Netflix-ийн шинэ цуврал Squid Game: The Challenge реалити шоунд оролцогчдоос хоёр хүн зураг авалтын үеэр гэмтэл авсан бөгөөд шүүхэд хандана гэдгээ илэрхийлжээ.
Их Британид төвтэй "Express Solicitors" хуулийн фирмд одоогоор ямар нэгэн нэхэмжлэл ирээгүй гэж мэдэгдсэн ч шоуны продакшн болох Studio Lambert-д хуулийн дагуу арга хэмжээ авч эхэлсэн байна.
Тэмцээний эхний сорилт болох "Улаан гэрэл, ногоон гэрэл"-ийн үеэр оролцогчид хөдөлгөөн илрүүлэгч роботод хөдөлгөөн мэдрүүлэхгүйгээр барианы шугам руу уралддаг. Аварга робот хүүхэлдэйг цааш харсан үед гүйж, толгой нь эргэж харах үед оролцогчид хөдөлгөөнгүй зогсох ёстой.

Express Solicitors компанийн ослын мэргэжилтэн Дэвид Слэйд хэлэхдээ хүйтэн цаг агаарт олон цагаар хөдөлгөөнгүй зогсож, бөхийсний улмаас хоёр оролцогчийн бие тавгүйтсэн байна. Мөн оролцогчдын өмсдөг ногоон өмсгөл нь хүйтнээс хамгаалахуйц биш байсан талаар дурьдсан байна.
"Тэд шоу нэвтрүүлэг хийх нэрийн дор аюулгүй байдлыг тооцоолоогүй. Продакшнууд шоу нэвтрүүлэг хийхдээ аюулгүй байдлын стандартыг баримталж, оролцогчдын аюулгүй байдлыг хангах ёстой."
Тэмцээний эхний шат Английн Бедфорд дахь Кардингтон студид болсон. Зураг авалтын үеэр агаарын температур "маш хүйтэн" байсан. Ажилтнууд завсарлагааны үеэр оролцогчдод зориулж гар халаагуур тарааж, майхантай талбайд халаагч байрлуулсан гэж Netflix-ийн шүтэн бишрэгчдийн вэбсайт болох Tudum мэдээлсэн байна.
Шоуны хэвлэлийн төлөөлөгч оролцогчдынхоо аюулгүй байдалд маш их анхаарч ажилласан талаар мэдээллэсэн байна.
Энэ оны эхээр Netflix шоуны зураг авалтын үеэр гурван хүн эмнэлгийн тусламж авсан гэдгийг баталсан ч ноцтой гэмтэл аваагүй байна.
Netflix компаний зүгээс CNN-д өгсөн мэдэгдэлдээ "Бид оролцогчид болон багийн гишүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарал хандуулж, шаардлагатай хөрөнгө оруулалт хийсэн. Зураг авалтын талбай маш хүйтэн байсан. Оролцогчид үүнд бэлэн байсан тул ноцтой гэмтэл авсан гэх мэдээлэл худлаа." гэж хэлсэн байна.
Энэхүү реалити тэмцээнийг Өмнөд Солонгосын хит болсон "Squid Game" цувралаас санаа авч хийсэн. Уг кинонд амьдралын боломж муу, мөнгө хэрэгтэй хүмүүсийг сонгож оруулдаг ба баяжих эсвэл үхэх хоёр сонголттой нүүр тулгардаг. Энэхүү цуврал кино нь дэлхий даяар шуугиан тарьсан бөгөөд Netflix-ийн хамгийн их үзэлттэй цуврал болжээ.

Нэвтрүүлгийн үеэр нас барж буй үзэгдэл нь хуурамч бөгөөд хасагдсан оролцогчийн хантаазанд хар бэх асгардаг. Ялагч 4.56 сая долларын хонжвор авах бөгөөд хамгийн өндөр мөнгөн шагналтай тоглоом юм.
Squid Game цуврал кинонд гардагтай адил тоглоомуудыг реалити тэмцээнд орж буй 456 тоглогч биелүүлэх ёстой.
Реалити шоуны эхний таван анги өнгөрсөн долоо хоногт орсон бол дараагийн дөрвөн анги энэ лхагва гарагт орох төлөвтэй байна.