Японы Нихон телевизийн “Шөнө дундын ой” нэвтрүүлэг тусгай дугаараа Монголд бэлтгэж, энэ сарын 20-нд үзэгчиддээ хүргэлээ.
Тус нэвтрүүлгийг манай НТВ телевизийн уран бүтээлчид хийсэн бөгөөд Нихон телевиз мөн НТВ гэсэн нэртэйгээс хамтын ажиллагаагаа эхлүүлжээ. Нэвтрүүлгийг Японы алдартай хошин шогийн жүжигчин Гэкидан Хитори хөтөлж, дуучин Нара, бизнес эрхлэгч Томока нар оролцсон байна.
Япончуудын сонирхсон асуулт нь “Монголын урлагийн ертөнцийн орлого”, “Телевизүүд хэрхэн ажилладаг”, “Цэнгээнт нэвтрүүлгээ яаж хийдэг вэ”, “Монголд хамгийн алдартай япон хүн” байлаа. Хоёр зочин энэ талаар дэлгэрэнгүй ярьж, япончууд ихэд гайхаж байсан байна. Жишээ нь, тэд яагаад дуучин, жүжигчид үнэгүй телевизийн нэвтрүүлэгт ордогт итгэж өгөхгүй байсан гэнэ. Нара энэ асуултад “Мөнгө авахгүй ч хүмүүст танигдахын тулд нэвтрүүлэгт ордог. Гэхдээ саяхнаас Монголын телевизүүд цэнгээнт нэвтрүүлэгт орохоор мөнгө төлдөг болсон” гэж хариулжээ.

