч Дианна Тейлор тэргүүт чадварлаг зөвлөхүүд монгол кино уран бүтээлчдэд кино зохиол бичих чадавхыг хөгжүүлэх сургалтыг явуулан, дэлхийн уран бүтээлчдийн арга туршлагаас хуваалцсан юм. Тэдэнтэй хөтөлбөр, монгол кино уран бүтээлч, монгол киноны тухай ярилцлаа. 

Эстер Кэйхилл-Чиарони нь “Script to Screen" киноны хөгжүүлэлтийн хөтөлбөрийн гүйцэтгэх захирал,“Том дэлгэцийн симпозиум"-ын хамтран санаачлагч, удирдан чиглүүлэгч бөгөөд олон улсын томоохон кино зохиолын төслүүд, бүтээлч манлайллын хөтөлбөрүүдийг удирдан хэрэгжүүлсэн туршлагатай нэгэн. Харин кино зохиолч Дианна Тейлор нь олон улсын нэр хүндтэй кино наадмуудад сонгогдсон кино бүтээлүүдийн найруулагч юм. Тэрээр сүүлийн 5 жилийн хугацаанд Шинэ Зеландын зохиолчдод хөтөлбөрөөр дамжуулан зөвлөн багшилж иржээ. 

“Киноны нүүдэл” олон улсын сургалтын хөтөлбөрт оролцсон монгол уран бүтээлчид та бүхэнд ямар сэтгэгдэл төрүүлсэн бэ? Уран бүтээлчид хөтөлбөрөөс ямар ур чадвар, үнэ цэнийг олж авсан бол? 

Эстер: 

Уран бүтээлчид хоорондоо танилцан холбоо үүсгэж байгаа нь хөтөлбөрөөс бидний өгч чадах хамгийн чухал зүйл байсан. Нэгнээ таньдаггүй уран бүтээлчид танилцан, хамтын уран бүтээлийн санаагаа хөгжүүлж, нэгнээ уран бүтээлч байдлаар дэмжиж байгааг харах бидэнд урам зориг өгч байсан шүү. Муу зохиолоос сайн кино бүтэх боломжгүй учраас кино зохиолын тал дээр зөвлөлдөн хамтран зөвлөлдөж ажилласан. Сургалтын үеэр хамтаараа хэлэлцэж, зохиолоо хэрхэн хөгжүүлэх тухай санаа бодлоо уралдуулан, санаагаа зохиол болгон бичих, зохиолоо ахин дахин сайжруулах арга барилуудад суралцсан. 

Дианна: 

Бид өмнө нь Монголд ирж байгаагүй учраас монголын соёл уламжлалтай танилцаж, монгол кино уран бүтээлчдийн уран бүтээлээрээ дамжуулан хэлэх гэсэн санаатай танилцсандаа баяртай байна. Зөвхөн монгол уран бүтээлчдийн л илэрхийлж чадах түүх бий. Уран бүтээлчид хөтөлбөрт хамрагдсанаар өөрсдийн түүхийг бодит ажил хэрэг болгох алхмыг тавьж, суралцаж, нөхөрсөг нээлттэйгээр хамтдаа зөвлөлдөж байлаа. Тэдэнд хөдөө нутаг, хот орон гээд амьдралыг олон өнцгөөс харуулсан арвин баялаг түүхүүд бий. Бид өөрсдөө ч суралцаж, зөвхөн заах бус өөрсдийнхөө харах хүрээг тэлсэндээ талархаж байна. 

Эстер, та олон кино уран бүтээлчдийг чиглүүлэн дэмжиж иржээ. Чухам хэрхэн уран бүтээлчдийн зөвлөх болохоор шийдсэн бэ? 

Эстер: 

Би багаасаа кино урлагт дурлан, хайрлаж иржээ. Анх 18 настайдаа Лондонд очоод дундаа гурван цагийн завсарлагаатай бүтэн цагийн ажил хийдэг байхдаа ойрхон нэг кино театр руу гүйж очоод кино үзчихдэг байсан юм (инээв). Үргэлж маш гайхалтай арт кинонууд тэнд гарах учраас өдөр бүр шахуу л очдог болчихсон. Ингээд л кино урлагт дурлан кино зохиол, кино найруулгаар магистрын зэрэг хамгаалсан. Бага багаар одоогийн амьдралдаа орж, өөрөө кино хийхээс илүүтэй кино уран бүтээлчид, тэр дундаа кино зохиолчдод зөвлөх нь миний чадах хамгийн сайн зүйл болохыг ойлгосон. 

Дианна та таван жилийн хугацаанд Fresh Shorts, Show me Shorts, Paerangi зэрэг хөтөлбөрүүдээр уран бүтээлчдэд зөвлөж иржээ. Кино уран бүтээлчдэд юуг хамгийн ихээр зөвлөдөг вэ? 

Дианна:

Би өөрийгөө уран бүтээлчийн оронд тавьж, тэдэнд чухам ямар тусламж хэрэгцээтэй байгааг анзаарч харахыг хичээдэг. Кино уран бүтээлчид нартай уулзаж ярилцахдаа ч санаагаа олж, хөтөлбөрөө баяжуулах нь бий. Энэ хугацаанд сурсан хамгийн чухал зүйл бол “Уран бүтээлчийг зоригтой байх орон зайг нь олгоорой” гэх захиас. Зохиол бичих нь маш их зориг шаарддаг ажил шүү дээ. Зарим уран бүтээлч зориггүйгээс өөртөө байгаа хүч чадлыг харж чаддаггүй. Би тэдний дутуу орон зайг нь нөхөж, зоригтой байх эрх чөлөөг нь олгодог төдий.

Монгол кино уран бүтээлчдэд ямар сэдэв ур чадварын хичээлүүд илүү хэрэгцээтэй, үр өгөөжтэй байсан бэ? 

Эстер:

Монгол уран бүтээлчид маш гүн гүнзгий, олон гайхалтай санааг уран бүтээл болгохоор зорьж буйг бид харсан. Дүрийн хөгжүүлэлт, зохиол бичих, өгүүлэмж зэрэг сэдвийг уран бүтээлчид их сонирхож байсан. Жишээ нь, зохиолчийн үүднээс маш их уй гунигт автсан дүрийг илэрхийлэхийн тулд өөрийнхөө хамгийн хүнд гунигтай цаг үеэ санагалзах хэрэгтэй гэх мэт энгийн зүйлээс эхлээд хүнд хүртэл нь арга барилуудыг уран бүтээлчид эзэмших хэрэгтэй болдог. 

Дианна: 

Зөвхөн монгол гэлтгүй олон улсын кино уран бүтээлч бүрт (надад ч бас) эхэн үед тулгамддаг бэрхшээл нь зохиолынхоо араг ясыг босгох явдал юм. Олон чимэг санаагаар киногоо хөгжүүлж болох ч гол араг яс нь хүчирхэг бус бол эцэстээ чанаргүй бүтээл болдог. Тэгэхээр хөгжүүлэлтийн явц дундаа араг яс болсон гол санаа, үндсэн зохиолоо алдахгүй байх нь чухал болохыг хамгийн их зөвлөж байлаа. 

Та бүхэн монгол кинонуудаас үзсэн үү? Сэтгэлд хоногшсон киногоо нэрлээч? 

Бид Монголд ирэхээсээ өмнө Шинэ Зеландын олон улсын кино наадмын үеэр найруулагч П.Золжаргалын “Баавгай болохсон” киног үзсэн. Маш гайхалтай кино. Үзсэнийхээ дараа Монголд ирэхэд их өвөрмөц сэтгэгдэл төрсөн. Илүү олон монгол кино үзэхийг хүсэж байгаа ч цахимаар англи хадмалтай олох хэцүү байдаг шүү. Цаашид илүү олон чанартай монгол бүтээлүүд хадмалтай, орчуулгатайгаар олон улсын үзэгчдэд хүрээсэй гэж хүсэж байна. 

Олон улсын үзэгчид “Монгол кино” гэх ойлголтыг хөдөө тал нутаг, морь мал, нүүдэлчдийн соёлоор төсөөлдөг ч юм шиг та бүхэнд санагддаг уу? 

Дианна:

Тийм шүү. Маш зөв сэдэв. Дэлхий дахин Монголын тухай киног хүлээж байна. Яагаад Улаанбаатар хотод амьдардаг энгийн нэг таксины жолооч ч юм уу, өөр хэн нэгний тухай гайхалтай кино байж болохгүй гэж? Монгол бол олон гайхалтай түүхүүдийг өгүүлэх боломжтой өөрийн гэсэн онцлогтой маш өвөрмөц улс. 

Эстер: 

Монгол уран бүтээлчдэд цагаахан атаархаж байсан нь тэдэнд гайхалтай кино болгох боломжтой олон зууны түүхт соёл байна. Уламжлалаа алдаж мартах нь хэчнээн гунигтайг хувь хүний үүднээс бид сайн мэднэ. Кино бүтээхдээ ч бид (Шинэ Зеландад) өөрсдийн хэлээр бус англи хэлээр бүтээдэг шүү дээ. Шинэ Зеландын уугуул маори хүмүүс ховордож, үүнийгээ дагаад уламжлал нь ч алдагдаж байгаа. Маори хүмүүсийн тухай гайхалтай, хүчирхэг, амжилттай кино бүтээсэн уран бүтээлчид цөөнгүй ч хангалттай болоогүй л байна. Тиймээс ч монгол уламжлал, нүүдэлчдийн тухай илүү их кино бүтээхийг би "байдаг л нэг кино" болно гэж бодохгүй байна. 

Монгол кино уран бүтээлчдээс та бүхэн ямар амжилт хүлээж байна? 

Монгол киног олон улсын кино наадмуудаар үзэхсэн гэх хүсэл хүлээлт маш их байна. Бид хөтөлбөрийн үеэр монгол уран бүтээлчид олон улсын кино наадмуудыг зорих хүсэл тэмүүлэлтэй буйг анзаарсан. Тиймээс ч удахгүй дэлхийн тавцан гарах монгол кино бүтээл олон болно гэдэгт итгэл дүүрэн байна. Энэ дашрамд, уран бүтээлчдийг чадавхжуулахаар хөтөлбөрийг зохион байгуулсан “Киноны нүүдэл” болон “Монголын кино урлагийг дэмжих сан” зэрэг байгууллагууд, хүмүүсийн туслалцаанд талархал илэрхийлье. 

Баярлалаа. 


"Монголын кино дэлхийн зах зээлд гарах боломж" чуулга уулзалт энэ сарын 25-нд болох гэж байна. Та зурган дээр даран дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. 

Фэйсбүүк: Film Nomad / Киноны нүүдэл

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.