Монгол болон Япон улсад зураг авалтыг нь хийсэн "Vivant" цуврал кино яг одоо Япон улсын телевизээр ням гараг бүр цацагдан хамгийн их хүлээлт, үзэлттэй цувралуудын нэг болоод байна. Балка хэмээх уран сайхны зохиомол хотод үйл явдал нь өрнөх "Vivant" киноны тухай сонирхолтой баримтуудыг хүргэе.
"Vivant" олон ангит уран сайхны киноны бүх анги Юнивишнийн Ази багцад орсон байгаа шүү. Яг одоо ч бүх ангийг нь үзэж болох нь ээ. Эхлүүлсэн л бол дуусгамааргүй сэтгэл догдлуулсан бүтээл байх болно
#1 Үзэгчдийг байлдан дагуулж буй кино
Уг кино кино үзэгчдийн IMDb платформд 7.3 оноотой байгаа бол ази киноны Asianwiki сүлжээнд 91 хувийн өндөр үнэлгээ авчээ. Кино долдугаар сард нээлтээ хийсэн даруйдаа Японы үзэгчдийн өндөр хүлээлттэй цувралын нэг болж, жүжигчин Б.Барслхагва "Чингэс" нэртэй цагдаагийн ажилтны өвөрмөц содон дүрийг чадварлаг бүтээсэн нь үзэгчдийн анхаарлыг татаад байна.
#2 Гучаад монгол жүжигчдийн дүр бүтээсэн анхны япон кино
Б.Барслхагва, Г.Эрхэмбаяр, Х.Цасчихэр, Х.Нандин-Эрдэнэ тэргүүтэй 20 гаруй монгол жүжигчид уг кинонд дүр бүтээсэн бол 10 гаруй монгол жүжигчин орлон тоглогчоор оролцжээ. Кинонд нийт хоёр орны 3000 гаруй хүн оролцсон бөгөөд Монголын зураг авалтад 210 гаруй хүн оролцон ажиллажээ.

#3 Алдартай япон жүжигчдийн бүтээл
Японы Сакай Масато, Абэ Хироши, Якүшо Коожи, Аи Инума зэрэг Японы алдартай жүжигчид гол дүрүүдэд тогложээ. Жүжигчин Якүшо Коожи нь энэ оны Канны олон улсын кино наадмаас "Perfect Days" киноны дүрээрээ шилдэг эрэгтэй жүжигчний шагнал хүртсэн билээ. #4 "Vivant" нь Японы найруулагч Кацуо Фукузава, Йохэй Миязаки, Акико Като нарын хамтарсан уран бүтээл юм.
Найруулагч Кацуо Фукузавагийн "Whistleblower", "The Crimes That Bind" зэрэг УСК болон "Dragon Sakura", "Naoki Hanzawa" зэрэг цувралууд нь үзэгчдээс өндөр үнэлгээ авчээ.

#5 Гол дүр болох Жамъяны дүрд монголын залуу жүжигчин Нандин-Эрдэнэ охин тоглосон бөгөөд 105 хүүхдээс 4 удаагийн сонгон шалгаруулалтад оролцон тэнцсэн гэнэ шүү.


#6 "Vivant" киноны зураг авалт нийт 67 хоногийн турш үргэлжилжээ.

Дархан хотын зураг авалтын үеэр 60 орчим машин ашигласан бөгөөд нэлээдгүй их хэмжээний мөнгийг зарцуулсан байна.

#7 Сошиал сүлжээгээр "Монгол-Японы хамтарсан кино" гэх мэдээлэл их гарсан ч үгүй аж. Япон талаас киног хийх санааг гаргаж, Монгол дахь зураг авалтыг "Nomadia Pictures"-тэй хамтран зохион байгуулжээ.

#8 Сэтгэл донсолгох цуврал бүтээл
Японы оффисын ажилтан хамтран ажилладаг компани руугаа нэг орон андууран бичээд их хэмжээний мөнгө шилжүүлж, улмаар мөнгөө олж авахаар зохиомол Балка улсыг зорьж буйгаар киноны үйл явдал эхэлнэ. Элсэн цөлд орхигдох, хотод төөрөх зэргээр будилан явсаар, цагдаа нар ч араас хөөсөөр адал явдал өрнөх аж.
#9 Монголын үзэсгэлэнт байгаль ба Улаанбаатар хотоо "өөр нүдээр" тольдох нь
Монгол Улс дахь зураг авалт Дархан, Налайх, Дундговь аймгийн Их газрын чулуу, Хэнтий, Улаанбаатар хотод хийгджээ. Цувралаас эх орныхоо үзэсгэлэнт байгаль, элсэн цөлөөс эхлээд хотын түгжрэл, Улаанбаатарын амьдралыг ч тольдож болно. Зарим хэсгүүдэд бодит эффект болон компьютер график ашигласан бол зарим хэсгүүдээс бид өдөр тутмын амьдралаа ч харах нь ээ.


